Архиваас · Нийгэм

Гал түймрийн 70-80 хувь нь гэр хороололд гардаг

· UBS.mn

Гал түймрийн 70-80 хувь нь гэр хороололд гардаг

4

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ой хээрийн 5 түймэр гарсан бөгөөд түймэр гарах үндсэн 3 хүчин зүйл байгааг салбарыхан онцолж байна. Үүнд цаг агаарын хуурайшилт, хуримтлагдсан хагд өвс, хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаа зэрэг юм. Иргэдийн буруутай үйлдлээс үүдэлтэй гал түймрийн дуудлага 80-90 хувийг эзэлж байгаа бөгөөд 70-80 хувь нь гэр хороололд гарч байна.Хог хаядлын тухай хуульд хуримтлагдсан хог хаядлыг шатаахгүй байх талаар тусгагдсан байдаг ч иргэд үүнийг төдийлөн сайн мэддэггүй. Мөн хог, хогийн сувгийг шатаасан иргэнд 5-30 мянган төгрөг, албан тушаалтанд 30-60 мянга, албан байгууллагад 250 мянга хүртлэх төгрөгийн мөнгөн торгуул тавьдаг. Өнгөрсөн онд 60 орчим сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан ч энэ нь тийм ч оновчтой арга биш гэдгийг албаныхан хэллээ. Учир нь иргэд 5-10 мянган төгрөг өгөөд торгуулаад л өнгөрдөг бөгөөд ихэнх нь торгуулын мөнгөө төлөх боломжгүй байдаг гэнэ. Тиймээс албадан болон олон нийтэд тустай ажил хийлгэх зэрэг байдлаар шийдэх шаардлагатай байгааг онцолсон юм.2012 онд хог хаягдал шатааснаас үүдсэн галын дуудлага 623 байсан бол 2013 онд 826 болж өссөн байна. Энэ нь агаарын бохирдол үүсгэх, эд хөрөнгөөрөө хохирох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа юм. Харамсалтай нь иргэд үүнийг төдийлөн сайн ухамсарлахгүй байгаагийн нэг тод жишээг дээрх тооноос харж болно. Он гарснаас хойш галын ослоор 25 хүн нас барсан бөгөөд 5 нь хүүхэд байжээ. Мөн 8 хүн гэмтэж бэртсэн байна.