Бага насны хүүхэд амьсгалын замын өвчлөлд өртөх нь ихэсчээ.
Дэлхий нийтэд бага насны хүүхдийн нас баралтын шалтгаан нь амьсгалын замын өвчлөл, суулгалт хоёр байдаг байна. Манай орны хувьд энэ төрлийн өвчлөл өндөр байдаг бөгөөд үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс цөөнгүй бий. Амьсгалын замын өвчлөл сэрүүний улиралд нэмэгддэг бөгөөд энэ нь утаа, тоосжилт зэрэг агаарын бохирдолтой холбоотойгоор үүсдэг байна. Амьсгалын замын өвчлөлд ихэвчлэн бага насны хүүхэд өртдөг бөгөөд судалгаанаас үзэхэд 1-4 насны хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тухайлбал нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт амьсгалын замын өвчлөл харьцангүй өндөр түвшинд байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хоногт үзүүлж байгаа хүүхдийн 50 гаруй хувь нь амьсгалын замын ямар нэг өөрчлөлттэй болох нь тогтоогдоод байнаа. Хэдийгээр агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлийн гол шалтгаан болж байгаа ч эцэг эхчүүдээс хамаарч байгаа зүйл ч цөөнгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл бохир орчинд байлгах, хувийн ариун цэвэрээ сайтар сахиагүй зэрэг ч нөлөөлдөг байна.
Бага насны хүүхдийг амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд эмч мэргэжилтний оролцоо чухал ч эцэг эхчүүдийн ороцлоо хамгийн чухал нөлөөтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ цэвэр агаарт тогтмол гаргаж хэвших, өрөө тасалгааны ариун цэврийг сайтар сахих нь хүүхэд эрүүл өсөн торних үндэс болдогийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн хүүхдийн сайтар хооллож байх нь өвчлөл үүсэхээс сэргийлдэг байна. Мөн эмчийн зааваргүйгээр элдэв төрлийн эмч өгөх нь тохиромжгүй гэдгийг ч эмч нар санууллаа.