Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Эмч,эмийн санчийн атганд багтах хөөрхий бидний эрүүл мэнд

Эмч,эмийн санчийн атганд багтах хөөрхий бидний эрүүл мэнд

Эрүүл бол мянган лан гэдэг. Ухаад сайн ойлговол юутай үнэн үг. Бид эрүүл саруул үедээ энэ биеэ даанч нэг хайхрахгүй явсны эцэст горыг нь дэндүү хатуугаар амсах нь бий. Ингээд л өвдсөн үедээ оройн дээд аврагч болсон эмийг шүтэж, эмчийг яаран бараадана. Энэ нь ч зөв. Тангараг өргөж, эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох үүрэг хүлээсэн цагаан нөмрөгтнүүдээсээ аврал эрэхгүй гээд яахсан билээ. Эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж аль байдгаа барин, эмч л юу хэлнэ бүхнийг биелүүлэхэд бэлэн болчихсон өвчтөнүүддээ харин эмч хэрхэн ханддаг бол?

...Аврах уу, эмчлэх үү аль эсвэл тоглох уу? ТОГЛОХ, ТОГЛОХ, ТОГЛОХ... Энэ үг арай л хатуу сонсогдож байж магад. Гэхдээ эмч танд чулуугаар цохиод авах мэт хэрцгий сонсогдох энэ үг, таны тоглоомын золиос болсон өвчтөнүүдэд чинь бүр ч хатуу шийтгэл болоод байгааг ойлгож хүлээж аваасай гэж хүснэ. Энэхүү нийтлэлийг бичигч сэтгүүлч миний бие эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаар тангараг өргөсөн эмч та бүхнийг нийтэд нь хамруулахыг хүсээгүй гэдгийг энд тэмдэглэе.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Яалт ч үгүй эмчийн ёс зүйгүй, энэрэх сэтгэлгүй, төрийн хуулиа дээдлэх сэтгэлгүй эмч сэтэртэнгүүд олон байгааг хүлээн зөвшөөрөх биз. Эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох эрхэм үүргээ иргэдээс мөнгө шулах хэрэгсэл болгон мэргэжлээ ёс бус зүйлд ашиглаж буй жишээг дурьдахад даанч олон. Эмч нартай холбоотой дэндүү харамсмаар олон асуудал таны эргэн тойрны хүмүүсээс авахуулаад л тохиолдсоор байгаад анхаарлаа хандуулцгаая.

Жишээ 1.

Дөрвөн сартай хүүгээ Хүүхдийн Гавьяат эмч /нэрийг нь нууцлав/ мяндагтай олон жил хүүхдийн эмчээр дагнан ажилласан настай эмчийн хувийн эмнэлэгт үзүүлжээ. Эмч, хүүгийн зулай том, цахиур нь цухуйх шинж тэмдэг алга байгаа нь кальцийн дутагдлаас болсон хэмээн онош тавьж, эм бичиж өгсөн байна. Үзлэгийн эцэст жорын баримт дээр дөрвөөс таван төрлийн эм бичиж өгсөн бөгөөд хаана хаанаас авахыг нь хүртэл тодорхой зааж өгсөн байна. Хоёр эм авах эмийн сангийн хаяг, утсыг тодорхой бичиж өгсөн төдийгүй, кальц, цинкийн бэлдмэлийг монголчуудын өргөн хэрэглэх болсон сүлжээний бүтээгдэхүүнээс авч хүүхэддээ уулгахыг үүрэгдэж холбогдох хүнийх нь утасны дугаарыг нь мөн л өгчээ. Хүүгийн эцэг эх заасан эмийн сангаас өнөөх эмүүдийг нь өндөр үнээр худалдаж авсан аж. Эмчийг шүтсэн монгол хүний гэнэн итгэмтгий зангаар тэд өөр эмийн сангуудаар орж уг эмийн үнийг судалсангүй. Мөн сүлжээний бизнес эрхлэгч хүн рүү эмчийн өгсөн дугаараар залгаж, эрж сурсаар бэлдмэлүүдийг мөн л чамгүй үнээр авчээ. Ингээд найруулдаг кальцийг усанд хутгаад хүүдээ уулгатал цагийн дараагаас хүүхдийнх нь нүд нүүр нь битүү хавдаж, улмаар хоолой нь боогдон амьсгал авч чадахгүй болсон байна. Айсан эцэг эх нь хүүгээ яаралтай харшлын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэснээр амьсгалын эрхтэн нь тавирч, ганц хоёр хоногоос нүүр нүднийх нь хавдар аажмаар буусан аж. Хүү нь эдгэрсэнд сэтгэл тайвширсан эцэг эх нь нялх хүүгээ бодон хэл амнаас сэргийлж, элдэв асуудал дэгдээсэнгүй. Гэтэл хүү 7 сар хүрч тараг ээдэмхэн иддэг болоод ирэхийн үед жинхэнэ асуудал дэгджээ. Өнөөх найруулдаг сүүн кальцнаас болж хүү сүү, тараг, ааруул зэрэг цагаан идээний төрлийн бүтээгдэхүүнээс өндөр зэрэглэлийн харшилтай болчихсон байж. Өсөж өндийх насанд нь жинхэнэ амин дэм болох ёстой цагаан идээг хүү идэх нь бүү хэл дэргэд нь ойролцоохон өөр хүн идэхэд л нүд нүүр нь хавчихдаг аж. Одоо хүүг хоёр нас хүртэл цагаан идээний төрлийн зүйл идүүлж уулгахгүй байж чадвал уг харшил нь эдгэрэх найдлага 50 хувь бий хэмээсэн эмчийн оноштой байна.

Тухайн үедээ хүүгийн эцэг эх дээрх бүтээгдэхүүнийг санал болгосон гавьяат сэтэртэй эмчид эргэн хандаагүй хугацаа их алдсан учраас тэрээр буруугаа хүлээхгүй нь тодорхой. Үзлэгийнхээ тарифийг тун өндөр тогтоосон уг эмчийн ширээн дээр маш олон эмийн сангийн танилцуулга хуудас өрөөстэй байсан гэх. Эмч тэдгээр эмийн сангийн эм, бүтээгдэхүүнүүдийг үзүүлэгсдэд санал болгоно. Уг эмийн сангаас эм авахаар очсон хүмүүсийн тоо бүрээр эмч хувь хүртэнэ. Ийнхүү илүү харж билүү долоосон эмчийн гайгаар өсч яваа нэгэн бяцхан иргэн эрүүл мэндээрээ хохирч, харин эрүүл мэндийг тоглоом болгосон эмч эмийн санчдын далд бизнес цэцэглэсээр.

Жишээ 2.

Элэгний хорт хавдраар өвчилсөн 60 гаруй насны эрэгтэй. Эмчийн хяналтанд байж байнгын эмчилгээ хийлгэж байх ёстой. Өдөр бүр уух эм нь өндөр үнэтэй. Сар, улирал тутамд шинжилгээ өгч, эход харуулж хавдрын өсөлт, томролтыг хянуулж байх хэрэгтэй. Энэ мэтчилэнгийн эмчилгээний урсгал зардал санхүүгийн боломжтой айлыг ч туйлдуулдаг гэмтэй. Гэр бүлийн хоёр аль болох Хавдар Судлалын Үндэсний Төв хэмээх улсын харъяалалтай эмнэлэгтээ үзүүлж хяналтанд байх хүсэлтэй. Гэтэл тус эмнэлэгийнх нь эмч /нэрийг нь нууцлав/ өнөөх өвчтөнийг хүлээн авч үзэхээс татгалзах болжээ. Татгалзах шалтгаан нь өөрийнх нь хувийн эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн зөвлөгөөг дагаагүй учраас тэр аж. Улсдаа л энэ өвчнөөр дагнан олон жил ажилласан өндөр гавьяа цолтой эмч учраас өвчиндөө шаналсан хүмүүс эмчээ солихыг хүссэнгүй. Ингээд арга ядаад улсын ажлаа тараад оройн цагаар ажилладаг гэх хувийн эмнэлэгт нь очоод үзүүлтэл өнөөх эмч жигтэйхэн сайхан ааштай хүлээн авч үзсэн байна. Хавдар нь өсөөгүй тогтворжсон учраас айх зүйл алга хэмээсэн эмчийн дүгнэлтэнд сэтгэл тайвширч баярласан гэр бүлийн хоёр үзлэгийн өндөр төлбөрт нь сэтгэл зовсонгүй. Удалгүй хавдрын хэмжилтээ хийлгэх ээлжит хугацаа нь болж эхо хийлгэсэн бичгээ барьсаар өнөөх эмчийнхээ улсын тодотголтой ажлынх нь өрөөнд очжээ. Гэтэл эмч тэр хоёрын эхоны бичгийг тайлж өгөх нь бүү хэл "Миний эмнэлэг дээр очиж үзүүлж бай гээд байхад энэ хавиар юу гэж эргэлдээд байгаа юм бэ?, Ямар ч эмчилгээгүй юм байж" хэмээн эмч хүнээс гарамгүй ааш гаргасан байна. Хавдар гэдэг тухайн хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг эмзэг өвчин учраас өвчтөнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй гэдэг. Өвчтэй нөхрийнхөө сэтгэл санааг улам дордуулах вий хэмээн зовсон эхнэр нь нөхрөө гадаа хүлээлгэж байгаад өнөөх эмч дээр ахин орж 20.000 төгрөг өгч загнуулан байж эхоны оношоо уншуулжээ.

Энэ мэтчилэн улс төрийн хүрээнд дэлгэрээд байгаа давхар дээлтэнгүүд эрүүл мэндийн байгууллагад бугшсан хэвээр, өвчиндөө шаналж, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон иргэдээ улам дарамтлан зовоосоор. Аврал эрэх өвчтөнийхөө дэлгэсэн алга хоосон л бол "үхэх гэж байж өөрөөсөө мөнгө харамлалаа" гэгчлэн элдэвлэх эрхийг тэдэнд хэн олгож, хэн өөгшүүлж, хэн давраасаар өдий хүрсэн юм бүү мэд. Энэ мэт төрийн үйлчилгээг түмэнд хүргэхдээ хойрго, харьцааны соёлгүй эмч нар хувийн эмнэлэгтээ хуруу гар дэлгэн нахилзан эелдэглэх нь дэндүү сурмаг жүжигчин мэт. Хүнд өвчинд шаналж байгаа хүнд эмчийн үг эмнээс илүү үйлчлэх үе ч бий. Хувийн эмнэлэгт нь хэдэн халтар цаасны орлого оруулаагүйн төлөө эдгэрнэ, эрүүл болно хэмээх найдварыг нь тас цохих цаазын яллагч мэт эмчийг хэрхэх ч билээ.

Жишээ 3.

Залуугаасаа бөөрний өвчнөөр шаналсан 60 гарч яваа эмэгтэй. Архангайгаас ирж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн бөөрний тасагт үзүүлэх гэтэл 10 гаруй хоногийн дараалал бичээд дууссан. Нутаг буцах гэж яарч байгаа бол энэ хувийн эмнэлэгт очоод үзүүл хэмээн өөрийн эмнэлэгээ зааж өгсөн байна. Өнөөх хувийн эмнэлэгт нь очоод үзүүлэх гэтэл үзлэгээс гадна 3-4 төрлийн шинжилгээ гэгчлэн өндөр төлбөртэй байж. Хаа холоос өвөртөлж ирсэн нимгэн хэтэвчиндээ таталдсан хөгшин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээнүүдээ өгчихөөд бичгээ бариад өмнөх эмч дээрээ яваад оржээ. Хувийнх нь эмнэлэгт очоод үзүүлж хэмээн уриалгахан хүлээн авсан эмч өөр эмнэлэгт үзүүлснийг нь мэдмэгцээ эм бичиж өгөөгүйгээр үл барам, тэр үзүүлсэн эмнэлэгтээ очиж эмээ бичүүл хэмээн хөөгөөд гаргачихсан байна.

Улсын эмнэлэгийн эмч нар өдрийн 15 цагаас хойш үзэхгүй хэмээсэн хаанаас ч юм тогтоосон үзлэгийн цагийн хуваариа ягштал баримтална. Уг нь эмч нар төрийн үйлчилгээний албан хаагчид. Эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана.Тэр хуульд нь ажлын өдөр 8 цаг үргэлжлэх учиртай баймаар. Гэтэл үдээс хойш ажил хийж байгаа эмч нүдний гэм, үзүүлэхээр очигсод хоосон хаалга мөргөөд л буцна. Үдээс өмнө төрийн ажлыг нүүрээ атируулан хам хум хийсэн болж, үдээс хойш хувийн эмнэлэгтээ сайхан инээн үйлчлэх эмч олон байх нь харамсмаар. Үйлчлүүлэгчдээ тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад эмч хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлэгийн мэргэжилтэн, эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах нь ёс зүйд үл нийцнэ гэсэн хууль тогтоомж бий гэдгийг эрхбиш мэддэг баймаар.

Жишээ 4.

Нэгэн дүүргийн эмнэлэгийн төрөхийн эмч хяналтанд явдаг бүсгүйдээ 60 орчим мянган төгрөгийн витаминыг заавал уух шаардлагатай хэмээн зөвлөжээ. Гэхдээ энэ витаминыг өөрийнх нь заасан эмийн сангаас авахгүй бол хулхи дууриамлуудыг нь авах аюултай хэмээн сануулсан байна. Бүсгүй ч витаминыг авч уусаар гэдэс нь томорсоор л байж. Энэ хугацаанд бүсгүй хяналтандаа явсаар ураг эрүүл саруул өсч байна хэмээн эмч оношлосоор. Төрөх хугацаа нь болж өвдөлт өгсөөр эмнэлэгт ирсэн бүсгүйн гэдэснээс хэвийн хэмжээнээс их ус гарсан бөгөөд өсөлт нь зогссон хүүхэд нь долоохон хоноод өнгөрсөн байна. Өнөөх эмчийн зөвлөсөн витаминийг ууж эхэлсэн хугацаанаас хойш ургийн өсөлт зогссон байжээ. Хүүхдээ алдсан эхнэр нөхөр хоёр яг витаминаас болсон гэдгийг нотлох баримтгүй хэмээн зарга үүсгээгүй, эмч ч ямар нэг хариуцлага хүлээсэнгүй.

Үхэх төрөх хүний орчлонг хүн бүр л туулна. Урт мэт санагдавч нүд ирмэх зуурт л урсан өнгөрөх энэхэн амьдралдаа нэгнээ гомдоож, дээрэлхэж, албан тушаал, мэдлэг чадвараараа дарж, тохуурхах хэрэг байдаг эсэхийг эцсийн мөчид хүн өөрөө л ялгаж салгах биз. Эмч та бурхнаас илгээсэн элч биш, харин энэ мэргэжлийг эзэмшиж зовж зүдэрсэн нэгэнд туслах тангараг өргөснөөрөө бусдаас онцгой. Эмч та лангуун дээр бараа наймаалцаж, өнгө мөнгөний төлөө улайраагүй, эрүүл энхийн манаанд өөрийн биеэ зориулах цагаан нөмрөгтөн гэдгээ ухаараасай. Энэхүү нийтлэлээрээ эмчийн ёс зүй, холбогдох албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагад хяналт тавих ёстой байгууллагууд зэрэг олон газраар явж материал цуглуулсан ч энд бичихийг хүссэнгүй. Хувь хувьдаа өөрийгөө өмгөөлсөн, хариуцлагаас зайлсхийсэн тэр олон албан тушаалтны ярианаас илүү эцсийн бүлэгт хүн хүнээрээ байгаасай гэж хүслээ. Өвдсөн зовсон, өнөө маргаашаа хүлээн байгаа ч эмчээс ч болов ганц сайхан үг олоод сонсчиход л илааршчих мэт санаж яваа тэдгээр хүмүүсээс загнаж зүхэж, айлгаж аргадан байж авсан хэдэн төгрөг яг одоо амьдралд тань хэрэг болж л байгаа байх. Гэхдээ танд үзүүлэхээр ирээд хөөгдөж гарсан тэр өвчтөний амь нас аав ээждээ, ханьдаа үр хүүхэддээ юугаар ч үнэлэшгүй эрдэнэ юм шүү эмч нараа. Ухаалаг нинжин сэтгэлтэй амьдарцгаая.

Сэтгүүлч У.ДАШБАТ