Архиваас · Нийгэм

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж орон нутагт байгаль орчны асуудал ямар байгаа талаар хэлэлцлээ

UBS.mn

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж орон нутагт байгаль орчны асуудал ямар байгаа талаар хэлэлцлээ

Зөвлөгөөнөөр Монгол орны байгаль орчны салбарын бүхий л асуудлыг хэлэлцсэн. Энэ дундаа ой мод, уул уурхай, гадаргын болон гүний усны хүрэлцээ нөөцтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм. Усны тухайд гэвэл сүүлийн үед манай улсад үүссэн ган гачигийн үр нөлөөгөөр гадаргын олон арван нуур, гол горхи, булаг шанд ширгэж үгүй болсон. Ийм гамшиг хамгийн их болсон нутаг бол говийн бүсийн нутгууд юм. Зөвхөн Өмнөговь аймагт л гэхэд 1980-аад оны үед хийсэн гадаргын усны тооллогоор 500 гаруй нуур цөөрөм, булаг шанд, гол горхи байсан гэх тоо гарч байсан. Тэгвэл хоёр жилийн өмнөх тооллогоор 200 гаруй нуур цөөрөм, гол горхи нь ширгэж үгүй болсон гэх мэдээлэл гарч байна. Энэ бүхэн нь уул уурхай, хүний буруутай үйлдлээс улбаатай байгалийн гамшиг юм. Харин хангайн бүс нутаг тэр дундаа Ховд, Увс, Архангай гэх мэт аймгуудад иймэрхүү гамшиг харьцангуй бага байна. Гэхдээ гадаргын усны түвшин багасаж байгаа гэх мэдээлэл байсаар байна. Хамгийн гол нь хангайн бүс нутгийн гадаргын усны хувьд бохирдлын асуудал хамгийн хүнд болоод байгаа гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.Туул голын сав газар тэр дундаа нийслэл орчмын гадаргын усны асуудал жилээс жилд хүндэрсээр байгаа. Уг нь бол Монгол улс өнөөдөр нийт усны хэрэглээнийхээ 80 хувийг гадаргын уснаас, 20 хувийг гүний усны нөөцнөөсөө авч ашиглахаар төлөвлөсөн. Гэвч бодит байдал дээр энэ төлөвлөгөө эсрэгээрээ хэрэгжиж байна. Ийнхүү өнөөдөр болсон Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн орон нутгийн байгаль орчны газрын дарга, байгаль хамгаалагч, байцаагч, мэргэжлийн хүмүүсийн саналыг сонссон, зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон зөвлөгөөн болж өндөрлөлөө.