Нүхэн “00”-оос татгалзъя
Дэргэд мөртлөө ямагт орхигддог энэ асуудлын чухлыг танд сануулж, айл бүхэн ямар нэг хэмжээгээр анхаарах цаг нь болжээ гэсэн дохио өгөхөөр асуудлыг хөндлөө. Бидний хувьд ариун цэврийн байгууламж хаана ч, хэнд ч хүртээмжтэй, цэвэрхэн, аюулгүй, байгаль дэлхийд хор нөлөөгүйгээр шийдэгдсэн байх нь чухал. Газар шороо, тэр дундаа хөрс бол ундны усны ариун хэвлий байх учиртай. Хөрсний бохирдол нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Утаа шиг суунаглаж, хамар цээж хорсгохгүй. Харин бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар та бидний уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь гүний хэмээн нэрлэгддэг ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байгааг та анзаарсан уу. Тэгвэл тэр нянгийн бохирдол үүсгэгч гол шалтгаануудын нэг нь гэр хорооллын өнөөх нүхэн жорлон маань болж таарлаа.
ЯЛГАДАСНЫ ҮНЭР УТААНААС Ч ХОРТОЙ
Саяхны судалгаагаар нийслэлийн хөрсний 72 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарчээ. Нийт хүн амын 65 хувь нь цэвэр бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдардаг. Тэгэхээр нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн үг. Нэг айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадас шалбааг дундаа амьдардаг нь нууц биш шүү дээ. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуу нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг аж. Ийм хөрс шороо нь цаг, минут тутамд ямар их химийн хорт бодис ялгаруулж, бүр бактерлог-ийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаг бил үү. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Тиймээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна шүү дээ. Гэр хорооллынхон өвөл нь бохир усаа гадаа ил задгай асгадаг. Тэр нь хавар, зун газар гэсмэгц агаарт тархаж, халдварт өвчин үүсэх, агаар бохирдох нөхцөлийг бүрдүүлдэг. Халдвартын эмнэлгийн судалгаагаар зургаа, долоо, наймдугаар сард халдварт шар өвчин нэмэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь Улаанбаатарт утаанаас илүү аюултай болоод байгааг илтгэж байгаа болов уу.
ДЭЛХИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН ӨДӨР
Хөгжил дэвшлээ даган хүн төрөлхтөн сүүлийн үед янз бүрийн зүйл сэдэх болжээ гэж битгий бодоорой. Дэлхий нийтээр “бие засах газрын өдөр” хэмээн энэ өдрийг тэмдэглэдэг явдал юм. Мэдээж энэ өдрийг тэмдэглэж наргиж, цэнгэхгүй нь ойлгомжтой. Асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд ийнхүү янз бүрийн ажил сэддэг нь лав. Идэж боловсруулснаа гадагшлуулах нь физиологийн зохицуулалт. Соёлт хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээний нэг 00-ын өрөөнд анхаарал хандуулах шаардлага нь зөвхөн манайх биш дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Бие засах газрын асуудлаа гайхалтай шийдэж чадсан үлгэр жишээ улс бол АНУ, Сингапур, Швед улс юм. Олон улсын бие засах газрын холбоо нь Сингапур улсад төвтэй юм. Ариун цэврийн байгууламж гачигдсанаас үүдэж нас барж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Үүнд бага насны хүүхдүүд өртөж байгаа нь харамсалтай. Ариун цэврийн байгууламжаа зөв шийдэж чадсан орнуудын туршлагаас харахад эко аргыг ашигласан байдаг юм байна. Энэ нь хүний биеэс гадагшилсан өтгөн ялгадсыг ялгаж, химийн аргаар бордож эргээд газар тариаланд ашигладаг арга гэнэ. Аливаа зүйлээс үлгэр аван, үүнийг эх орондоо хэрэгжүүлэхэд цаг хугацаа, зардал мөнгөнөөс эхлээд асуудал мундахгүй нь мэдээж.
XXI зуун гарсаар монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж цахим ертөнц, гар утас, машин унаа гээд бүгдийг л хэрэглээндээ нэвтрүүлж, хотын төвд нь өндөр өндөр шилэн барилгууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, зочид буудлын сүлжээ Монголд салбараа нээж, ашигтай ажиллаад байгаа зэргээс харахад улс орон маань хөгжөөд байгаа ч юм шиг. Гэтэл гэр ч тэр гадаа ч тэр байгаа бие засах газраа харахад бид дэлхийн хөгжлийн хаах нь явна вэ? Зөвхөн энэ ялгаагаараа монголчууд бид дотроо өөр хоорондоо хотынх ба хөдөөнийх, гэр хорооллынх ба орон сууцны гэж ялгарч энэ нь бүр цаашилсаар амьдралын түвшин түүний ялгааг гүнзгийрүүлж нийгмийн хурцадмал байдал үүсэхгүй гэхийн аргагүй болж мэдэхээр байна.
ЭКО ЗУУХ ГАРЧИХЛАА, ХАРИН ЭКО “00” ХЭРЭГТЭЙ БАЙНА
Манай улсад нүхэн жорлонгийн стандарт гэж байдаг. Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй агаар солилцохоор материалаар хийсэн доторлогоотой байх, жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис тавьсан байх, гэр, сууцнаас 15 метр зайд байрлах, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон гүний худгаас 150-аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд байрлах ёстой юм. Мөн жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байх ёстой гэнэ. Бас нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх шаардлагыг нүхэн жорлонгийн стандартад тусгажээ. Үүнээс гадна сар тутамд зөвшөөрөгдсөн ариутгалын бодисоор ариутгах нь хорхой шавьж үүрлэх, элдэв янзын өт хорхой, нян үүсгэгчид үржихээс бага ч гэсэн сэргийлэх болов уу. Иргэн та өөрийн хашаан доторх жорлонгоо цэвэр цэмцгэр, ариун цэврийн шаардлага хангахуйцаар тохижуулж, өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг нь иржээ. Өөрийн болоод өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, хөрс ус агаартаа үзүүлэх бохирдлын хэмжээгээ аль болох бууруулах тал дээр өрхийн тэргүүн та анхаараарай.
УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭР ГҮНИЙ УС БОХИРДВОЛ ЯАХ ВЭ?
Гэр хорооллын ил задгай нойл гүний усанд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Ялангуяа ундны усны эх үүсвэр Гачуурт, Хужирбулан, Амгалан орчимд нүхэн жорлон ашиглахыг хориглох, хязгаарлахгүй бол ундны ус бохирдох нь ойлгомжтой. Ургамал, амьтнаас эхлээд амьтай бүхэн агаар, хөрс, уснаас хордож, нэгээс нөгөөд нянгийн халдвараа тараасаар байна. Цусан суулга, халдварт шар, сүрьеэ, амьсгалын замын өвчин гээд урин дулаан цагт та бидний үр хүүхдийг бөөн бөөнөөр нь өвчлүүлдэг өвчнүүд агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй. Тиймээс цаашид яах вэ. Хөрсөө хамгаалахын тулд эхний ээлжинд нүхэн жорлонгоос салах уу. Эсвэл сүүлийн үеийн текник технологийн дэвшил болох “Эко” зөөврийн жорлонг ашиглах уу. Энэ асуудлыг бодитой ажил болговол яасан юм бэ. Орон сууцныхан нь боловсон жорлонд тухалдаг. Гэр хорооллынхон ухсан нүхэнд бие засдаг байдлыг устгая. Нүхэн жорлонг устгаж чадвал монгол хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн нэг хэсэг нь ч гэсэн хангагдана. Хамгийн гол нь нийслэлчүүд бид хөрс нь эрүүл, агаар нь цэвэр, эрүүл орчинд амьдрах болно.
Улаанбаатарт үүссэн хөрсний бохирдол байгалийн жамаараа цэвэршихээс нэгэнт өнгөрч, аюултай түвшинд хүрчээ
