Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › ЦӨЛЖИЛТ?Аюулын харанга

ЦӨЛЖИЛТ?Аюулын харанга

Борооны дараах түүний гайхалтай сайхан үнэр хамар цоргиож, манан татуулна. Голын ус шоржигнон дуугарч, энэ тэнд голио, царцаа исгэрч, тарвага гошгирно. Өвс ногоо хөлийг минь гижигдүүлж, доороос минь бүлээхэн илбэнэ. Агаар нь биеийг минь таалж, үнэр нь ухааныг минь сэлбэнэ. Ийм л гайхамшигтай нутагт амьдарч байсансан, бид. Гэтэл одоо байдал эсрэгээрээ эргэжээ. Бидний тэр цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, цэлийн харагдах үзэсгэлэнт сайхан нутаг усны минь дийлэнх нь цөлжилтөнд нэрвэгдэж, нүүгэлсэн хар шороон шуургаар манан татаж, зарим газраар бүр харахын эцэсгүй, амьсгалахын ч аргагүй дүр зураг энэ цагт бий болчихжээ. Уух ус нь дундарч, ургамал ногоо ч ургахаа байж, нэг л их шороон шуурга тавьсан нутаг болсон хувирч байна. Бид ийм болгохыг хүссэн гэж үү?

Өмнө нь бид байгалиа хэрхэн хамгаалах талаар ярилцаж хэлэлцдэг байсан бол энэ цаг ард хоцорчээ. Одоо гагцхүү үүсээд байгаа асуудлыг хэрхэн алга болгох вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлэх болж. Бидний өмнө байгаль орчны тулгамдаж буй асуудлууд одоогийнхтой харьцуулахад маш цөөхөн байсан бол одоо ан амьтан, ой мод, ус, уур амьсгалын дулаарал гээд сэглэгдээгүй үлдсэн нэг ч амьд организм даанч үлдсэнгүй дээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч нь энэ цагт амьдрал дээр биеллээ олж, маш олон удаа сануулаад байхад юуман чинээ бодолгүй явсаар энэ цагт байдлыг хурцаар тавигдахад хүргэсэн байна. Мэдээллийн хэрэгсэл бүрээр “Байгалиа хайрлан хамгаалья” хэмээн тоолбол дуусашгүй олон удаа нийтэлж, нэвтрүүлж байлаа. Тухайлбал, дээрх асуудлаар бичсэн сайн нийтлэлүүдээс дурдахад, сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж цаазын давцанд”, Ц.Цэен-Ойдовын “Цаазаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” зэрэг нийтлэл, Б.Галааридын ”Шар тэнгисийн тарчлаан” зохиол зэрэг тухайн үедээ үр өгөөжөө өгч байсан гайхалтай сэтгүүл зүйн бүтээлүүд гарсаар байсан боловч тэрүүхэн тэндээ шуугиад л эргээд үл тоомсорлон явсаар байдлыг хүндрүүлчихсэн нь энэ.

Өнөөдөр экологийн өмнө тулгамдаад байгаа асуудал нь зөвхөн нэг үндэстний бус, дэлхийн нийтийн асуудал болжээ. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт эрс нэмэгдэж байгаа нь энэ бүхнийг бий болгох гол нөхцөл нь болж байгаа хэдий ч хүний үйл ажиллагааны нөлөөллийн улмаас ч улбаатай. Ялангуяа, дэлхий нийтийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь “Цөлжилт” болоод байгаа учраас үүнд илүү их анхааралаа хандуулах болсон. Байгалийн гамшиг болох цөлжилт нь урд өмнө төдий л дурдагддаггүй асуудал байсан бол энэ цагт хүрээлэн буй орчны хамгийн хөндүүр асуудал нь болчихсон явна.

“Цөлжилт” гэсэн энэ нэр томьёог 1947 онд анх удаа Францын ботаникч, экологич Аубревилле нь Афракийн Саваннын тропикийн ойг түймэр, мөн хүмүүс маш ихээр огтлон сүйтгэсний үр дагаварт бий болсон экосистемийн өөрчлөлт, газрын доройтлыг судлах явцдаа гаргаж иржээ. Цөлжилт нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс шалтгаалсан олон талт асуудал юм. Түүнийг байгаль экологи, уур амьсгал, биологи, эдийн засаг, нийгмийн зэрэг хүчин зүйлүүдтэй хамааруулан тайлбарласан олон тооны тодорхойлолт, тайлбар ч байдаг. Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцид “Хуурай, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт уур амьсгалын өөрчлөлт, мөн хүний үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн хүчин зүйлээс үүдэлтэй газар буюу газрын бүрхэвчийн доройтлыг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Өнөөдөр гэхэд л, дэлхийн 200 гаруй улс орноос цөлжилт, ган гачигийн улмаас дэлхийн гадаргын дөрөвний нэг, хүн амын тавны нэг бүхий 110 улс оронд цөлжилт хүчтэй явагдаж байна. Эрдэмтдийн судалгаагаар 2025 он гэхэд, дэлхий хуурай газрын гуравны нэг орчим нь цөлжилтөнд өртөх төлөвтэй байгааг тогтоожээ. Үүний улмаас дэлхий нийтээрээ хамтран цөлжилтийн хор уршгийг шийдвэрлэх үүднээс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц”-ийг 1994 онд баталж, түүнд улс орнууд нэгдэн орж, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбрүүдийг боловсруулан амьдралд хэрэгжүүлсээр байгаа.

Харин манай орны хувьд, нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилтөнд өртөх магадлалтай нутагт хамаарагддаг байна. Цөлжилтийг нэн хүчтэй, хүчтэй, сул гэж ангилах бөгөөд үүний нэн хүчтэй зэрэглэлд нутгийн 26%, сул зэрэглэлд 23% нь үүнд өртжээ. Цөлжилтийн нэн хүчтэй болон хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нуруудын хотгор, Нуруудын хөндий, Дундговь болон Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа юм. Энэ бүхэнд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан явдал юм. Тухайлбал, 2007 оны усны хэмжээг 1970 онтой харьцуулахад 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатаж ширгэсэн байна.

Энэ бол одоогоос 6 жилийн өмнө гаргасан тоо. Уул уурхай эрчимтэй хөгжиж, энэ хэрээрээ монгол орны өнцөг булан бүрт газар шороог сэндийчин ухаж, эдгээрийн ихэнх нь эргэн нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас дээрх тоог улам нэмэгдүүлсэн нь тодорхой. Үүн дээр нь өнцөг булан бүрт хууль бусаар алт олборлож буй “нинжа” нар нэмэгдэнэ. Ухаж малтсан газар шороогоо эргэн нөхөн сэргээхгүйн дээр хориотой химийн бодисыг хамаа замбараагүй хэрэглэнэ. Энэ мэт олон хүчин зүйлс цөлжилтөнд нэрвэгдэх гол шалтгаанууд болсоор байгаа хэдий ч хөдөө орон нутгаар дорвитой арга хэмжээ авч байгаа нь ховорхон нь харамсалтай. Харин нийслэл хот нэг үеэ бодвол ногоон байгууламж олонтой, мод бут элбэг болсноор зогсохгүй тоос шороог дарах зориулалтын усалгааны машин зэрэгтэй болсон нь сайшаалтай.

Цөлжилт нь зөвхөн газрыг хуурайшуулаад зогсохгүй нийгмийн хувьд олон сөрөг үр дагаврыг ч давхар дагуулсаар байдаг. Тухайлбал, хуурай, гандуу бүс нутгийн тухайд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээр хамгийн доогуурт, нярай хүүхдийн эндэгдлээр хамгийн дээгүүрт бичигддэг байна. Үүгээр ч зогсохгүй, байгаль орчны доройтол, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн, зөрчилт байдал зэрэг битүү цагиргийг бий болгож байгаа төдийгүй үүний нөлөөнд байгаа улс орнуудын тухайд улс төрийн тогтвортой байдалд ч аюул учруулахаар ийм нэн чухал асуудал болоод байгаа юм.

Гэхдээ бид байдал ийм байна гээд гараа хумхиад суух эрхгүй. “Нүдэн балай чих нь дүлий явах” бус ядаж дор бүрнээ байгалиа гэсэн зүрх сэтгэлтэй байж, өөрийн зүгээс хийх бүхий л арга хэмжээг авч байх хэрэгтэйг өнөөдрийн үүсээд байгаа энэ нөхцөл байдал бидэнд сануулаад байх шиг. Цөлжилтийг огт байхгүй болгоно гэж үгүй учраас бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаа. Зарим улс орнууд үүнээс гарах арга замыг ч гэсэн олсон байх юм. Тухайлбал, БНХАУ-ын нэгэн муж болох Шинжиан нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай, газар нутгийнх нь ихэнх хувийг хуурай, гандуу газар эзэлдэг учраас энэ асуудал нь тэдний хамгийн чухал нь болоод байжээ. Харин эрдэмтэн судлаачид нь цөхрөлтгүй гарах гарцыг эрэл хайгуул хийсний эцэст хамгаалалтын ойн зурвас байгуулах нь үүнийг бууруулах хамгийн хурдан хийгээд үр дүнтэй арга гэдгийг нотолжээ. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын ногоон ойн цогцолборыг бий болгоно гэсэн үг. Уг эрдэмтдийн судалгаанаас харахад, 100 м өргөнтэй хамгаалалтын ойн зурвас нь салхи, нуралт болон шороон шуурганаар зөөгдөх элсийг 90% хүртэл сааруулдаг байна. Харин 244 м өргөнтэй ойн зурвас нь 97% хүртэл сааруулах чадвартай аж.

Энэ мэтчилэн гадны орны туршлагаас судалж, өөрийн орондоо ялангуяа хамгийн ихээр цөлжиж буй нутгуудад нэн даруй хариу арга хэмжээг авч эхлэх шаардлагатай бид нүүр тулжээ. Бид хүсэх л юм бол бүхнийг хийж чаддаг ард түмэн учраас бидэнд одоо чин сэтгэлээсээ хүсч, үүнд гар бие оролцож, дуу хоолойгоо нэгтэх л үлдээд байна. Булт олноороо эх дэлхийгээ хайрлан хамгаалын төлөө чин зүрхнээсээ хүсцгээе.

“Ганц болтугай мод ургуулаад үзье

Ирээдүйд түм болж юуны магад

Газарт хөлөө зөөлөн гишгэж байя

Дэлхий баярлаж юуны магад”…

Сэтгүүлч Б.БАЯРЖАРГАЛ