Охид минь өөрийгөө хайрла
“гэсэн нэгэн бүсгүйн харамсалтай түүхийг сонслоо.Намайг Т...гэдэг. Одоо 22 настай. Жилийн өмнө анх удаа бэлгийн харилцаанд орсон юм. Тэр залуу маань HPV буюу /умайн хзүүний хорт хавдрыг үүсгэгч/ вирустай байсан юм билээ. Жилийн дараа зовиурын улмаас эмнэлэгт оношлуулж, хорт хавдрын эхний шатанд хүрчихсэнээ мэдсэн. Эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн ч, хэзээ ч ээж болохгүйгээ сонсох аймшигтай байлаа"
Энэхүү нийтлэлээ бичих болсон шалтгаан нь чухамдаа энэ. Умайн хүзүүний хавдар... энэ үг танд холын сэдэв мэт санагдаж байгаа юм биш биз. Эмэгтэй хүн бүр зургаан сар тутам эсвэл жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх оношлогоонд зайлшгүй хамрагдах нь хамгаас чухал юм. Энэхүү нийтлэлийг уншин суугаа охид бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролд нэмэр болж, умайн хүзүүний хорт хавдар гэж юу болох, энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар хүчин зүйлээс шалтгаалж өвчилдөг, хамгийн нь гол урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд бүсгүй хүн бүрийг хамрагдаасай хэмээн бодсоных юм.
Эмэгтэй хүн бүр ээж болж, эрүүл монгол үрсийг өсгөн хүмүүжүүлэх учиртай
Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа ч умайн хүзүүний хавдар түүнээс дутахааргүй аюулын харанга дэлдэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар жил бүр 500 мянган эмэгтэй умайн хүзүүний хавдраар өвчилдөг бол манай улсад жил бүр 300 орчим эмэгтэй дээрх өвчнөөр өвддөг аж. Гэхдээ хамгийн харамсалтай нь охид эмэгтэйчүүд өвчилснөө мэдэлгүй явсаар бүр хүндэрсэн үед нь эмнэлэгт хандаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гурван шалтгаантай. Хамгийн эрсдэл өндөртэй нь хүний папиллом буюу /хөхөнцөр/ вирусээр үүсэх тохиолдол юм. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд замбараагүй бэлгийн амьдралтай, бэлгийн олон хавьтагчтай хүн энэ халдварыг авах, вирус тээх өндөр магадлалтай. Уг вирусын тээгч нь эр хүн боловч өөрөө өвчилдөггүй. Хоёр дахь тохиолдол бол хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндүүлэх үйл ажиллагаа. Энэ нь мөн л умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог. Гурав дахь эрсдэл бол үрэвсэлт өвчнийг эмчлүүлэхгүй удаан хугацаагаар явах, тамхи татах зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Умайн хүзүүний хорт хавдрыг анхан болон хоёрдугаар шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болоод бусад аргуудаар бүрэн эмчилж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмэгтэй хүн ихэнхдээ жирэмслэх боломжгүй болдгийг эмч судлаач нар судалгааны ажилдаа онцлон тэмдэглэсэн байна. Энэ бол амь нас, эрүүл мэндийн хохирлоос бага ч насан туршийн сэтгэлийн зовиурыг бий болгох эрсдэл юм. Учир нь умайн хүзүүний хорт хавдрын үед зайлшгүй эмчилгээ болох мэс заслын аргаар нөхөн үржихүйн гол эрхтэн болох сав, умай, өндгөвч зэргийг авдаг байна. Энэ нь эхний болон хоёрдугаар шатанд л авах арга хэмжээ. Харин хорт хавдрын эрсдэл нэмэгдэх дараа дараагийн шатанд тухайн хүний амь нас бүрэн эрсдэлд ордог байна.
Умайн хүзүүний хавдар өвчнөөр 30-45 насны эмэгтэйчүүд өвчлөх эрсдэлтэй байдаг ч, хавдрын өвчлөл улам залуужин төрөх насны охид бүсгүйчүүд ихээр өвчилж буй нь харамсалтай. Хавдар залуужиж буйн шалтгаан чухам юунд байна вэ? Бурууг эрүүл мэндийн салбараас бус, эмч нарын хариуцлагаас биш, харин өөрийн хувийн хариуцлагаас хайх хэрэгтэй.
Энэ хариуцлага юунаас эхлэх вэ? Эмэгтэйчүүд жил бүр үзлэгт тогтмол орж, умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх үзлэг хийлгэх, гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, ганц бие охид бэлгийн олон хавьтагчтай залуустай нөхөрлөхөөс зайлсхийх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч заавал хэрэглэж, хорт зуршлыг тэвчих, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх нь умайн хүзүүний хорт хавдар хэмээх таагүй өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга юм. Энэ нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрчүүд гэр бүлээс гадуурх болон тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бэлгийн ариун цэврийг сахиж, охид бүсгүйчүүдээ хайрлаж, гэр бүлдээ үнэнч байх ёстой. Ингэснээр гэр бүлээ уг өвчний эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой болно.
Ер нь монгол хүн бүр өвчинд өртсөн хойноо харамсах бус харамсахаасаа өмнө сэргийлдэг болох хэрэгтэй.
ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС БУС ӨМНӨ НЬ ШҮХЭР БАРЬ
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ, умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Энэхүү шинжилгээ нь ямарч үнэ төлбөргүй хийгддэг бөгөөд таны оршин суудаг харьяа дүүргийн өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн шуурхай авч байгаа юм. Эсийн шинжилгээг 30-60 насны эмэгтэйчүүд, 3 жил тутамд нэг удаа зайлшгүй хийлгэх шаардлагатай хэмээн үздэг. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй бөгөөд цаг хугацаа шаардахгүй. Тухайн хүнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчидас авна. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй учир эмэгтэйчүүд алгуурлаж цаг алддаг тал бий. Харин хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол үйл ажиллагаа нь өөрчлөгдөн хямарч хорт хавдарт шилждэг аюултай.
ХАВДАР ӨВЧИН ГАЗАР АВАХААСАА ИЛҮҮ ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ ЧУХАЛ БАЙНА. ХҮН ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЮУ ЮУНААС ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
ИРЭЭДҮЙН ЭЭЖ, ААВУУД АА !!! ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС БИЕСЭЭ ХАМГААЛЖ, АЙЛ ӨРХИЙН БАЯР БАЯСГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ, ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ ХАМТДАА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ.
Сэтгүүлч:Б.ХОНГОРСАЙХАН
