Гватемал: Хөрс гулссаны улмаас 20 гаруй хүн амь эрсэдлээ
Гватемал хотоос 15 км-т байдаг Кэмбрэй 2 нэртэй газарт хөрс гулссан байна. Сайн дурынхан болон аврагчид хөрсөнд дарагдаж сураггүй алга болсон иргэдийг эрж хайсаар байгаа юм. Одоогийн байдлаар 20 гаруй иргэн амь насаа алдаад байна. Энэ тоо цаашид нэмэгдэж ч болзошгүй юм. Учир нь Гватемалын онц байдалтай тэмцэх газраас 600 хүн сураггүй болсон байж магадгүй гэсэн мэдээллийг өгчээ.
Өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригаас хойш орсон ширүүн борооны дараа хөрс зөөлөрч гулссан байна. Олон арван айлын байшин хөрс шороонд булагджээ. Цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас 40 орчим хүн бэртэж гэмтээд байна.
Баасан гаригийн орой цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан хайгуулын ажлыг түр зогсоосон байна. Сураггүй байгаа иргэдийн ар гэрийнхэн дуудлага хүлээн утсаа чагнаж байна. Нэг эрэгтэйг хөрсөнд дарагдсанаас нь хойш 15 цагийн дараа эсэн мэнд аварчээ.
