Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан

Монголын Ардчилсан Холбооны Хүний эрхийн шагналт, Алтан гадас одон, Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одон, Ард түмний гавьяат, МАЧХ-ны тэргүүн, ХЭЗХТ-ийн тэргүүн… гээд энэ шавилхан бүсгүйн нэрний өмнө маш олон цол, гуншин бичигдэнэ. Хэний ч мэддэггүй байсан жаахан шар бүсгүй хэрхэн хүн бүхний мэдэх Баасан болсон юм бол? Орой бүр телевизээр жагсаал цуглаан хийж, цагдаад баривчлагдаж, Баасан “авгай” тэглээ ингэлээ гэж нэг хэсэгтээ л хэвлэлийн баатар болж байсан энэ эмэгтэй тэмцлээ зогсоосон уу? эсвэл…? гэх зэрэг олон асуултанд хариулт олохоор хаалгыг нь тогшлоо.

Гурван настай Баасан охин

1985 он залуу хос

Ийм нэгэн хайрын түүх

Гэрийн эзэнг Л.Батдорж гэдэг. Гэр бүлийн хоёр нэг дор тоглож өссөн хар багын найзууд. Баагий хүү Ганданд байдаг гэрээсээ хичээлдээ явахдаа Баасангийнхаа гэрийн хажуугаар гардаг байж. Хамтдаа сагс тоглож, кино театраас салдаггүй хүүхдүүд байв. 1976 онд буюу 6-р ангиасаа хойш бие биенээсээ холдож чадахааргүй хамтдаа тоглож наадах болжээ. Баасан охин 9-р ангид байхад дурлалт хар хүү нь цэргийн албанд мордож, гурван жилийн дараа 1981 онд тэд нэг гэрт оржээ.

Ажил амьдралын гараа

Баасан гэр орны ажилд тусалдаг, эршүүд талдаа охин байв. 7-р ангиасаа л зуныхаа амралтыг зүгээр өнгөрөөлгүй ажил хийж эхэлжээ. Хайрцагны заводад хайрцаг хадна, эх нялхсын нярайн тасагт асрагч, худалдагч, албан газрын өлгүүрт хүртэл ажиллаж, хүүхэд байхаасаа л цаг минуттай уралддаг байж.

Сургуулиа төгсөөд хуваарь авч чадсангүй. Нэг жил өнжих зуураа СОТ2-т барилга дээр шаварчин хийжээ. Дараа жил конкурсэндээ тэнцэж Дарханы политехникумд суралцсан ч дэндүү хол санагдаж, хотод багшийн сургуульд элсэн орлоо. Энэ үед Хэнтийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй гэж сайхан нутагт “энх хөдөлмөр” хөдөлмөрийн отряд удирдан очжээ. Малын хашаа барьж, хөрзөн цэвэрлэнэ. Угаас ажилч гавшгай Баасанг тоож нутгийн олон “буцаж ирж ажиллаарай” гэхэд, “заавал ирж ажиллана” хэмээн ам гарчээ. Багшийн сургуулиа төгсөөд Багшийн дээд сургуульд орох байсан ч өөрийн хүсэлтээр Хэрлэнбаян-Улаандаа хуваарилагдлаа. Хотын хүн өөрийн хүсэлтээр ирсэнд нутгийнхан, дарга нар нь үнэмшихгүй, их л гайхсан гэдэг.

Шинэхэн ирсэн багш, мужаан хоёрт байр зааж өглөө. Гэтэл дээвэр нь нурчихсан, пийшин нь халдаггүй утаа май тавьдаг, тэнэмэл морь байнга байж байдаг, хүн амьдардаггүй байр байж. Хос хоёр барилга дээр ажиллаж байсан туршлагатай тул байраа өөд нь татаж авч байснаа одоо ч дурсах сайхан байдаг гэсэн шүү. Ажил, амьдралын гараа, бүхий л зүйл нь холбоотой байдаг болохоор нутгаа гэж боддог гэнэ билээ.

Баасан авгай

2005 онд 400 гаруй ахмадын 78 хувь нь санал нэгтэйгээр гар өргөж Г.Баасанг АЧХ-ны тэргүүнээр сонголоо. Энэ л цагаас Баасан авгай гэгдэх болж, өдгөө найман жил өнгөрчээ. Ахмадуудынхаа дунд орж, тэднийгээ удирдаад явахаар Баасан гэж 60 гарчихсан хүн гэж ойлгодог байсан юм билээ. Ахмад болсондоо ахмадын байгууллагыг удирдаагүй. Тэдэндээ тулгамдаад буй асуудлыг илүү тавьсан болохоор ахмадууд нүд, чих, гар, хөл бол гэж даргаараа тавьсан гэнэ. “Би үгүй гэж хэлж чадаагүй. Надад ямар нэр өгөх нь чухал биш. Би л өөрөө үйлсээ бүтээгээд, намайг гээд ирсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь чухал” хэмээн тэрээр ярьсан юм.

Том охин Б.Оюун-эрдэнэ ОУ-ын харилцаа төгссөн. Том хүү Б.Билгүүн ХУИС-ийн ОУ-ын харилцааны оюутан. Бага хүү Б.Ариунбаяр 51-р сургуульд сурдаг. Хүргэн Б.Ганболд Дотоодын цэргийн ангид ажилладаг. Зээ охид Г.Эрдэнэжаргал, Г.Ариунзаяа нэг насны зөрүүтэй ч чацуу юм шиг байлгадаг гэнэ. Хоёул 2-р ангид сурч байна.

Гэрийнхээ хойморт бурхан тахилаас илүүтэй Алтан соёмбот төрийнхөө сүлдийг дээдлэн залжээ.

Хобби

Гэр бүлийн хоёр аль аль нь тамхи татдаггүй, архи уудаггүй хэрнээ төрөл бүрийн архины шил, тамхины хайрцаг, шүдэнзний хайрцаг цуглуулж ханаа чимэх дуртай байж. Нөхөр нь зургийг нь зурж, гэргий нь үйл хатгана. Ор хөнжлийнхөө даавуу, бүтээлгийг хатгамлаар гоёно. Гэрийн эзэгтэй урласан хатгамлаа ойр дотныхондоо бэлэглэх дуртай гэсэн шүү.

Гэрийн эзэн гэрийнхээ бүх тавилгыг өөрийн гараар урлажээ. Хамгийн сүүлд л гэхэд гэргийдээ зориулж дэлгээстэй ном хэлбэрийн гоо сайхны ширээ урласан байна.

2006 оны 12-р сарын 10. Хүний эрхийн дээд шагналыг дагалдаж хоёр өрөө байраар шагнуулав. 12-р сарын 9-нд баривчлагдаад, гарч иржээ.

Өнөөдрийн бүгд таньдаг болсон Баасан бий болоход хань ижил, гэр бүл нь тун их үүрэгтэй. Амин хувийн эрх ашиг, зөвхөн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө гэлгүй нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж, нойр, хоолгүй явж ирсэн Баасангийн амжилт чамлахааргүй. “Энэ бол миний хүн болж төрсний хийх ёстой ажлын маань хорьхон хувь нь. Өшөө дахиад хийх ажил их байна” хэмээн ярих энэ эмэгтэй гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдаг гэнэ билээ.

Анхны баривчилгаа. Зохион байгуулж, бичиг цаасны ажил, уулзалтууд гэсээр есөн хоног гэрийн бараа харалгүй хагас дутуу нойртой явсан эхнэр нь хэвлэлийн бага хурал хийгээд, баривчлагдаад явсан юм. Хайртай гэргий нь, ээж нь олон хоногоор баривчлагдаад эзгүй байх яаж сайн байхав дээ. Орон даяар муулж, есөн жороор хэлж байлаа. Тэр болгонд сэтгэлийн хаттай байж, нуруун дээрх том бул хар чулууг хамтдаа үүрэлцэж явдаг нэгэн цул мэт гэр бүл. Харин гэртээ ирэхэд нь “боль, амиа бод, хэцүү байна” гэж нэг ч удаа хэлж байгаагүй тийм л сэтгэлийн хаттай гэр бүл. Тэрээр 14-21 хоногоор, таван удаа баривчлагдаж байжээ.

Засгийн газартай Иргэний байгууллагуудын хамтарсан хуралдаан

Төгс гэгээрсэн Шри Чинмой Монголд айлчлан ирэхэд МАЧХ-ны хүндэт гишүүнээр өргөмжлөв. Зуугаас дээш настангуудыг алдаршуулж Шри Чинмой гар дээрээ өргөжээ. Ахмад настангуудыг баярлуулдаг хэмээн түүнийг шагнав.

Тэргүүн Баасан

Нийт ахмадуудыг ОУ-ын ахмадуудын хэмжээнд хүргэх зорилт хараахан биелээгүй байгаа ч энэ хугацаанд багагүй амжилтанд хүрчээ. Тэрээр цаг ямагт ахмадуудын төлөө хийх зүйлсээ бодож суудаг гэнэ. Гэхдээ энэ бол өмнө нь бодож ирсэн юм биш, ахмадуудтай нүүр учирсан тэр өдрөөс л сэтгэлд орж ирсэн зорилго минь гэх. Тэрээр тэргүүний хувьд ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг төр засгийн анхааралд байнга байлгаж чаддаг гэж хэлж болно.

1.Тухайн үед 41 жилийн турш улсад ажилласан хүн, цалингаасаа 17 янзын татвар төлдөг байсан хэрнээ тэтгэвэрт гарахаараа бүрэн бус тэтгэмж нэрээр 20 мянга, бүрэн тэтгэвэр нь 32 мянган төгрөг авдаг байв. Настай хүн дор хаяж өдөр бүр сүүтэй цай уух ёстой. Асаргаа сувилгаа хэрэгтэй. Гэтэл өвчтэй хүүхдээ аврах уу, тугал ишгийг аврах уу гэхэд, “хүүхдээ аварна” гэж хариулах юм бол шоронд ордог, төлөвлөгөө биелүүлдэг хатуу нийгэмд ажиллаж байсан ахмадууд хохирч байв. Өвчтэй хүүхдээ орхиод тугал, хурга руугаа явдаг ийм төр засгийн төлөө ажиллаж байсан мөртлөө, тэтгэвэрт гараад бяр барагдсан хойноо иймхэн мөнгөөр амьдарч насыг барна гэдэг ял хэмээн Баасан үзэж үүний төлөө тэмцсэн.

2.Социализмын үед 4 хүүхэдтэй айлд 400 төгрөг, таваас дээш хүүхэдтэй бол 750-1100 төгрөг өгдөг байв. Тэр үеийн 400 төгрөгөөр телевизор, хивс, хөргөгч, хүүхдүүддээ бүх улирлын хувцас авч асуудлуудаа шийддэг байсан үе. Гэтэл зах зээлд ороод олон хүүхэдтэй айлууд хохирч эхэлсэн. Тийм ч учраас социализмын үеийн мөнгөний ханштай харьцуулж дөрвөн хүүхэдтэй ээжид 500 мянга, наймаас дээш хүүхэдтэй эхэд нэг сая төгрөг өг гэж шаардлага тавьсан байна. Алтан загасны эмгэн, рекетчин авгай, ийм их мөнгө улсад байхгүй… гэх зэргээр маш их сөрөг довтолгоо явагдаж байсан ч тайлбарлаж хэлсний дараа ойлгосон боловч харамсалтай нь араас нь нэг тэгийг нь хасаад 50 мянга, 100 мянга болгож олгосон байна. Энэ бол сайхан эхлэл байсан.Хүн болгон сэдэхгүй, харин сэдсэнийг нь цааш үргэлжлүүлж, төр засгийн бодлого болно гэдэг сайхан хэрэг.

Улсын үндэс газар шороо. Эзэн богд Чингис хаан дэлхийг эзэлж явсан XIII зуун. Гэтэл өнөөдрийн монголчуудад үлдсэн жаахан газар нутаг нэг сая 500-гаад мянган кв метр. Газрын хэвлийг нь ухаж, хүн мал амьдрах аргагүй болж байна. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”, “Эцэг эхгүй хүн гурван хоног уйлдаг, эх оронгүй хүн насаараа уйлдаг” хэмээн Модун Шанью хааны хэлсэн үг бий. Монгол улс хүн ам багатай, үүх түүхээ маш олон жил мартаж, үгүйсгэж ирсэн. Тийм байж газар шороогоо ухна гэдэг үнэхээр аюултай.Түүхийн шаргал хуудаснаа хамгийн сүүлд буюу 1939 онд Монгол газар шороог хэн хамгаалж үлдсэн юм бэ? Дайнд оролцож явсан ахмад дайчид бие сэтгэлээрээ, амь амьдралаараа хадгалж явч үлдсэн. Гэтэл тэд сардаа найман мянган төгрөгийн тэтгэмжтэй туйлын ядуу амьдарч, нэг ахмад дайчин бүр орох оронгүй орцонд амьдардаг байсныг хөндөж тавив. Ахмад дайчдын тэтгэмж сард 200 мянга болж, дээр нь 35 сая төгрөгт багтаан 1 өрөө байр өгөхийг санаачилсан. Үүнийхээ төлөө Монголын Ардчилсан Холбооны Хүний эрхийн шагнал хүртэж, шагналыг дагалдаж хоёр өрөө байр ирсэн. Өөрөө байртай болсноос гадна 2100 гаруй ахмад дайчдыг орон сууцтай болгожээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ

Монгол улсынхаа өнгөрсөн, ирээдүй, одоо гурван цагийн хэлхээс бол Монгол гэр бүл юм. Нэг гэрт орсон хоёр насан туршдаа цуг амьдраад “хэдэн жил хамт байж”, “юу юуг туулсан юм бэ?” гэдгээ тооцож суух тэр цаг хугацаа бол гэр бүлийн үнэ цэнэ юм.Г.Баасан:

Бид хоёр бие биендээ зөв нээлттэй байж чаддаг. Орой ирээд нэг нэгэндээ тохиолдсон бүхнээ ярьдаг. Ингээд, тэгээд, тэр тэгэж хэлээд, би ингэж хариулаад, тэгсэн чинь намайг цагдаа ингэж бариад… гээд л бүгдийг нь телевизор үзэж байгаа юм шиг ярьдаг. Тэгэхээр хүний сэтгэл санаа, бодолд ямар нэг ангал, цууралт, орон зай үлдэхгүй. Хоёр хүний сэтгэл яв цав нийлсэн үед хөндлөнгөөс хүн орж гэр бүл үймүүлэх, бутаргах, хагалах гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл зарим нь юу болоод байгаа нь мэдэгдэхгүй битүү хатуу явж байгаад, нэг пад гэж хэрэлдээд, гурав хоног сайндаад, тэгж байснаа салаад янз янз болоод байна. Энэ бол маш буруу юм. Ижил мэдээллэлтэй хүмүүс ижил шийдвэр гаргана. Мэдээж шийдвэр гаргахын өмнө саналаа солилцоно.

Би бол “зөв” гэсэн юмаа барьж аваад, буучихдаг, их хурц зантай хүн. Дарга нар ч гэсэн чамайг ороод ирэхээр дотор эвгүй болоод байна. Чи чинь хурдтай ч гэж жигтэйхэн, ширүүн ч гэж жигтэйхэн, өршөөнө ч гэж байдаггүй хүн гэдэг. Нийтийн л төлөө догшин ширүүн явж байгаа болохоос биш надад өг, би энийг авна гэж яваагүй. Хүн болгон найланхай, зөөлөн, ухрамтгай, удаан хэмнэлтэй байх юм бол нийгмийн хурдац байхгүй болно. Хэдий ширүүн, шовх байна тэр чинээгээр нөгөө айхтар зузаан ханыг цоолж гарч ирнэ шүү дээ. Би маш хүчтэй, шовх, хурц байж л цоолж гарна уу гэхээс гөлийгөөд, мөлгөр байвал очоод ханананд наалдаад унаад өгнө. Болохгүй, бүтэхгүй байгаа юмыг мэдэхгүй байгаа хүмүүст мэдүүлж, харуулах юмсан, Монгол улс маань шударга, энэрэнгүй ардчилсан улс байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш алдар нэр хөөж, хошин шог дээр гардаг шиг баатарлаг гавьяа байгуулах гэж дүр эсгэдэггүй.

Хүн болж төрсний гавьяа нь нийтэд, үгүй юмаа гэхэд хамт олон, ах дүү, хүрээлэл, мэргэжлийн салбар дотроо сайныг олж харж, сайнд тэмүүлдэг байх. Тэгэх л юм бол Монгол улсын хөгжил дэвшил дээшээ гарна. Хүн болгон авилга авч, амархан албан тушаалд очихыг хүсч, энийг авчихъя, тэрийг монжчихоё гээд байвал улс эх орон маань сүйрээд дуусна.

Зовсон ч жаргасан ч, унасан ч боссон ч, сайн ч явсан муу ч явсан нэг биений хоёр тал гэдэг бүх тохиолдолд нөгөөгөөсөө нүүр буруулахгүй, сэтгэл хөндийрөхгүй, анх учирч байсан шигээ хайраа хадгалж явж чадах гэр бүлүүд олон байгаасай! Тийм гэр бүлийг зохиогооч ээ гэж залуустаа хэлмээр байна.

Би ч мөн тэгж л боддог. Залуу байхад найз нөхдөөрөө нийлж дарвина, ийшээ тийшээ гаръя гэхэд нь хааяа “явахгүй, чадахгүй” гэхээр “авгайдаа толгойгоо мэдүүлдэг, атгуулчихсан…” гэх мэтээр нэгнийхээ хор шарыг малтдаг шүү дээ. Үгэнд нь орж өөрийнхөөрөө байлгүй дагаж явдаг, гэртээ ирээд эхнэр лүүгээ дайрдаг, үнэн юм шиг уураа гаргах зэрэг иймэрхүү асуудал олон айлд тохиолддог байх. Ний нуугүй хэлэхэд сайн найз нөхөд л гэр бүлийг эвдэж, хагарал үүсгэдэг гэж боддог доо. Г.Батдорж:

Гэр бүл бүр өөрийн зорилготой, улс эх орны эрх ашгийг тэргүүнд тавьдаг, хоёр биенээ зовсон цагт нь хүндэлж чаддаг байх хэрэгтэй. Залуучуудыг, кино зурагтаар гарч байхыг нь хараад байхад албан тушаалтай, мөнгө төгрөгтэй өнгөтэй өөдтэй явахад нь сайн хань байснаа өвдөж, зовж, алдаж эндэхэд нь хаяад өөр хүн хайгаад явчихдаг эрэгтэй, эмэгтэйгүй тийм л дүр гарах болж. Энэ бол маш том алдаа.

Гэр бүлийн зохион байгуулалт, үүрэг, эв нэгдэл, тэдний бүтээл... Өрх болгон баян тансаг, эмх цэгцтэй, эв тангаргатай, бүтэн байвал Монгол улсын тусгаар тогтнол бүтэн байна. Улс үндэстний бүтэн байх үндэс бол өрх гэр юм.

Бэлтгэсэн: Сэтгүүлч М.Хонгорзул

Зурагчин В.Цэнд-Аюуш