ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
ЭМЭГТЭЙ ХҮН ХАДАМ ЭЭЖДЭЭ САЙН ХАНДАЖ,ЭРЭГТЭЙ ХҮН ЦАЛИНГИЙНХАА 70 ХУВИЙГ ЭХНЭРТЭЭ ӨГӨХ ЁСТОЙ
Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 20 шахам жил төрийн түшээгээр сонгогдон ажиллаж, хууль тогтоох байгууллагад насаараа зүтгэж буй. Хэн хүн барьж авч үл зүрхлэх ажилд зориглон орсон эрхэм. Магадгүй он цаг түүнийг ийм ажилд зүтгүүлэхээр зэхэж байсан ч юм уу. Эсхүл бурхан хувь заяаны зураг төөргийг нь зурахдаа ийм хувийг түүнд оноосон юм болов уу. Амьдралын хоосон болоод, худалд төөрөлгүй бие даан, өөрийн гэсэн нэрээ өөрийнхөөрөө авч явах утга учир болоод гэгээрэл, хүч тэнхээ түүнд бий. Энэ эрхэм хүний гэр бүлийн ертөнцөөр уншигч та аялна уу.
ААВ, ЭЭЖ, БИ…
Данзангийн Лүндээжанцан 1957 оны 11 сарын 25нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Уугуул нутаг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. Лүндээжанцан нь Монголын хууль эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, хуульчдын хүндэтгэл хүлээсэн багшийн нэг. Хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлэх, хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлэн 1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээжээ.
Жараад оны дунд үе. Аав ээжийнхээ гараас хөтлүүлээд хүүхдийн паркийн зүг явж байв. Урт цагаан, их дэлгүүр гээд том том шинэхэн байшинг мэддэг байсан бол алсыг харагч, пуужин, аварга том, шинэ шинэ тоглоом дээр тоглох гэж яваа нь энэ. Аав, ээждээ бага ч, өөртөө бол сургуульд орчихсон том хүн. Хорвоогийн бүх хүн дурсан санаж, дуулан алдаршуулмаар ээж, аавтай ч тэр бүрий бичиж, зурж, ая эгшигт мөнхөлж чадаагүй юм. Тэдний нэг Д.Лүндээжанцан. Түүний эцгийг Данзан гэнэ. Өндөр нуруутай, шаравтар царайтай, нэг их сахал болсон хүн байв. Харин түүний ээжийг Цэрэннадмид гэнэ. Гадаа эр, гэрт эм болно. Үндсэн мэргэжил гуталчин хэдий ч, оёдол үйл, дэлгүүрт ачигч, мужаан, будагчин хүртэл хийж явсан гэх. Дунд зэргийн нуруутай, хүрэн бор нүдтэй, өтгөн хар гэзэгтэй, танан цагаан шүдтэй сайхан эмэгтэй ёстой л нэг хүний хайлан байсан даа хэмээн дурсах юм. Том эр болоод ээжийгээ Улаан Москва, Алтан Прага, Алдарт Берлинийг үзүүлж Ганга мөрний усыг амсуулна хэмээн өөрөөсөө том мөрөөдлийг өвөртлөн алхаж байсан үе саяхан мэт. Гэтэл хаяандаа байгаа Оргилд ч амрааж чадаагүй явтал, хүнд өвчин тусч нарт хорвоог орхисон нь ёстой л нэг аянга нэргэх шиг санагдсан нь лавтай.
“Мөнхийн рашаан байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан” “энэ дууг дуулах бүрт хайрт ээжийгээ санан шимширч, сэтгэл санаа нь үймрээд эвгүйрхээд явчихдаг юм даа…” гэж санаа алдав. Түүнийг ажих нь ээ “ээжийгээ өнгөрсөн хойно нь бус, амьдад нь баярлуулж, сэтгэлийг тайван байлгахыг”сэтгүүлч надад болон энэ ярилцлагыг уншин суугаа эрхэм танд захиад ч байгаа мэт санагдсан юм.
Аавынхаа 43, ээжийнхээ 33-н насан дээр гарсан айлын тав дахь хүүхэд, дороо нэг дүүтэй. Лүндээ хүүгийнх өнөр өтгөн, бужигнасан айл байлаа. Ямар сайндаа л бүтэн адууны махыг долоо хоногт “шударчхаад”, “танайх ямар амархан барчихдаг айл вэ?” гэж хүн асуухад, “бүхэл бүтэн том гуя үлдсэн, их идүүллээ” гээд жишим ч үгүй сууж байсан гэх. Зах зээлийн сэтгэлгээгээр бол их л үрэлгэн хэрэг л дээ. Гэхдээ түүний эцэг, эх шаргуу хөдөлмөрч, ажлыг хар бор ялгалгүй зүтгэж хэдэн хүүхдүүдээ сайхан өсгөн торниулжээ. Түүний эцэг хөрөнгө хогшлоос илүү, ном эрдмийг дээдэлдэг хүн байсан гэх.Тэднийх бурхан номын тусдаа байшинтай айл байв. Д.Лүндээжанцан хэлэхдээ “Олон арван судар тэргүүтнээс аваад, эцгийн нандигнан хадгалдаг Зуун билэг, Шидэт хүүрийн үлгэр, Гучин хоёр модны үлгэр зэрэг номуудыг бушуухан уншина даа гэж өглөө бүр тоосыг арчихдаа боддог байсан, харамсалтай нь өнөө хэр УИХ-ын гишүүн гэж сүрхий амьтан харагдавч, тэр олон номыг тоослохоос хэтрэхгүй яваадаа сэтгэл ямагт хөндүүрлэдэг юм даа” хэмээн санаа алдан суусныг нуух юун.
“ХАМГИЙН САЙХАН УЛИРАЛ ЮУ ВЭ?”
“Хамгийн сайхан улирал юу вэ?” хэмээн тэр үеийн залуусаас асуувал, дийлэнх нь “Намар” гэж хариулна гэдэгт эргэлзэхгүй байна. МУИС-ийн хуулийн ангид суралцах болсон нь 1975 онтой золгуулав. Оюутан ахуй үе, тэр дундаа намар цаг гэхээр , яахын аргагүй ургац хураалт хэмээх нөр их ажил санаанд шууд л бууна. Төмс хураана, хөрзөн ховхлоно, үтрэм дээр будаа буулгахаас эхлээд нөр их ажил өрнөдөг тухай ярихдаа тэрээр жаргалтай харагдлаа.Тухайн үед “оюутны хөдөлмөрийг аж ахуйнууд мөлжиж байна, боолчлолын албадан хөдөлмөр хийлгэж байна” хэмээн нэг үе зарим ойворгон хүмүүс ярьж, шүүмжилж байсан гэдэг. Харин Лүндээжанцан үүнтэй огтхон ч санал нийлдэггүй нэгэн. Хааяа өлсөнө, цангана, даарна, халууцна, шумуулд хазуулна, машин хүлээж залхана. Гэвч энэ зэрэг нь оюутан цагийн эрч хүч, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гээд аз жаргалтай мөчүүдийг тоочоод баршгүй. “Хөлсөө дуслуулан ажиллаж майхандаа ирээд, хоолоо идэхэд ямар сайхан амттай. Олон жил үерхэж, дассан нөхөдтэйгөө майхныхаа гадаа зэрэгцэн суугаад идсэн хоол шиг амттай хоолыг тансаг хүлээн авалт, зоогийн хоолны амт гүйцэхгүй” хэмээн дурсан суухдаа тэрээр дэндүү жаргалтай. Оюутнууд хаана ажиллана, тэнд шинэ дуу уянгалж, алиа хошин яриа хөөрөөр тасарна аа л гэж байхгүй тийм жаргалтай мөч хүн бүхэнд бий. Зуны ажилд явсан эрэгтэй оюутнууд сумын наадамд барилдана. Намрын ажил бөхийн барилдаан дээр анги бүрийн хүдэр эрс хүчээ үзэж гарна. Тэр дундаас улсын цолтой бөхчүүд мөн ч их гарсан гэх.
“Хөөрхөн охинтой нэг нь танилцаж
Хөвөнтэй бээлийгээ ээлжлэн өмсөж
Хоног хоногоор ойртон дассаар
Хотод очоод гэрлэсэн байлгүй”. Оюутны намрын ажлаас Монголын олон мянган шинэ өрх эх авч, оюутны намар тэдэнд ээл буянаа хайрлажээ. Энэ бүхнийг хөндлөнгийн нүдээр төсөөлөхөд чөмөг дундрам нөр их ажил, хайр дурлалын түүх эндээс эхлэлтэй байж хэмээн бодогдоно.
САЙХАН НОМ УНШААД РОМАНТИК МӨРӨӨДӨЛД АВТАХ САЙХАН…
Д.Лүндээжанцан шаггүй шүлэгч нэгэн. Гэхдээ яруу найрагч, зохиолч бус, сайхан уншигч, шүлгийн мөр холбодог нэгэн юм. Сонирхлын журмаар эхлүүлсэн, шүлэг бичих чадвараа хөгжүүлсээр сүүлдээ дууны яруу найрагт урвасан гэдэг. Түүний бичсэн дууны шүлэг ганцаар зогсохгүй. Бүр дуурийн театрт "Зангаараа амраг" уран бүтээлийн тайлан тоглолтоо цомхоон хүрээнд хийгээд амсан сүйхээтэй улс төрч, шүлэгч. Эрхэм гишүүний ихэнх бүтээл нь гэргийдээ зориулагдсан гэдэг. Ямартай л
"Зангаараа амраг" дуунд нь
Залуухан халуухан наснаасаа
Зангаараа яваа хань минь дээ...
Хангал залуу насандаа
Хадмын бурханд сөгдсөнийг чинь
Хайрт минь, хайрт минь
Хаанаас би мартах вэ..." гэхчилэн хангал залуу наснаасаа эхлээд хайрласан зангаараа амрагаа мартахгүй гэсэн үгс үргэлжилдэг юм. 60,70-аад оны хүүхдүүдийн хувьд ном унших, түмэн буман яагаад гэдэгт хариу авах гэсэн дэврүүн үе байжээ. Ямар л шинэ ном гарна түүнийг олж уншихын төлөө тэмүүлдэг байсан юм даа хэмээсэн юм. Сайхан ном уншаад мөрөөдөх дуртай Ч.Лодойдамба гуайн “Алтайд” романыг уншаад геологич, Шерлок Холмс-ыг уншаад хуульч, мөрдөгч болохыг тэр үеийн хүүхдүүд мөрөөддөг байв. Үүний нэг нь Д.Лүндээжанцан юм. Хүмүүн төрлийг олж, мэдээ орсон цагаас сэтгэл зүрх, ажил амьдралтайгаа холбоотой нутаг ус, зон олондоо ойрхон очиж хүч тэнхээ баяр баясгаланг мэдэрнэ. Шаггүй шатарчин, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа нэгэн.
ТҮҮНИЙ ЗАНГААРАА АМРАГ…БҮСГҮЙ /Д.Оюунцэцэг/
Улс төрчдийн тухай бид өдөр болгон шахуу л мэдээлэл авч, тэд юу хийж, яаж явна гэдгийг ч анддаггүй. Харин тэдний гэр бүл нууцлаг хүмүүс. Ар талын албыг нуруундаа үүрч явдаг нь яахын аргагүй гэргий нар юм. Түүний гэргийг Дамбадаржаагийн Оюунцэцэг. Энэ эмэгтэй Монголын хувийн ууган сургуулийн нэг болох Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг 90-ээд оны эхээр байгуулан Монголын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, залуусын тархинд эрдмийн үр соёолуулж яваа боловсрол өндөртэй нэгэн. Улс орондоо ихийг хийж бүтээж яваа оюунлаг, ажил хэрэгч, сайхан эмэгтэйг уншигч танд танилцуулъя. Тэрээр Улаанбаатар хотын уугуул охин. Түүний эцэг эх Говь-Алтай аймгийн уугуул. Спортод элэгтэй сэргэлэн нь дэндсэн адтай, математикийн хичээлд илүү сонирхолтой охин байлаа. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. 1990-ээд оны эхээр Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжин, хүн бүхэн л юу хийж, яаж амьдрах вэ хэмээн бужигнасан үе байлаа. Эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээж, шинэ үеийн хуульч бэлтгэн оюуны хөрөнгө оруулалт хийх нь зөв хэмээн шийдэн Шихихутуг дээд сургуулийн шавийг 1991 онд тавьсан гэнэ. Одоогоор Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа хөдөлмөрч эмэгтэй дээ. Д.Лүндээжанцан гишүүнтэй оюутан ахуй байх үедээ танилцан, 1982 онд нэг гэрт орж нэг хүү, нэг охинтой болжээ. Сайн сайхан амьдралд уриалан дуудсан , маргаашийн төлөө өөдрөг байхыг, сануулаад авах шиг хөдөлмөрч, гялс хийсэн, өөдрөг үзэлтэй цоглог эмэгтэй юм уу гэмээр санагдсан юм. Д.Оюунцэцэг хэлэхдээ “Улстөрч хүний гэргий байна гэдэг амаргүй. Улс төрд зүтгэнэ гэдэг цаг наргүй, хариуцлагатай, хүнд алба. Төрийн энэ хариуцлагатай албыг хашихад нь сэтгэл санааг нь тайван байлгаж, гэр оронд нь тав тухыг бүрдүүлэх нь гэргий хүний үүрэг юм. Тиймээс хууль тогтоогчийн гэргий ч гэсэн хариуцлага үүрч яваа гэдгээ ухаарах нь чухал гэж боддог. Хүн болж төрснөөрөө бахархдаг. Мөн зорилготой, утга учиртай амьдарч яваадаа сэтгэл дүүрэн явна. Хүн хэзээ нэгэн цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ. Тэр үед өрөөлд тустай, өөртөө харамсахгүйгээр амьдарсан байх юмсан гэж. Түмний хүүхдийг сургаж, оюунд нь хөрөнгө оруулалт хийж байгаа нь бас нэг талаараа буян юм. Би оюутнуудаа хараад бахархаж, энэ сайхан залуу багш нар, эрдэмтэн, профессоруудтай хамтран ажиллаж байгаадаа азтай гэж боддог.
АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГААР САЙН ӨВӨӨ,САЙН ЭМЭЭ
Ач охин М.Пагмадулам, зээ охин Э.Амарлин нартайгаа зуслан дээр хаая, хүүе, ойчив, малгайгаа бүү ав, наршчихна, ий шумуул гэх зэргээр долоо амралтын хоногийн хоёр өдрийг сав хийх чөлөөгүй өнгөрөөнө. Өвөө, эмээгийн ажил угаас ийм хойно, үүндээ дуртайг хэлэх үү. Заавал сурах 10 бүжиг гэж байлаа. Гэхдээ дүрэм ёсоор нь сайхан бүжиглэж байгаа залуусыг харахад сайхан байхаасаа гадна бас нэг соёл гэж үзнэ.
Д.Лүндээжанцан : “Ер нь бол хүүхдүүдийг ном уншуулах л хэрэгтэй. Номд дуртай болгох ажил бол яах аргагүй ерөнхий боловсролын уран зохиолын хичээлийн программ мөн. Ном уншсанаар үгийн баялагтай болох, амьдралыг мэдрэх, сайн мууг ялгаж таньдаг болох, үгүй ядаж л зөв бичгийн дүрэм мэддэг гээд олон сайн тал бий. Нэг их том ном уншуулах ч хэрэггүй байх. Эхлээд аятайхан жижиг жижиг энгийн өгүүллэгээр дамжаад цааш цаашдаа утгын чанад нэвтрэх арга замыг эрэх хэрэгтэй. Нэг сайхан арга нь хүүхдүүдийн дэргэд уншсан номоо ярих хэрэгтэй. Тэр мөн сайхан дүрсэлсэн шүү, үгүй ээ мөн түүнийг мөн ч сайхан хэлж шүү гэх зэргээр хүүхдийн дэргэд яриад байвал тэд энэ юу яриад байна гэх зэргээр сонирхоно шүү дээ. Жишээ нь Бавуугийн Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”-ыг “Байдуу мянганы уулсаа дуурайж. Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт” гээд уншихаар энэ юу яриад байна вэ. Тэр хөхсөн сүү гадагшилна гэж юу яриад гэх зэргээр хүүхэд өөрөө аяндаа дурлаад ордог л байхгүй юу. Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”-ийг арав арван жилийн зайтай гурван удаа уншихад гурван өөр сэтгэгдэл төрж байх жишээтэй. Тэгэхээр үүнийг яаж ингэж хэлж байна вэ гэх зэргээр хүүхдүүдийн дэргэд уран зохиолын яриа өрнүүлэхээр аяндаа түүнд орох болов уу. Манийн үед чинь гар чийдэн тусгаж байгаад “Монте Кристо гүн”-г уншдаг байлаа” хэмээн ихэд бахархсан аястай хэлнэ дээ.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ /Д.Лүндээжанцан өгүүлэв/
Гэр бүл бол нийгмийн анхдагч орчин. Эмэгтэй хүн хадам ээждээ сайн хандах, эрэгтэй хүн цалингынхаа 70 хувийг эхнэртэй өг. Эрэгтэй хүн архи дарснаас холуур явж, хийж бүтээхийг эрхэм зорилгоо болгож гэмээ нь үнэ цэнэтэй амьдрах учиртай. Хүний шуналаас үүдэлтэйгээр хорвоогийн элдэв бараан үйл явдал үүсдэг гэдгийг санаж явах нь зүйтэй. Хөгжилт өөрчлөлтийн явцад, хүмүүсийн харьцаа улам хөндийрч, гадаад гоо сайхан улам гоё болохын хирээр, дотоод ертөнц нь хүйтэрч өнгөө алдаж байна. Миний Улсын уул тал нь үлгэр шиг сайхан, үлэмжийн тэнгэр нь үүлэн цэнхэр, өвгөд хөгшид нь тайван налгар, өнгөлөг залуус нь өөдрөг урамтай, өмгөрхөн нялхас нь мярайлаг золбоотой. Тиймдээ ч өдийг хүртэл үлгэр шиг амьдралд унаж, босч, уйлж дуулж, бусдын адил, бусдын дунд явнам.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ /Д.Оюунцэцэг өгүүлэв/
Миний хань зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу. Шударга бус, хууль зөрчсөн зүйлийн эсрэг тууштай, хатуу байр суурьтай байж чаддаг хүн. Хувь хүний зан чанарын хувьд уурлаж дүрсхийгээд байдаггүй, тайван, асуудлыг аль болохоор эвээр шийдэхийг эрхэмлэдэг гэгээлэг хүн дээ . Ер нь багш, эрдэмтэн хүнд байдаг сайхан чанарууд бий. Дэндүү өрөвч зантай. Найз нөхдөд нь ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тэдэндээ туслахын тулд бүхнээ зориулна. Сэтгэл санаа нь тайван биш үедээ хөгжим сонс ч, ном уншдаг. Дутагдалүй хүн гэж юу байх вэ. Ажил гэж яваад ар гэрээ мартах талтай, тэр л дутагдал байхдаа. Гэхдээ манай хүний сайн чанар нь хамаагүй илүү шүү. Гэртээ байвал халамжтай. Байхаасаа байхгүй нь их дээ. Цаг наргүй ажиллаад,эрүүл мэнд нь муудах вий гэхээс айдаг юм. Эрүүл саруул байвал төрд хэрэгтэй юм болов уу гэж боддог. Манай хүн голдуу ном бэлэглэдэг юм. Надад зориулж "Зангаараа амраг" гэдэг их сайхан дуу бэлэглэсэн. Ийм л амар амгалан тайван амьдрал минь миний амьдрал болоод, гэр бүлийн үнэ цэнэ юм даа.
Д.Лүндээжанцан гэх энэ эрхэм хүний гэр бүлийн ертөнц, уншигч танд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулсан болов уу хэмээн найдаж байна. Өөр өөрсдийн ажил мэргэжилд бүхнээ зориулж, хийж бүтээх бүтээхийн сайн сайхныг ажил амьдралаараа батлан яваа гэр бүлээс үлгэр авах зүйл даанч их юм. Танд баярлалаа.
СЭТГҮҮЛЧ : Б.ХОНГОРСАЙХАН
ГЭРЭЛ ЗУРАГЧИН : В.ЦЭНД-АЮУШ
