Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийд › Мүжигэ далайн хар салхи Хайнань мужийг дайрч байна

Мүжигэ далайн хар салхи Хайнань мужийг дайрч байна

Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө Мүжигэ далайн хар салхи БНХАУ-ын өмнөд хэсгийн Хайнань мужийн Венчань хотыг дайрч, тухайн бүсэд хүчтэй салхилж эхлээд байна. Мөн далайн хүчтэй давалгаа болон усархаг бороо тус хотод орж эхлээд байна. Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас иргэд хохирсон хэрэг бүртгэгдээгүй байна.Мүжигэ хар салхи эхлэхээс өмнө Хайнань мужийн Бэйган арлын оршин суугчдыг орон нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлсэн байна. Хайнань мужтай зэрэгцэн оршдог Гуандун мужийн ус, цаг уурын шинжилгээний албанаас Мүжигэ хар салхи тус мужийн Занжиан хотыг чиглэн ирж, удалгүй Лэйжоу арлыг дайрна хэмээн мэдэгдсэн байна. Гуандун мужид 38900 орчим загасчдын завь болон усан онгоцыг эрэгт нь буцаасан байна. Мөн тус мужийн албанаас далай, тэнгист хийгдэх аялал, зугаалгын шинж чанартай арга хэмжээг бүгдийг нь цуцлахыг үүрэг болгосон байна. Мүжигэ далайн хар салхи өнөөдөр оройдоо Хятадын өмнөд хэсгийн Гуаньси Жуан автономит бүсийг дайран өнгөрөх юм байна. Тухайн бүсэд ч мөн загасчдын усан онгоцууд, завийг эрэгт нь буцааж, мөн газар тариалан эрхлэгчдэд ургацаа хамгаалахыг анхааруулсан байна. Харин тус улсын Үндэсний цаг уурын албаны газраас Мүжигэ далайн хар салхийг асар их хохирол учруулж магадгүй хэмээн дүгнэж, онц аюултай түвшний анхааруулгыг цацаж байснаа зогсоожээ.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ