Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Сүсэглэхээсээ илүү сэжиглэж байна

Сүсэглэхээсээ илүү сэжиглэж байна

Төв аймгийн сэргэлэн сумын нутагт орших “Ээж хад” руу урсах машины цуваа энэ амралтын өдрүүдэд тасарсангүй. Улаанбаатараас Төв аймаг хүртэл 40 километрийн зайтай. Харин “Ээж хад” хүртэл 90 километр замын тоосонд дарагдан очлоо. Ээжийн нутаг урьд жилүүдийнхээс арай өнгөлөг, зуншлага сайтай угтлаа. Нэг очсон хүн гурван жил дараалан очих ёстой гэдэг. Харин миний хувьд хоёр дахь жилдээ очиж байгаа минь энэ. Амралтын өдөр болохоор ч тэр үү хүн зон олноор очиж, байгаль эхийн урлал гэхүйц ээж хадандаа сүсэглэн хүслээ шивнэж байсан юм. Бидний зорьсон хэрэг юу билээ хүрэн торгон дээлтэй, сайхан сэтгэлт ээждээ хүслээ шивнэх.

Сүүлийн хэдэн жилд хүмүүсийн сүсэг бишрэл эрс нэмэгдсэн мэдээ бий. Иймээс ч ээж хад руу хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөх шахам очих болсон билээ. Бохирч суугаа эмгэний дүрс бүхий энэ хадыг анх хараад үнэхээр л ээжтэйгээ, эмээтэйгээ уулзсан мэт болж байгаль эхийн бидэнд хайрласан өв, хишиг юм даа хэмээн бодож байсан юм. Байгаль эх магадгүй өөрийнхөө дүрээр энэ хадыг бий болгосон ч юм билүү. Ямар ч байсан энэ бол жирийн нэгэн чулуу биш. Жил бүр нааш цуврах олны мөр, олон хүний цагаан сэтгэлийн үр үүнийг баталдаг. Ээж хад руу очиж байсан олон хүний амнаас “Хүсэл биелдэг л юм даа” гэхийг ч сонсож байлаа. Ээж хад үнэхээр хүсэл биелүүлдэг юм уу, эсвэл бүх зүйлээ “ижий”-дээ даатгачихлаа гэсэн сайхан сэтгэлийн үрээр санасан бүхэн нь биелдэг юм уу мэдэхгүй. Зам зуур явахдаа өнгөрсөн жил Ээж хаданд шивнэсэн хүслээ бодвол бас л биелсэн санагдана. Энэ мэтчилэн Ээж хадны хүсэл биелүүлдэг увдисын талаар бодож явсаар нэг л мэдэхэд зорьсон газартаа дөхөв. “Ээждээ тавтай морил” гэсэн бичигтэй том цагаан хаалга өнгөрч цааш хэдэн километр яваад Ээж хаданд хүрнэ.

Гэрийн үүдээр ормогц голд нь түмэн насан хээтэй хүрэн торгон дээл өмсгөсөн бохирч суугаа хүний дүрстэй ээж хад бий. “Ээжийн орчныг тохижуулах буянтай үйлсийн сан хөмрөгийг арвижуулахын төлөө” гэсэн хандивын хайрцагт сэтгэлээрээ хандив өргөж, хангай дэлхийдээ идээ, ундаагаа өргөн сүслэв. Ээж хадны урд талын том ширээн дээр идээ будаа зассан байх бөгөөд ирсэн хүн бүр идээ засаж хүмүүсийг дайлна. Гэрийн хойморт зассан шилэн хоргон дотор зул өргөөд буцахдаа “Ээж”дээ золгон хүслээ шивнэдэг. Ингэхдээ эрэгтэй хүн баруун, эмэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэдэг юм. Хүн бүр Ээж хаданд хүслээ шивнэхээс бусдыг өөрийн сурснаар, таалалдаа нийцүүлэн ёс үйлддэг аж. Зарим хүн Ээж хадны өмнө сөхөрч суугаад мөргөж буй бол зарим нь толгойд нь зөөлөн шивнэж харагдана. Эмэгтэй хүн баруун талаас мөргөж ч харагдав. “Ээжийн гэр”-ээс гашилсан сүү, архины эхүүн үнэр ханхалж, хог новшиндоо дарагдан хөглөрч байв. “Гэр” тойруулан цацсан сүүний гашилсан үнэр удах тусам хамар цоргиж дэргэд нь удаан байхын эцэсгүй болгож байв. Хүмүүс гэрийн үүдээр орж ширээн дээр таваг засаад авчирсан архиа хана руу цацна. Энд ирэхдээ сүү, шар будаа, тавгийн идээ, архи, цай зэргийг авчирдаг. Ер нь эндэхийн зарим ёсыг огт ойлгодоггүй юм. Монгол хүн хэзээ байтлаа ээждээ архи барин золгож гэр дотроо цацаж байлаа. Энэ мэтчилэн Ээж хадны орчимд өмнө жилийнхээс дээрдэж өөрчлөгдсөн байна гээд хэлчихмээр зүйл бараг л алга. Нэмэгдсэн зүйл нь нэг хүрд. Өнөөх хог новш, үнэр танар бол яг л хэвээрээ байна. Уг нь ээж хад бол манай улсын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрын нэг. Дээр нь энэ бол хүмүүсийн итгэл бишрэлийн газар. Энд ирсэн олон хүн “цаанаа л нэг өөр энергитэй газар шүү” гэдэг. Үнэхээр нэг л тайван амгалан орчин хүмүүсийг угтдаг. Хүмүүс Ээж хаданд ирж өөрийн болоод үр хүүхэд, төрөл төрөгсдийнхөө заяа буян, зам мөрийг нь даатгаад буцдаг. Байхгүй зүйлийг бий болгох гэж зүтгэхийн оронд байгаа шүтээнээ өөд татчихвал дээр баймаар. Билэгдэлт энэ газар монголчуудаас гадна гадаадын жуулчид ч олноор ирдэг. Гэтэл монголчуудын шүтээний газар хог новштойгоо зэрэгцээд байж байгааг харсан хүн дахин энд ирэх болов уу, яах бол.

Сэлэнгэ аймаг Шаамар сум “Ээж мод”

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Ээж мод мөргөлчин олны хөлд дарагдаж, хадаг яндраар боомилуулж буй. Сүсэг мөргөлийн ариун газар хэмээн итгэж байсан ч өмхий, самхай ханхалсан, эрээн мяраан хадгаар ороож, амьсгалыг нь боосон нэгэн үхмэл мод харагдсан нь Ээж мод байсан юм. Уг нь мод амьсгалдаг. Гэтэл Ээж модыг амьсгалах аргагүй болтол нь хадаг, яндраар битүү ороосноос ганц ч ногоон мөчиргүй болжээ. Буян хийж байгаа нэрийдлээр мод руу сүү өргөж, шар тос түрхсэнээс тэр орчим хорхой шавьж, тагтаа шувууны үүр болсон мэт. Сүүг уг нь тэнгэр өөд сүслэн өргөдөг. Онгон байгалийн модонд машины хүрд, төрийн далбаа, бөөгийн шашны хэнгэрэг, өмсгөл, дарцаг, суга таяг, гипс, эмэгтэй хүний дотуур хувцас хүртэл өлгөөстэй харагдана. Үр хүүхэд гуйж хөхний даруулгаа өлгөдөг гэсэн. Өөр өөрсөддөө тусгайлан гаргасан ёс уу?

Нөгөөтэйгүүр зөвхөн шашны зан үйл мухар сүсэгт итгэж бид хэчнээн сая төгрөгийг урд хөрш рүү урсгаж байгаагаа тооцож үзмээр санагдав. Нэг хадаг 1500-2000 төгрөгийн үнэтэй гэж бодоход тэнд хэдэн зуун мянган хадаг өлгөөстэй, хог болсон байдалтай харагдаж байна. Хөл дор хэвтэж байдаг хог уу, эсвэл эдийн дээд хэрэглэл үү. Хүмүүс хадганд боомилогдоод үхэжсэн модны ёроолд сунаж мөргөөд, залбираад байх юм. Уг нь мод амьд, ариун дагшин байхдаа ид шидээ үзүүлдэг баймаар санагдана. Мухар сүсэг, буруу зан үйлийн золиос нь Монголын давтагдашгүй үзэсгэлэнт газрын нэг болж буйг харах даанч гунигтай юм. Энэ ариун дагшин газарт ирж зан үйл хийж буй бөө нар эргэцүүлж нэг бодоосой. Нэг мод үхэнгүүт өөр нэгийг чимэглээд л үхүүлээд л байдаг аж. Сүүлийн хориод жилд хэд хэдэн мод үхчихээд байна. Харамсалтай нь ингэж чимэглэсэн модны мөчир салааг хадаг чивчрэн боомилж, ёроолд нь овоолсон цай, ороосон торго тэргүүтнээс болоод мөнөөх мод ёроолоороо хөгцрөн өмхөрдгийг хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна вэ?

Ийм хөөрхийлөлтэй болсон модыг нэг их холоос хайх хэрэггүй зүгээр л ойр хавьд нь хүн амьдардаг, захаараа модтой ямар ч хамаагүй замаар явахад л таарна. Зун цаг ирж хөдөлдөг унаатай бүхэн хотоос гарч байна. Хэрвээ та хөдөө хээр явж байхдаа хадгаа санаандгүй салхинд хийсгээд тэр нь нэг модон дээр очоод тогтсон байвал заавал буцааж аваарай. Учир нь дараагийн нөхөр тэр замаар дайрч өнгөрөхдөө энэ лав учиртай болоод хадаг уясан мод байгаа, нэг нөхөр ганцаараа ажил үйлсээ бүтээх гэж байна аа, би хоцорно гэж юу байхав гээд нэмж нэг хадаг уяна. Түүний дараагийнх мөн адил сийрэг сэтгэн нэлээн юм гуйж захиад, найдвартайд нь хийж гурван хадаг уяна. Хүмүүн бид байгалийн амьтад. Байгаль эхээ хэрхэн хайрлана тэр хэмжээгээр хариу нь ирдэг гэсэн бичигдээгүй хуультай.

Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж бэлгэшээж төрөл бүрийн хүндэтгэлийн зан үйлдээ хэрэглэж ирсэн. Монголчууд адуун сүргээ онцлон хүндэтгэж ууган унаганд хадаг уях ёс бий. Мөн мал сэтэрлэхдээ хадаг уядаг ёстой.Сүүлийн үед урд хөршөөс хээтэй, хээгүй, нимгэн, зузаан, хэнд хаягласан нь мэдэгдэхгүй хадаг их хэмжээгээр орж ирэх болсон. Үүгээр дагнан бизнес хийж хоногийн хоолоо залгуулагчид Гандангийн дэнжийг бараадаж, “аалзны тор” аятай хэрсэн байв. Хэрэгцээн дээр тулгуурлаж хэд гурван төгрөг олж байна. “Бурхны шашны эд зүйлийн дэлгүүр” гэх хаягтай байшин руу ороход арц, хүж хамар сэтлэм үнэртэвч, бизнесийн байгууллага гэж бодохоос нэг л сүжиг хүрсэнгүй. Өнгө өнгийн хадаг, хэлбэр хийц нь өөр цөгц, дамар, эрхи ер байхгүй зүйл үгүй. Үнийн тухайд хадаг нь хээтэй, хээгүй, хийсэн материал, урт, өргөн, өнгөнөөс хамаарч янз бүр байв. Тухайлбал, найман тахилын хээтэй, цэнхэр өнгөтэй, өргөн, урт хадаг 1500, хээтэй мөртлөө нарийхан нь түүнээс арай хямд байх жишээтэй. Түүнчлэн, таван өнгийн хадаг материалаас хамаарч 4500-5000 төгрөгийн үнэтэй байв.

Харанхуйн дунд ганцаар чихээ даран гүйнэ. Айдсын мэдрэмж нь эцэстээ хүрч яваа түүнийг хэн ч зогсоож чадахгүй. Гагцхүү эгц ардаас нь гүйж яваа улаан гэрэл түүнийг яаж ч мэдэх юм. Би таныг айлгах гээгүй юм шүү. Гэхдээ би өөрөө айж байна. Энэ мөчид тэр хэдхэн үг хэлж чадсанаараа аймшгийн агшнаас мултарч чадсан юм. Юу хэлсэн юм болоо? гэж та сонирхож байна уу? “Бурхан минь намайг авраач” тэр ингэж л гурван удаа хэлснээс хойш цаашид айлгүй явж чадсан юм. Дээрх өгүүлэмжийн эцсийн дүгнэлт нь шүтэх эс шүтэх нь зөвхөн сүсэг бишрэл биш төдийгүй заримдаа бүр шаардлага болдог ажгуу. Ихэнх хүмүүс сүсэг бишрэл гэдэг утгаар нь хүндэлдэг байх.

Гэтэл өнөө үед сүсэг бишрэлээр бизнес хийдэг ухаан маш хурдацтай хөгжиж байна. Бөө болж мах, сүү, архи, мөнгө, нэхэх, лам болж хичнээн төгрөгний ном уншуул, засал хийлгэ гэнэ. Нэг самбар дээр: Зурхайчийн дугуйлан хичээллэж байна. “ Мэргэ төлөг үзнэ” гэх юм. Монголд мэргэ төлөг үзээд баяждаг жамтай юм чинь зурхайчийн дугуйланд суучихаад мөнгө хүүдийлээд сууж баймаар юм биш үү? Харин ч биеэ зовоохгүй амар шүү дээ. Зовсон олны сүсэгээр шоу хийж байгаа юм. Бас болоогүй хэлд ороогүй хүүхдийг “ бөө болго, бөөгийн удамтай” гэлцэнэ. Зарим бөө нар нэг хүний амийг авахгүй бол ойр дотныхон зовно, нутаг усанд ган гачиг болно гэж байгаа. Тэр болгонд нь сүсэгтэн олон маань итгэсээр л. Харин цаана нь жинхэнэ мөрийтэй тоглоом явагдаж байгаа юм. Энэ замбараагүй арчаагүй бизнесийн шуурга хэзээ зогсох бол? хэн зогсоох бол? Хамгийн түрүүнд сүсэгтэн та нар минь өөрсдөө ухаантай сүжигтэн байх хэрэгтэй. Сүсэгийн бизнест хэзээ ч өртөж болохгүй. Шүтүүлж байгаа шүтээн нь шүтээн шиг байя. Дахиад л бизнесрүү орох гээд байвал магадгүй юу ч битгий шүт. Шалдан биеэс шалдан бие тасардаг юм. Эмэгтэй хүнийг эх хүнийг шүт. Ганц шүтээн чинь тэр болог.

Сэтгүүлч Б. ХОНГОРСАЙХАН