Тэнэж одсон "БИ"-гээ ол!
Заримдаа танд "Би хэн бэ?" хэмээн өөрөө өөртөө асуулт тавих үе тулгарч байсан уу? Зурвас ч болов ийм бодол бодогдож байсан бол яг энэ үедээ өөртөө дүгнэлт хийх гээд хичээгээд үзээрэй. Таны тархи сэтгэхүй, сэрэхүй тань өөртөө цэвэрлэгээ хийхийг шаардаж буй нь энэ юм.
Хүн гэдэг өөрчлөгдөж хувьсаж, долоон өнгийн солонгоос ч илүү олон өнгийг ялгаруулж чадах өвөрмөц ертөнц. Байгаль дэлхийн гайхамшиг солонгын өнгө нүд баясгаж, сэтгэл зүрхийг сэргээдэг бол хүний олон өнгө хүсэшгүй муу муухайн илэрхийлэл болох нь бий. Та, чи, бидний хэн нь ч эхийн ариун хэвлээс унаж, амьдралын мууд хутгалдаагүй байхдаа л цор ганц өнгөтэй, тэр нь дэндүү өнгөлөг тод гэрэлтэй байдаг. Харин төгсгөл нь үл мэдэгдэм амьдралын урт удаан замд хөл тавьж, бартаа саадад тулж, бүдэрч, унаж, босох бүртээ л өөртөө өөр нэгэн өнгө нэмсээр буйгаа анзаардаггүй. Ингээд л өөрт нэмэгдсэн өнгүүдээ аав ээж, хань ижил, анд нөхөд гээд зүг бүрт зав чөлөөгүй цацаж эхэлнэ.
Өөрөө л сайн сайхан амьдрахын тулд өөдөө өгсөх шатны гишгүүрийг өөр нэгнээр орлуулж, хамаг хүч тамирыг нь барчихаад хойно нь хамаг гавьяаг нь хүртэх нэгний хувиршгүй нэгэн тод өнгө.
Амьдрал гэдэг хүссэнээр байтугай хэлснээр ч болдоггүй, ам гарахад бэрх хорвоо. Бусдын ямар амьдралыг туулсан, яг одоох инээмсэглэлийн ард ямар амьдрал байгааг анзаарч мэдээгүй, ойлгож ухаараагүй хэрнээ ам дүүрэн муулж ярих атгаг санаатнууд бас нэгэн хорон өнгө. Амьдран буй энэ л ертөнцийн эд юмс бүхэн ээлж дараатай, эргэх хуультай гэдгийг эртхэн ойлгож ухаарах нь жам ертөнцийн үйлдэл гэвч эргэж ухаарагсад даанч ховор.
Үнэ цэнэ гэдгийн утга учрыг өөр өөрийнхөөрөө тайлагсдын үлэмж хэсэг нь баян тансаг амьдрал, алдар нэр, эрх мэдэл хэмээн эндүүрнэ. Өөрсдийн хийсэн энэхүү гаргалгаанд хэт их итгэгсэд хэтдээ албан тушаалын төлөө хэнээрхэн тэмцэж хүнээ байна. Бусдыг далдуур муулж, хийсэн бүхнийг нь үгүйсгэж, би л чадах мэтээр цээж дэлдэж, тушаалтан сэтэртэнгүүдэд сэм аажуу бус сиймхий гарах бүрт бялдуучилна. Хоол горьдон долгомцох нохой мэт үйлдэлдээ ахиу “яс” авч чадсан ч үнэнч бус чадварыг нь ухаарч хөөгдөх агшин өмнөө байгаа ангалыг харанхуй бусдын өмнөх жижигхэн чулуунд анхаарал хандуулах үлгэртэн өөр нэгэн жишиг өнгө.
Өөртөө байхгүй бүхэнд бусдыг буруутгаж, дээрээ байгааг зулгаан татаж, доор байгаагаа гишгэчин дарлаж, хаа тааралдсандаа атаархаж, хаа хамаагүйд бухимдан уурлаж, ам гэдгийг зоргоор тавьж, хамаа намаагүй бусдыг муулагсад хүсэшгүй өнгө.
Зовсон, задарсан, зориг алдарсан бүхэндээ дэргэдээ байхыг аминчлан гуйсан ч дээр нь нөмөрсөн хар үүл мэт зовлон бүхэн арилах цагт хань болон үнэнч үлдсэн хөөрхий анд хөсөр хаягдах. Сайн андын үнэнч нөхөрлөл саар саднаас үнэ илүү гэдгийг дэндүү хойно ойлгогсод тэсгэл алдам хурц өнгө.
Өчүүхэн жижиг өт хорхойноос авахуулаад үлэмж биет араатан амьтан хүртэл өч төчнөөн амьд биесийг агуулсан хорвоод хүний заяаг олж төрнө гэдэг харьцуулашгүй агуу аз завшаан. Харин өөрийн сайнд бүрэлдэн бий болж, өөрөө өөрийгөө тэтгэн өсгөж, өндийлгөсөн мэт өөдгүй увайгүй хар сэтгэлтэнгүүд хажуунаас эхлээд хаа сайгүй. Чиний бие энэ хорвоод төрөх удмын биелэл өвөг дээдсээсээ өршөөл энэрэл гуйж өдөр шөнөгүй залбирах нь бүү хэл өсгөж өндийлгөсөн эцэг эхдээ “баярлалаа” хэмээн өөдтэйхөн хэлж үзээгүй өт шавьжнаас дор сэтгэлтэнгүүд үзэшгүй муухай нэгэн өнгө.
Хүний хорвоог ганцаар туулах байсан бол бурхан биднийг хосоор амьдруулах гэж юунд тэмүүлэх билээ. Хоёр биед заяасан хослон жаргах нандин бүхнээ буруу бүхнээр ашиглан дэргэдэхээ жанчин зовоогсод. Өөрт байгаагаа хайрлаж, халамжилж чадахгүй мөртлөө бусдад өлөн нүд бэлчээн буруу зөвгүй будилагсад бусармаг саарал өнгө.
Энэ мэтчилэн дурдаад байвал хүн хэмээх бодгалиас хэчнээн янзын өнгө тодрохыг хэлж тоочих бэрх. Хүн та тааралдсан бүхэндээ уусан хувирдаг хамелион хэмээх амьтан биш. Нэг л өнгөөр тод гялалзаж, насаараа түүндээ үнэнч бай. Нэг өнгөтэй байлаа гээд уруу доожоогүй болчихгүй, нэг л зантай байхыг тань одоо үнэлэхгүй байвч хожим үнэ нь тодорно.
Байгаль олон өнгөтэй байх тусмаа үзэсгэлэнтэй, харин хүн та цор ганцхан өнгөтэй байх тусмаа илүү үнэ цэнэтэй байх юм шүү. Тэнэж одсон “БИ” тань хаалгыг тань тогшин байна. Өөрийнхөө өнгийг сонго.
Сэтгүүлч У.ДАШБАТ
