Бүсээ зүүе,зүүлгэе!
“Тэнд цагдаа явж байна. Бүсээ хурдан зүүгээрэй”, “Бүс зүүчихсэн юм шиг харагдуулдаг богино цамц байдаг гэнэ. Олж авах юмсан”, “Цагдаагийн хажуугаар явахаар бүсээ зүүчихээд эргээд тайлчихдаг, бие бариад эвгүй байдаг юм” хэмээн ярих хүмүүстэй та лав таарч л явсан байх. Магадгүй та өөрөө нэг нь байж болох. Эрхийг тань зөрчин байж, бүс зүүхийг шаардаад байгаа мэт зарим хүн хүлээн авдаг бололтой. Татвар бүрдүүлэх гэсэн ядмаг арга гэж бодох нэгэн ч бий. Үнэн хэрэгтээ жолооны ард бүсээ зүүнэ гэдэг болзошгүй аюулаас таны болон бусдын амь насыг хамгаалж буй хэрэг. Та үнэхээр жолоо сайн барьдаг байлаа ч та ганцаараа замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг санах хэрэгтэй.
Бид энэ удаагийн “Энэ сэдвээр...” булангаар аюулгүйн бүсний эргэн тойрон дахь асуудлыг хөндөхийн зэрэгцээ жолооч нарт бүсээ байнга зүүж хэвшихийг уриалж байна.
ЖОЛООНЫ ХҮРД БОЛ ХАРИУЦЛАГА
Машинтай л болчихвол олон ажил амжуулна даа хэмээн хүмүүс ярьдаг. Тиймээ, нэгэн үе автомашин гангараа, хөрөнгө чинээтэй хүмүүсийн унаа байсан бол өнөө цагт энгийн хэрэглээ болжээ. Машингүй бол нийтийн тээвэр дамжина, олсон хэдэн төгрөгөө таксинд өгөх, эсвэл алхана. Харин хүмүүс амар хялбарыг нь бодож, хэн бүхэн хувьдаа хөл залгуулах унаатай болохыг хүсэмжилнэ. Мэдээж цаг нартай уралдан ажил, амьдралаа зохицуулах болсон энэ цагт унаа шиг хэрэгтэй зүйл үгүй. Үүний дээр болсон болоогүй жолооны курст, өнжин таслан сууж, жолооны дүрэм мэдэхтэй үгүйтэй "багачууд" жолооны үнэмлэхтэй төгсөж, өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцоно. Хэрэгцээ шаардлагаа хангах гэсэн хүмүүсийн энэхүү хүсэл зорилгыг буруутгах гээгүй ч, нөгөө талаас автомашин бол хүний амь нас, эрүүл мэндтэй салшгүй холбоотой сонголт гэдгийг нэн түрүүнд бодохгүй байгаад асуудлын гол зангилаа байгаа юм.
Жолооч машинд яваа хүмүүсийн амь насыг жолооны хүрдний хамт барьж явдаг гэдгээ ухамсарладаг болов уу. Тиймээс жолоочийн үйлдлээс машинд яваа хүмүүсийн эрүүл мэнд, амь нас шууд хамааралтай гэдгийг хэн тэдэнд ойлгуулж, ой тойнд нь суулгаж өгөх вэ? Насанд хүрсэн хүн жолоо барих эрхтэй хэмээн зүгээр ч нэг нас заагаагүй. Тэгвэл энэ асуудалд чухал үүрэгтэй хүмүүс бол жолоо барих мэдэгдэхүүнгүй хүмүүст анхны “А” үсгийг зааж буй жолооны багш нар. Гэвч манайд 45 хоногийн курс дамжаанд суугаад л жолооч болж, үнэмлэхээ авч байна. Үнэндээ зарим нэг нь жолоо барьж сурчихаад үнэмлэхээ танил талаараа авах тохиолдол цөөнгүй. Жолоо мушгих бол баруун зүүн дарах, урагшлах ухрах араанд хийх хэмээн боддог манайхны буруу сэтгэлгээний балгаар осол хэдэн мянгаараа бүртгэгдсээр байна.
ХАМГААЛАХ БҮС ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА
Энэхүү асуултын хариулт нь нэгдүгээрт, таны сонор сэрэмж, хоёрдугаарт автомашины тань суудлын бүс болзошгүй ослоос аврах болно. Суудлын бүс нь амь насыг 100 хувь хамгаалахгүй ч, аливаа ослоос хамгаалах хамгийн анхны аврагч болдог. 2014 оны байдлаар гарсан автомашины ослын үеэр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, зорчигчдын талаас илүү хувь нь хамгаалах бүсээ зүүгээгүй байжээ. Хохирогсдын хөдөлгөөнд оролцож байх үеийн автомашинд зорчиж явсан байрлалаас харвал 50 орчим хувь нь урд суудалд, 40 орчим нь арын суудалд, харин 10 орчим хувь нь дунд буюу бусад суудалд сууж явжээ.
Нийслэлд хамгаалах бүсний хэрэглээний талаар судалгаа хийхэд 2 жолооч тутмын 1 нь хамгаалах бүс хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн урд сууж яваа 10 хүний 9 нь хамгаалах бүс хэрэглэдэггүй гэсэн дүн гарсан байдаг.
Тэгвэл жолооч нарыг, мөн автомашинаар зорчиж байгаа иргэдийг бүс зүүлгэж хэвшүүлэхийн тулд энэ сарын нэгнээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд хууль мөрдөгдөж эхлээд удаагүй ч үр дүн сайн байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тухайлбал, жолооч болон жолоочийн хажууд сууж яваа зорчигчийн 98 хувь нь байнга аюулгүйн бүсээ зүүж хэвшжээ. Хэдийгээр мөнгөн торгууль оногдуулах заалттай ч торгуулахгүйн тулд бүсээ зүүх биш, амь нас, эрүүл мэндээ хамгаалах үүднээс хэвшил болгох сэтгэхүй хэрэгтэй.
~Хөдөө орон нутаг, холын замд зорчигч хамгаалах бүс зүүж явбал донсолгоонд ядрахгүй, тав тухтай зорчих боломжтой. Зарим жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй. Уг нь жолооч дүрэм журмаа биелүүлээд, замын хөдөлгөөнд сахилгатай, соёлтой оролцохыг зорчигчдод үлгэрлэх нь аюулгүй байдлыг хангахад дөхөм болох. Үнэндээ хамгаалах бүс зүүхийг жолоочоор, цагдаагаар шаардуулдаг зорчигч өөрийгөө болоод жолоочийг, бусдыг үл хүндэтгэж буй хэрэг~
ХАМГААЛАХ БҮС УРД СУУДЛЫН ЗОРЧИГЧИЙН ГЭМТЛИЙГ
48-57 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛДАГ
Хамгаалах бүс хэрэглэсний ач холбогдол, зүүгээгүйгээс учрах хор хохирлын талаар манай улсад нарийвчилсан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа ч гадаадын зарим оронд хамгаалах бүс хэчнээн их ач тустайг гаргасан тооцоо, судалгаа байдаг ажээ. Тухайлбал, Герман, Франц, АНУ, Япон, ОХУ-ын хувьд зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 80 гаруй хувь нь тархины доргилт авдаг бол хамгаалах бүс хэрэглэсэн үед дээрх тоо 20 хувь хүртэл буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн дээрх орнуудад хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүр болон толгойн гэмтэл авч, 53 хувийнх нь тархи доргисноос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.
Түүнчлэн Швед улсын “Вольво” фирм хамгаалах бүс хэрэглэхийн ач холбогдлын талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Хамгаалах бүс нь урд суудалд сууж яваа хүмүүсийн гэмтлийг 48-57 хувиар, 90 км/цагийн хурдтай яваа машин осолдоход хүн нас барах явдлыг 55-63 хувиар, толгой, цээжний гэмтлийг 60-85 хувиар, хавирганы хугарлыг 28 хувиар тус тус бууруулдаг болохыг тогтоожээ. Хамгаалах бүс нь өөрийнхөө үүргийг хот хоорондын замд төдийгүй хотын дотор ч сайн биелүүлдэг хэмээн АНУ-ын судлаачид үзсэн байна. Тэдний хийсэн судалгаагаар хотын замд машин мөргөлдөх давтамж хотын гаднах замаас хавьгүй илүү байдаг ба 30-60 км/цагийн хурдтай явах үед осол гардаг гэж үзжээ. Түүнчлэн хурдны дээд хэмжээнд хамгаалах бүс хэрэглэвэл гэмтэл 2.3 дахин, нас баралт 3.6 дахин багасдаг байна.
ХҮҮХЭДДЭЭ ХАЙРТАЙ БОЛ ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ БЭЛД
Автомашиндаа бяцхан үрсээ авч явахдаа томчууд бидний түгээмэл гаргадаг алдаа бол зориулалтын суудалгүй замын хөдөлгөөнд ордог явдал. Хүүхдийн машины суудал хэн нэгний ашиг олох гэж бүтээсэн бүтээл биш юм шүү. Хүүхдийг автомашинд аюулгүй авч явах хэрэгцээ шаардлагаас урган гарсан учраас энэ нь хүүхдийн бяцхан биед таарч тохирсон, бэхэлгээ сайн, доргилт бага өгөх зэрэг олон талын давуу талтай. Харин манайхан үүнийг “Мөнгөний гарз. Суудлын бүсийг нь сайтар зүүчихэд л хангалттай” хэмээн дутуу үнэлдэг нь харамсалтай. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд манайхан хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа ч өнгөрсөн жил хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол бүртгэгджээ. Хайхрамжгүй энэ зангаасаа болж ямар аймшигтай хагацал үзэхээ мэдээж төсөөлж чадахгүй.
Зориулалтын суудалд суулгаагүй, бүр суудлын бэхэлгээг нь хүртэл зүүлгэлгүй замын хөдөлгөөнд оролцдог олон эцэг, эхчүүд бий. Ер нь, хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог гэдэг нь хэдийнээ судалгаагаар тогтоогдсон. Тиймээс үүнийг ч гэсэн бодолцож, хүүхдүүдээ арын суудалд суулгаж, зориулалтын биш юмаа гэхэд суудлын бүсийг нь заавал зүүлгэж хөдөлгөөнд оролцож байх нь хамгаас чухал. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, машины цонхоор толгой, гарыг нь гаргаж явах нь хатуугаар хэлэхэд хүүхдээ зориуд эрсдэлд оруулж байгаа хэрэг!
ЖОЛООЧ ТА ХАМГААЛАЛТЫН БҮСЭЭ ЗҮҮХГҮЙ БАЙСНААР ЗАМЫН ЦАГДААГ БИШ, ӨӨРИЙГӨӨ Л ХУУРЧ БУЙ ХЭРЭГ. ТИЙМЭЭС ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАА ЖОЛООНЫ АРД ДААТГАСАН ГЭДГЭЭ ҮРГЭЛЖ САНАЖ, ЖОЛОО БАРИХДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ БАЙГААРАЙ. МӨН ЖОЛООЧ ТА АВТОМАШИНДАА СУУЛГАСАН ХҮМҮҮСТ БҮСЭЭ ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨЖ, БЯЦХАН ҮРСЭЭ АВЧ ЯВАХ ГЭЖ БАЙГАА ҮЕДЭЭ ЗААВАЛ ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД НЬ СУУЛГАЖ, БЭХЭЛГЭЭГ НЬ ХИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ЗӨВЛӨЖ, БАС САНУУЛЖ БАЙНА.
АВТОМАШИНД ТАНЬ ЗОРЧИЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АМЬ НАС ТАНЫ ГАРТ...
Сэтгүүлч Б.БАЯРЖАРГАЛ
