Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Эргээд хар

Эргээд хар

Намрын шаргал нар ээгээд цаанаа л тайван налгар өдрүүд үргэлжилнэ. Удахгүй буцах энэ л сайхан дулаан үеийг ашиглаад авах мэт ээжүүд бяцхан үрсээ салхилуулан өдөржин гадаа сууцгаана. Тэнтэр тунтар алхлан унаж босох үрсээ хайр гэрэлтсэн нүдээр харан суух ээжүүд, эхийнхээ дулаан энгэрт тэврүүлэн тайван нойрсон буй хүүхдүүд энэ хорвоогийн гайхам сайхан зохицол... Харанхуй нийгэмд гэгээ татуулж, зөөлөн эерэм мэдрэмж бэлэглэх энэ дүр зураг хамгийн сайхан хэсэг нь.

Харин тавхан алхмын цаана... Эцэг эхдээ чихрийн үнгэсэн цаасны чинээ үнэ цэнэгүй хаягдсан хөөрхий үрс. Хүн болон төрөх гайхам хувь тавиландаа залбиран залбиран хорвоод мэндэлсэн энхрий бяцхан үрс сайн сайхнаар төсөөлөн ирсэн ертөнцдөө гээгдсэн нь даанч харамсмаар. Хүнсээ эсвэл хогоо хам хум чихчихдэг шар торонд улаан цурав нялзрайгаа уутлаад хаа ч хамаагүй хаячихдаг эх хүн байдаг гэдэгт итгэхийг үл хүснэ. Эх хүн хэмээх хорвоод эн зэрэгцэх нь үгүй сайхан алдрыг бэлэглэн ирж, халуун хэвлийдээ арван сар тээсэн үрээ нүдийг нь бүлтэлзүүлж, амыг нь өмөлзүүлэн хаяж одох ээжийг юутай зүйрлэх үү? Араатан чоно хүртэл бэлтрэгээ хамгаалан эцсийн амьсгалаа тасартал тэмцдэг байхад амьдрал залгуулах мөнгөгүйдээ, саажилттай тахир дутуу төрсөнд нь арчилахаас тээршаан, хувь тавиланг нь үүрд сохлох эцэг эхийг эрхгүй үзэн ядна. Хорвоод мэндэлсэн даруйдаа сайнаас мууг нь түрүүлж мэдэрсэн нялх амьтдад азаар амьдрах эрх олдсон ч эцэх эхтэй элэг бүтэн байх хувь дутах нь өр өмрөх мэт... Сэтгэлийг баглан хүлэх хүнд бодолдоо дарагдан алхсаар Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалын газарт ирлээ. Эрүүл төрсөн, дутуу болон ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг сувилдаг энэ газрыг хүмүүс барагцаалан мэдэх ч дотор нь ямар амьдрал буцалж байдгийг тэр бүр анзаардаггүй биз. Үүднээсээ л нярай хүүхдүүд амьдардаг гэдгийг илтгэх цэвэр цэмцгэр орчин угтах нь таатай. 80 гаруй хүүхдүүд амьдарч бас сувилуулж байгаа энэ газрын бүх зүйл хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж чадсан нь гадны хүний нүдэнд илхэн. Энэ том айлын хаалгаар орсных бүх өрөө тасалгаа, үйл ажиллагаатай нь танилцахыг зорьсноо нуух юун. Анги бүлэг бүр унтлагын, тоглоомын, агааржуулалтын, хоолны өрөөтэйгөөс гадна хүүхдүүдийн гудас хөнжлийг өндөр хэмд ариутгах төхөөрөмж, хувийн лабраторитой юм байна. Эхийнхээ сүүг амлаагүй өсөж буй хүүхдүүд ихэвчлэн хоол тэжээлийн дутагдал сульдаатай байдаг болохоор эмчилгээний зорилгоор өдөрт долоон удаа хоол бэлтгэдэг гал тогоогоор нь ч мөн орж амжсан юм.

Хүүхдийн төв сувиллын хүүхдүүдийн бага нь хоёроос найман сартай нярайчууд байх. Тэдний ах эгч нар болох ой өнгөрч яваа бололтой хүүхдүүд тоглоомын өрөөндөө мөлхөлдөн тоглож, зарим нь энд тэнд таарсан газраа унтацгаана. Харин шилэн хаалт бүхий цаад өрөөнд 2-8 сартай зургаан нярай сэрүүн хэвтэцгээж байв. Уг нь энэ үедээ хүүхдүүд эцэг эхдээ аль болох тэврүүлэхээр зүтгэж байдаг адтай үе нь. Гэтэл өнөөх зургаан нярай уйлах ч эрхгүй тааз ширтэн чимээ аниргүй хэвтэцгээх нь дэндүү өрөвдмөөр. Өдөржингөө хэвтдэг бололтой, толгойных нь арын хэсэг хавтгай болсон байгаагаас нь илхэн. 15 нярайн дунд нэг сувилагч, нэг асрагч ажилладаг бөгөөд хооллоно, ундална, хуурайлна, унтуулна арай томхоныг нь бие засуулна, хувцасыг солино, угааж цэвэрлэнэ гээд дороосоо ундрах их ажлынхаа ард арай гэж гардгаа тэд учирлаж байв. Өөрийн ганц хүүхэдтэйгээ бид өдөржин хэрхэн зууралддаг билээ дээ. Эх болсон эмэгтэйчүүд нэргүй хэмээн тодотгодог энэ их ажлыг сайн мэднэ. Гэтэл 15 нялхсын дунд хоёр асрагч гэдэг дэндүү хол давсан ажил болох нь илэрхий. Хүний бараа харагдах төдийд л баярлан инээх нялх амьтад авахуулах гэж уйлж, элдэв ааш гаргахгүйд нь хүртэл сэтгэл өвдөх нь хачин. Төрсөн цагаасаа хойш аав ээжийн халуун тэвэрт бүүвэйлүүлж үзээгүй тэднийг ээлжлэн тэвэрч нурууг нь илэн амраахад нүдээ анин тааламжлах үрсээс сүүний үнэр даанч хол. Тэврүүлэх ээлжээ хүлээн бүлтэгнэх хүүхдүүдийн хамгийн цаад талын оронд хэвтэж охиныг тэврэхдээ болгоомжтой хандахыг асрагч сануулсан юм. Учир нь охин төрөөд хэдхэн хоногтойдоо хаягдсан бөгөөд нэг гар нь арагшаа бүрэн эргэчихсэн хүнд гэмтэлтэй энд иржээ. Эмч нарын шаргуу эмчилгээний ачаар доошоо буудаггүй байсан гар нь буудаг болсон төдийгүй удахгүй бүрэн эдгэрэх боломжтой гэнэ. Энэ сувилалын газар өөрийн зуслангүй учраас дулааны улиралд өөрсдөө санаачилан байгуулсан гадаах цэцэрлэг дотроо хүүхдүүддээ салхилуулдаг аж. Тэнд байх хэсэг хугацаанд ажиглагдсанаар асрагчид өдөр тутмын толгой эргэм түмэн ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өдөр бүр агаарт гаргаж амждаггүй нь тодорхой. Хөрс сууж ч амжаагүй цонхигор царайтай хүүхдүүддээ сувилалынхан өөрсдөө коктейл бэлдэж өгч хүчилтөрөгчийн хэрэгцээг нь хангахын хичээдэг байна.

Миний дараагийн орсон анги бол "Солонго" бүлгийн саажилттай хүүхдүүд. Энд 3 наснаас 15 насны хүүхдүүд сувилуулж байгаа аж. Тархи болон дөрвөн мөч нь саажилттай, оюун ухааны хомсдолтой, гар хөлийн хуруу нь мухар зэргээсээ болж мөн л эцэг эхдээ гологдон хаягдсан хүүхдүүд аж. Тархины саажилттай хүүхдүүд хөдөлгөөнөө удирдах чадвараа бүрэн алддаг учраас тэдэнд дээд зэргийн асаргаа шаардлагатай нь илхэн. Тэргэнцэр дээр, тулгуур эрхтний булчин чангалан зогсоох тавцан дээр болон газраар хэвтэх хүүхдүүд үл ойлгогдох авиа гаргах бөгөөд зарим нь толгойгоо савлан цохилох нь зүдэргээтэй. Тархины саажилттай хүүхдүүд шинээр сэтгэхээсээ илүү зан үйл болчихсон зүйлээ л хийх гэж зүтгэдэг гэнэ. Ийм байдалд орсон найман настай нэгэн хүү хуруугаа хөхсөөр хорчийсон нарийхан болгочихож. Асрагч нар гарт нь чиг барьж боон аргалсан ч хуруугаа амандаа хийхээр зүтгүүлнэ. Цаана нь зургаан настай нэгэн хүүгийн бүсэлхийнээс доош нь өлгийдөн биеийн хэмжээтэй ижил тавцантай нь ороон хэвтүүлсэн байх аж. Гандангийн хашаанаас олдож ирсэн саажилттай энэ хүүгийн нуруу нь нумран татдаг учраас биеийг нь тэр чигт нь чиг барьж өлгийдөөд байгаа нь энэ гэнэ. Энэ бүлгийн хүүхдүүдээс том нь 15 настай. Уг нь Хүүхдийн Төв Сувилал хүүхдүүддээ гурван нас хүртэл асарч сувилаад бусад асрамжийн газар руу илгээдэг заалттай ч эдгээр саажилттай хүүхдийг авах газар байдаггүй учраас эндээ л байлгахаас өөр аргагүй. Энд 12 настай Номин хэмээх охин бий. Дөнгөж төрөөд л эхдээ гологдон ирсэн тэрээр тархи болон дөрвөн мөч нь саажилттай учраас бусад шигээ ядаж тэргэнцэр дээр сууж эрхтэн сэргээх дасгал хөдөлгөөн ч хийх боломжгүй. Оюун ухаан гэж байхгүй хөөрхий охин хоолоо зажилж идэж чадахгүй, шингэн бантан зунтан зэргийг арайхийн хоолой давуулна. Арав гаруй жил хэвтэрт байснаас үүдэн хоёр өвдөг нь солбин эвхэрч, нуруу нь бөөрөнхийлөн татжээ. Гэсэн ч сайн асрагч сувилагч нарын буянд охины арьс цоорч, шархалж байгаагүй гэнэ. Охин дэргэд нь хүн байгааг, даарч халууцаж байгаагаа үл мэдэх ч хөлд нь халуун жин тавьж дулаан хөнжлөөр тумлайдан хучсан нь аргагүй л хүүхдийн төлөө цохилох зүрх бас сэтгэл мэдрэгдэнэ. Эндэх хүүхдүүдийн хамгийн том нь болох 15 настай саажилттай хүү "анай, хоол идье, гадаа гарья" гэх мэтчилэн үгнүүдийг хэлж чаддаг болсон гэнэ. Тоглоомын өрөөний тусгаарласан хаалтны цаана бас л арав гаруй насны хүү ганцаараа унтана. Сэтгэцийн өөрчлөлттэй цочир ууртай тэрээр зарим үед дэргэдэх хүүхдүүддээ шоглочих гээд байдаг гэнэ. Хааяа аргагүй тусгаарлагдах түүнийг Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээж авдаггүй байна.

-"Энэ хүү маань хүн болгонд муухай ааш гаргадаггүй. Өөрийнхөө бүлгийн жаахан дүү нартаа хайртай, дэргэд нь очихоор толгойг нь илээд л хөөрхөн байдаг юм" хэмээн эмч нь өмгөөлөх юм. Энэ мэтчилэн эцэг эхдээ хаягдсан, энд тэнд гологдсон, шүлс нулимс нь урссан өрөвдөм хүүхдүүдийн ганц түшиг нь сувилагч асрагчид нь аж. "Солонго" бүлэгт 4-5 жижигхэн хүүхдүүд харагдана. Дөрвөн настай, гар хөлийн хуруу нь мухар, толгойных нь хэлбэр далий хүүгээсээ аав ээж нь айгаад байна гэсэн шалтгаар энд авчирч өгчээ. Оюун ухааны хөгжил сайн сэргэлэн хүү мухар гараараа хийхгүй зүйл үгүй гэнэ. Хоёр гартаа нэг нэг жижиг бөмбөг барьчихаад түүгээр хэвлүүхэн тоглож сууна. Толгойдоо 2-3 хагалгааны том сорвитой 4 настай саажилттай охин бариа заслын эмчийн эмчилгээний үр дүнгээр мушгирч чангардаг булчингууд нь суларч хөдөлгөөн засал авч байгаа аж. Мөн нэрээр нь дуудахаар эргэж хардаг болжээ. "Охиныхоо төлөө аав ээж нь сайн явдаг байсан ул мөр бий. Тархинд нь мэс засал хийлгэсэн сорвинууд байна. Харин засал аваагүй болохоор нь л төөрүүлж хаясан байх" хэмээн эмнэлэгийнхэн охины талаар ярьсан юм. Мөн багадаа айж цочсоны улмаас ярьж чадахаа больсон хэмээх таамаг оноштой охин тэнд байлаа. Сонсголын эрхтэн нь хэвийн болохоор хэзээ нэгэн цагт ярих нь тодорхой. Орой болохоор л цонх руу харан уйлж, багахан дуу чимээнд цочдог охины ээж нь шоронд ял эдэлж байгаа бөгөөд эмээ эгч нар эргэж ирдэг байна. Энэ мэтчилэн хүүхдүүддээ хаа нэг эргэж ирдэг хүмүүс байхад байгааг нь мэдээд олж уулзаад хүүхдээ авахгүй юм гэхэд эргэж очоорой гэж гуйгаад байхад ирдэггүй эцэг эх бас байдаг гэх. Саажилттай хүүхдүүдийн нэгнийх нь эцэг эх бараг хаяаных нь орон сууцанд тохилог сайхан амьдардаг ч хүүхэд дээрээ хэзээ ч ирж байгаагүйгээр барахгүй эцэг эх байх эрхээ өөрсдийн хүсэлтээр цуцлуулжээ. Гар хөл нь салгалан чичирч биеэ ч даахгүй өнхөрөх үрсээ элгэндээ энхрийлэн хэсэгхэн ч болов хайрлан тэврэх сэтгэл байдаггүй юм гэхэд ганц солих памперсийг дөхүүлээд хаячих өчүүхэн тус байж болмоор.

Аав ээж нар минь эргээд нэг харцгаая. Хорвоод мэндэлсэн үр тань хүнд өвчтэй байж болноо, гэхдээ та хүний өмнөөс тэднийгээ төрүүлээгүй шүү дээ. Асарч чаддаггүй юм гэхэд асарч байгаа хүмүүст ядаж багахан тус болчихож байя. Халааснаасаа чихрийн цаас унахад эргээд та нягтлаад хардаг биз. Бүх л бүтэн хүн хаячихаад эргээд ядаж эргэж тойрдог байгаасаа ЭЭЖ нар минь. Энгэрээс нь сүү асгарч, элэгнээс нь хайр ундрах ээжүүд минь хариуцлагатай амьдрая.

Дэндүү харласан сэтгэлтэй хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах тавилантай нүүр тулах харамсалтай...

Сэтгүүлч У.ДАШБАТ