Өнөөгийн залуусаа өөр өнцгөөс харья
“Өнөөгийн залуус их өөрчлөгджээ. Залхуу болж” хэмээн өвөө, эмээ ахмад үеийнхэн ярих юм. “Ярих хэлэх өмсөж зүүх, хийж буй ажил, бичиж байгаа зүйл нь ч санаанд хүрэхгүй” хэмээн шүүмжилнэ. Хэдий ахмадын сургаал алт ч зарим зүйлтэй үнэхээр санал нэгдэхгүй нь.
Тэгвэл өнөөгийн залуус өөрийнхөөрөө л амьдарч байна. Ертөнцийг танин мэдэж, үзэл бодлоо төлөвшүүлэхэд ном ширтэн суухаас илүүтэй олон талын мэдээллийн хурдтай технологиос мэдлэг мэдээллээ олж авч байна. Гар утас, компьютер, авто машин гэх зүйлсийг залуус маань залхуудаа биш даяаршин буй нийгэмтэй хөл нийлүүлэн алхахын тулд хэрэглэж байна. Залуусын стиль имиж, гадаад төрх, хэл яриа хувьсаж байгаа нь цаг цагаараа байдаггүйн энгийн нэг жишээ.
ЗАЛУУС АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Өдрөөс өдөрт бэрх болж буй энэ нийгэмд ажил хийхгүй бэлэнчлэн амьдрах хүсэлтэй залуус тоолох хуруунд багтахаар цөөн болсон биз. Хэний ч өмнө нүүр улайхааргүй сайхан хувцастай, халаасандаа таван төгрөгтэй явахыг хүсдэггүй залуус ховор. Тэр ч утгаараа хүн бүр л өөрт хэр таарсан ажил хийж амьдралаа залгуулахыг хүсэж байна. Харин тэдний минь хүслээр олддог ажлын байр Монголд хангалттай бий бил үү?
Мэдээж бий, бүүр хангалттай. Гэтэл жилээс жилд шинээр бий болж байгаа компаниудад ажиллах боловсон хүчин олдохгүй байна гэсэн “гайхалтай” яриа чих дэлсээд явчихлаа. Боловсон хүчнээр дутаж байгаа байгууллагуудын ажилчин авах хүсэлт зарын сонингуудын дийлэнх хуудсаар л ярайж байх юм.
Монголд үнэхээр боловсон хүчин алга уу гэхээр борооны дараах мөөг мэт дэлгэрсэн олон их дээд сургуулиудаас улаан диплом өвөрлөсөн, тархи дүүрэн мэдлэгтэй шижигнэсэн залуус төгсөж гараад л байх юм. Учир нь юундаа байна вэ? Бусдын хэлдгээр залуус маань ажил голоод байна уу?
Бодлоо, сураглалаа, судаллаа...
Хариу нь олон янз гарч байна. Өмнөх ажлаа голж буй нэгэн ч байна. Гэхдээ тэднээс илүү ажил олгогчдын элдэв төрлийн шаардлага өндөр болсонд гол асуудал оршиж буй гаргалгааг оллоо. Өнөөдөр диплом өвөрлөсөн цагаан гартнууд нийслэлээр дүүрлээ гээд л халаглацгаадаг. Гэтэл гартаа дүйтэй, амьдралын ухаантай залуусыг их дээд сургууль төгсөөгүй л бол авах байгууллага байдаг ч үгүй аж. Хоолны газрын сав суулга угаахад, албан байгууллагын шал зүлгэхэд, лангууны ард зогсоход улаан диплом, хөөрхөн царай, гадаад хэл тун чухал байдаг бололтой /угааж буй савтайгаа гадаадаар ярьдаггүй л байлтай/ , ийм л зүйлс шаардана.
Гэхдээ хөөрхөн охидын хувьд тавигдах шалгуур нь арай дөнгүүр. Аз болж царайлаг, гоолиг биетэй төрсөн бол эзэмшсэн мэргэжлээрээ гавихгүй ч ажлын зах зухаас атгаж магад. Харин царай зүс муутай бол хэчнээн боловсролтой байгаад ч ажилд орно гэдэг бэрх л болов уу даа. Санхүүгийн хямралдаа хөлөө олохгүй тэнтэр тунтар тэмтчин байгаа өнөө үед сая гаруй төгрөгний төлбөртэй их дээд сургуульд хүүхдүүддээ сургаж чадахгүй гэр бүл олон бий. Тэр тусмаа “охин хүүхдээ сургууль соёл бараадуулъя, эрчүүд нь яахав, хар бор ажил ч болтугай хийгээд учраа олно биз” хэмээн ил цагаан шоовдорлуулсан байдалтайгаар боловсрол эзэмшиж чадаагүй залуус монголд олон бий. Энэ мэт эдийн засагтаа “боолгож” боловсролын эзэн болж чадаагүй залуусаа яах уу? Тэр чигт нь орхих уу? Дээхнэ үед шинэ ажилтнаа хүлээн авч халамжлан хүмүүжүүлж сургана хэмээх сайхан зүйл байдаг байж. Үүнтэй адил шижигнэсэн сайхан залуусаа сургаж, ажиллах боловсон хүчнээ өөрсдөө бэлдээд авчихдаг байгууллага байдаг бол сайн сан. Мөн нэг их нарийн мэргэжил шаардаад байдаггүй барилга гэх мэт ажлыг хийчихээр хүдэр чийрэг залуус өчнөөн байхад гаднаас ажиллах хүчээ аваад байдгаа болимоорсон.
Ажилгүйчүүдийн 71 хувь нь залуус байдаг байна.
МИНИЙ ЗОРИЛГО ГАДААД...
Тиймээ зорилгоо болгосон гадаадад гарах хүсэл нь залуусын цорын ганц амьдрах баталгаа болж байна гэхэд хилсдэхгүй.
Хоёрхон сая даа, бид чинь гэж чамлан чамлан тоолсон монголчууд бид өнөөдөр гурван сая боллоо. Гэтэл хөгшдөдөө чамлагдаж, эдийн засагтаа шоовдорлуулж, амьдрах итгэлдээ боолгосон залуус маань гадаад руу цуварсаар. Дайн тулаан болсонгүй, байгалийн аюулт гамшиг тохиосонгүй, гэтэл залуусын маань эзгүй хоосон зай ханхайсаар.
БУРХНААС ОРОН БАЙР Л ХҮСНЭ
Юу ч мэдэхгүй жаахан байхад аав ээжийнхээ нөмөр нөөлөгт багтан тэдэнтэйгээ амьдрах даанч сайхан. Харин нас биед хүрч гэр бүлтэй болоод ирэхийн цагт яах ч аргагүй өрх тусгаарлах нь зүйн хэрэг. Гэтэл ажилгүй орлогогүй залуус яаж ч тусдаа гарах билээ. Овойж оцойтол бизнес эрхэлдэггүй л юм бол ажилтай зраим нь ч авдаг хэдээ тоолоод тоолоод, хадгалаад хадгалаад байр орон сууц авна гэдэг үлгэрийн далай. Зээл авъя гэсэн ч орлогын хэмжээ нь хүрэлцэхгүй. Тэгэхээр яах ёстой вэ? Нэг бол насан туршдаа эцэг эхийнхээ бөөрөнд наалдаж амьдрах эс бөгөөс харийн оронд цаг наргүй хөдөлмөрлөж, эрүүл мэндээ зольж оронд нь орон байрны асуудлаа шийдээд ирэх гаргалгааг сонголтгүйгээр хийж байна. Юуг ч хийж бүтээхэд бэлэн эрмэг залуу насаа бусдын н шалыг зүлгэж өнгөрөөхөөр уг нь ядаж өөрийн шалыг зүлгэж байсан бол ядаж сэтгэл өег. Гэхдээ л харийн орны зүлгэсэн шалных нь хөлс нь ахиу юм даа.
ТЭД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ МЭДЭХГҮЙ
Тиймээ, өнөөдрийн идэх хоол өмсөх хувцсаа яая гэж байхад эмнэлгээр яваад байх илүүдээ гарсан мөнгө залууст даанч үгүй.
Яах ч аргагүй хүндээр өвчлөөгүй л бол эмнэлэг рүү зүглэдэг хүн байдаггүй нь залуусын хувьд гэм биш зан. Аргагүй шүү дээ. Ажил олдохгүй байгаа тэдэнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг зүүд зэрэглээ мэт л санагддаг биз. Өвдлөө гэхэд “залуу хүн байж” гэсэн хатуу хорон үгээр ам таглачихна. Залуу хүн гэхээр төмрөөр цутгачихсан байдаг юмуу, ойлгох арга алга. Ингээд хөнгөн өвдсөн бол өвчнөө намдаах эм уугаад л түр аргалчихна. Эцэст нь эрүүл бус монгол хүн олноор бий болно.
Эмч нарын судалгаанаас харахад өдөрт дунджаар 30-40 хүн үзүүлж байхад тэдгээр үзүүлэгсдийн ердөө 3-5 хүн л залуус байдаг аж. Зарим өдөр тэд огт үзэгдэхгүй байх үе бий гэнэ.
ЗАЛУУС ХЭНИЙ ОРЛОГООР АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Залуусын маань 31.2 хувь нь өөрийнхөө орлогоор, бусад нь эцэг эх ах дүү нарынхаа орлогоор амьдарч байна. Залуу хүний хэрэглээ их ч хүний гар харж амьдарч байгаа тэдэнд хүссэн зүйлээ дураар авчих боломж даанч хомс. Ганган машин, үнэтэй гар утсаа байг гэхэд гар дээрээ тавих зоосгүй дутуу гуцуу байдалдаа шаналсан залуусын маань очих эхний шат архи хэмээх ундаа болж байна.
Элдэв хар муу санаа суугаагүй залуу нас хэчнээн сайхан бэ? Залуу насыг дайраагүй өнгөрсөн хүн байдаг бил үү? Үргэлж мууг нь дуудаж байхаар залуу үеэ өөр өнцгөөс хараад өмгөөлөөд нэг үзье л дээ. Алдаа дутагдал бүхнийг нь аргацааж нэг өнгөрөөгөөд хийж чадаж байгаа бүхнийг нь дэмжээд урамшуулаад үзье. Нэг удаа алдаа л биз нэмж шийтгэхээ азная. Хийх ажлаа хойшлуулаа л биз хонзогнон хандахаасаа илүү сургамжтай сайхан үгсээр сургаж, дотночлон хандаж залуустаа ээлтэй нийгмийн бүрдүүлцгээе.
Тэднийгээ харийн орныг зорин одохоос нь өмнө чадах чинээгээрээ дэмжээд туслаад өгвөл хариу тус нь удахгүй мэдэгдэх болно. Эс бөгөөс залуус минь буцаж ирэх магадлал тун багатайгаар харийн орныг зорьж, тэдний минь үлдээсэн орон зайд нутагтаа чихэлдэн, амьдрагсад ирээд буцалтгүйгээр суучихвал бид харамсавч оройтох болно.
Сэтгүүлч У.Дашбат
