Жилд дунджаар 130-140 мянган хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүлжүүлэгддэг
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиар бол архи уусан хүн бүрийг эрүүлжүүлэх байранд хүргэдэггүй. Өөрийн үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтож, гэр бүлийнхнийхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хаана байгаагаа мэдэхгүй гудамж, талбай, олон нийтийн газар ухаангүй унасан хүмүүсийг аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирдаг. Гэтэл өнөөдөр манай улсад л архи уусан л бол эрүүлжүүлэх байр руу аваачдаг гэсэн ойлголт байдаг. Олон улсад энэ зарчмыг халаад удаж байна. Учир нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас архинд донтохыг нэг төрлийн өвчин гэж үздэг тул тухайн улсын эрүүл мэндийн байгууллага нь тэднийг эрүүлжүүлэх үүрэг хүлээдэг гэнэ. Тийм ч учраас энэ оны 1-р сарын 1-нээс эрүүлжүүлэгдэх хүмүүсийг цагдаагийн газар бус эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр болсон юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх хууль зүйн яам, эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг дөнгөж 10аад хоногийн өмнө байгуулагдсан байна.
Эрүүл мэндийн яамны сайдын зүгээс тус салбар руу эрүүлжүүлэх байрыг шилжүүлж байгаад ямар ч бэлтгэлгүй гэдгээ хэлж байгаа юм. Эмч нар ч Архины хордлого тайлах, эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авдаг болохоос биш бид согтуу хүмүүсийг эрүүлжүүлж дийлэхгүй гэдгээ дуулгаж байна. Тухайн хуулинд зааснаар “цагдаагийн алба хаагч” гэснийг “түргэн тусламжийн төвийн ажилтан, эрүүлжүүлэх байрны ажилтан” гэж өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн байгууллагад хариуцуулж, цагдаагаас салгаж байгаа аж. Үүнээс бусад бүх зүйл заалт нь хуучин хэвээрээ, ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.
Нэгэнт батлагдсан хуулийн араас бэлтгэлгүй байгаа асуудал ярих нь утгагүй ч гэлээ согтууруулах ундаа уучихаад мөрөөрөө яваа нэгнийг манай эрүүлжүүлэх байрнууд цагдан хорьдог үзэгдэл мэр сэр гардаг. Үүнийг л эхний ээлжинд зохицуулж эрүүл мэндийн нэгдлүүдэд даалгаж өгчихөөд, эмч нар дийлэх боломжгүй согтууран мансуурсан хүнийг цагдаагийн байгууллага руу шилжүүлэх шаардлагатай юм. Одоо бол хуулийн хэрэгжих хугацаа эхэлчихсэн, хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал л үлдлээ.