Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:Дуучин Лодойн Банзрагч

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:Дуучин Лодойн Банзрагч

“ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ, НЭГ НЭГНЭЭ УУЧИЛЖ, ИТГЭДЭГ БАЙХАД ГЭР БҮЛ БАТ ОРШИНО”

8 сартай бяцхан хүү

1978 онд Увс аймгийн Тэс сумын амаржих газар гэр бүлийнхээ 10 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Багадаа сахилгагүй бор жаал байсан гэдэг. Гэхдээ сургуульд сурахдаа сургуулийнхаа дотуур байранд дүүтэйгээ хамт байж, гэрээ санаж, өлсөхийн зовлон, тэр хэрээр хатуужиж, хариуцлагатай болох, амьдралын ухааныг сурсандаа олзуурхаж, хэрсүү өссөн хүү. Ангийнхаа “Үсэглэлийн баяр”-аар Б үсэг болоод “Борхон тойрмын захад, Бяцхан хөөрхөн ботго…” гээд “Ботгоны дуу”-г дуулсан нь түүний анхны дуу байж, түүнээс хойш сургуулийнхаа урлагийн үзлэгт их оролцжээ. Харин 5 дугаар ангийн сурагч байхдаа сум сумаас шалгарсан авьяаслаг хүүхдүүд аймгийн урлагийн үзлэгт оролцож, эндээс шалгаран медаль хүртэж анх удаа хилийн дээс алхсан байна. Ингээд сарын хугацаанд Оросын Горный, Алтай, Биск, Барна-Ул зэрэг хотуудаар аялан урлагийн сайхныг мэдэрч, дуучин болох хүсэлдээ улам автсан гэдэг.

Ингээд 1996 онд дунд сургуулиа төгссөн 18-тай хүү аймгийнхаа театрт дуучнаар ажиллах болов. Тухайн үед театр томоохон тоглолтыг тавихаар болж, нийслэлээс Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУГЖ Ж.Мэнд-Амар нар иржээ. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байхад сумдын авьяаслаг хүүхдүүдийг театртаа орон тооны бус ажилтан болгон авч байж. Тэр дунд өөрөөс нь дөрвөөр дүү 14-хөн настай бүжигчин охин Д.Энхцэцэг ирсэн нь ирээдүйн хань болох хүн байсныг тэрхэн үедээ хэрхэн мэдэх билээ. Ингэж л анх учирч байсан хоёр. С.Сүхбаатар гуай “Чи аймагт ажиллаад байвал хөгжихгүй шүү. Сурч боловсор” гэж түүнд их зөвлөдөг байж. Ингээд 1998 онд хөдөөгийн театруудын дунд “Хөх Монгол” нэртэй уралдаан зохион байгуулагдаж, улсын хэмжээнд Увс аймгийн театр түрүүлж байлаа. Тус уралдааны дараахан С.Сүхбаатар, Ж.Мэнд-Амар гуай нар түүн рүү утсаар ярьж, хотод АЖ, Төрийн Соёрхолт Д.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан болох гэж байгааг дуулгажээ. Ингэж анх хотод хөл тавин, энэ уралдаанаас тусгай байрын шагналыг хүртэж байв.

Түүний ээжийг Б.Дагдан гэдэг. Театрт ажилладаг хүүгээ эргэхээр аймагт ирэхэд нь хамтдаа зургаа авахуулж байсан нь энэ.

1996 онд аймгийн театрынхаа дуучин байх үест түүний аав хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж. Энэхүү зургийг түүний оюутан ангийн анд Сандаг зурж, дурсгаж байв.

Ингээд багшийнхаа зөвлөснөөр 1999 онд СУИС-ийн Уртын дууны ангид тэнцэн, хотод ирж, МУГЖ, доктор профессор Ц.Дэлгэр багшийнхаа удирдлаган дор мэргэжлийн уртын дуучин болох их замналдаа хөл тавьсан гэдэг. “Аавын хүү алдахгүй ч биш дээ Амьтай орчлонд түмнээ түшье дээ…” хэмээн уянгалах Ч.Батцэндийн аялгуу, Х.Батхишигийн шүлэг “Ухаарлын дуу” бол түүний анхны уран бүтээл. Мөн АЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг “Сүндэръяа” хэмээх дууг нэгдүгээр курсын оюутан байхдаа буюу 2000 онд дуулж, олонд хүргэж байжээ.

Л.Банзрагч оюутан болоод удаагүй байхад түүний хань хотод ирснээр, хос хоёр дахин учирч хайрын харилцаа үүсэв. Түүний ханийг Д.Энхцэцэг гэдэг. “Соёл эрдэм” ДС-ийг Япон хэлний багш орчуулагчаар төгсөөд, МУИС-ийн ХҮДС-ийг Нягтлан бодох мэргэжлээр төгсөн, өдгөө Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны Дэлхийн банкны эрчим хүчний төсөл дээр ажиллаж байна. “Сурсныг сураар боож болдоггүй” гэдэгчлэн анхлан “Ахаа” гээд сурчихсан хойно “Банзай” гэхэд л ард нь “Ах” гэдэг үг автоматаар хэлэгдчихдэг байсан болохоор нэрээр нь эсвэл чи хэмээн дуудаж чаддаггүй байж. Одоо ч гэсэн “Та”, “Ханиа” л гэж авгайлдаг гэнэ. Л.Банзрагч: “Би ханийгаа эргүүлчих гээд л гүйгээд байдаг. Энэ маань өөдөөс “Ах, ах” гээд байдаг. Тэгж 2 жил эхнэрийгээ найрч явсаар нэг гэр бүл болсон доо.”

2007 онд гэр бүл болсон хоёр, дараа жил нь анхны үрийнхээ зулайг үнэрлэн аав, ээж болов. Л.Банзрагч өөрөө өнөр өтгөн гэр бүлийн нэгэн гишүүн нь юм болохоор олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэнэ. Одоо зорилгынхоо тал хувьд нь хүрч, Б.Эрхэмбилэг, Б.Мандухай гэсэн хүү, охины аав, ээж болжээ. Хүү нь одоо 6 нас хүрч буй бөгөөд ирэх намар сурагчийн ширээнд суух бол отгон гишүүн Б.Мандухай 3 сартай.

Түүний хувьд бие даасан “Эргэн санах аялгуу”, “Ардын дуугаар ая барья”, “Түмэндээ өргөх дуу”, “Ижий тандаа” зэрэг таван удаагийн тоглолт хийсэн байдаг бол хамтарсан тоглолтуудаас дурдвал МУГЖ Г.Батбаяртай хамтран “Амьдран буй цаг хугацаа”, Д.Бурмаа, Г.Мөнхбат хоёртой “Миний ардын сэтгэл цагаан”, “Үргэлжлэл…”, “Төрсөн нутгийн бараа”, харин Л.Болдбаатар, Т.Батсайхан нартай хамтран “Нэг ангийнхан”, “Эр хүнд танд дуулъя” зэрэг нийтдээ 11 удаагийн тоглолтыг нийслэл хотноо тавьсан байдаг бол Монгол орноо нар зөв 4 удаа тойрсон гэдэг. Харин ОХУ, ӨМӨЗО, БНХАУ, БНСУ, АНУ-ын 60 орчим хотоор аялан тоглолт хийжээ. Тэр бүхэнд урлагаа, тайзаа, үзэгч олноо хүндэтгэн үндэснийхээ дээл гоёлоороо гангарсаар өдгөө 40 гаруй дээлтэй болжээ.

Түүний өөртөө шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл нь нийтийн дуу руу орж, уртын дуугаа орхигдуулсан явдал гэнэ. Учир нь нийгэм, цаг үеэ дагаад, нөгөө талаар урлагийн бас нэгэн “бизнес” болсон энэ салбарт орсноор өөрийн ахуй амьдралаа ч дээшлүүлсэн гэдэг. Гэхдээ тэглээ гээд муу зүйл байхгүй ч цааш цаашдаа уртын дуугаа дэлгэрүүлэх ажилд улам шамдахаа амласан. Үүний нэгэн ажил нь өөрийн багштайгаа ярилцаж байгаад СУИС-ийн уртын дууны хичээлийн сургалтанд Баяд ардын нэлээд олон дууг оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Учир нь эхлэн суралцагчдад дуулахад эвтэйхэн бэсрэг уртын дуунууд гэнэ. Түүний хувьд сургуулиа төгсөх дипломын ажлаа “Баруун монгол ардын уртын дууны онцлог” сэдвээр өндөр оноотой хамгаалж байжээ. Л.Банзрагч: “Үе үеийн сайхан дуучдын тэр дундаа МУГЖ Д.Банзрагч хэмээх агуу хүний дууг энэ цаг үед нэр нэгтэй мэндлэн ирж, тэр хүний орхигдсон орон зайг өөрийнхөө хэр хэмжээнд дуулж дахин амьдруулж явах хувь тавилан надад заяажээ. Энэ том хишиг буяндаа талархан, залбирч явдаг даа.”

Банзрагч монгол хоолонд дуртай нэгэн. Бүхэл мах ногоотой чанах, гурилтай шөл, бууз хуушуураас ер буцахгүй. Зав гарвал гэр бүлдээ зориулан гарынхаа хоолыг хийнэ дээ. Харин хүү нь будаанд нугасгүй болохоор энэ гэр бүлийн бас нэгэн нэрийн хоол нь будаатай шөл, хуурга.

Баяд ястны эдэлж, хэрэглэдэг эмээл. Түүний хувьд монгол хүний л нэгэн адил морьдын тоосонд баясдаг эр хүн. Төв аймгийн Аргалант суманд өөрийнх нь хэдэн морьд бий. Уяа сойлгыг нь тааруулаад хүчийг нь үзэх дуртай. Сумын наадамд хоёр ч удаа айрагдсан хурдан хүлгүүд бий.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШДОГ ВЭ? Л.БАНЗРАГЧ: Гэр бүл хайр, итгэлцэл дээр оршиж, хайран дундаас дэлбээлсэн үр хүүхдүүдтэйгээ хамт үнэ цэнэтэй байдаг. Хэдий гэр бүл ч гэсэн маргалдаж, муудалцах зүйл тохиолдож л таарна. Тэр үед нь хүлээцтэй байж, нэг нэгнээ уучилж чаддаг, итгэдэг байхад гэр бүлийн уур амьсгал зөөлөн, дулаан байж, аз жаргалтай амьдрал улам л үргэлжлэх болно гэдэгт итгэдэг. Мөн эрүүл байх хэрэгтэй. Бие эрүүл байхад ухаан саруул байж, ажил хөдөлмөр, гэр бүлээ тэтгээд л яваад байна шүү дээ. Д.ЭНХЦЭЦЭГ: Тийм ээ, яг л хайр, итгэлцэл оршиж байж л гэр бүл бат тогтоно. Ялангуяа урлагийн хүний ар гэр байна гэдэг итгэлгүй бол оршихгүй юм. Ханьдаа, хайртдаа итгэж байж л гэр бүлээ улам л сайн сайхнаар авч явна шүү дээ.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ