Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Ногоон бүсийн хядлага

Ногоон бүсийн хядлага

Хэдхэн сарын өмнө зуны аагим халуунаас зугтан сүүдэрт нь тааваараа тухалж, байгаль эхийнхээ гайхам гоо үзэсгэлэнг шагширч, өгөөмөр занг нь бахдан суусансан хүмүүн бид. Харин өнөөдөр жаахан хүйтрэх төдийд л хормын агшинд дулаацах, басхүү мөнгөжих хүсэлдээ автсан хүмүүс хөрөө сүхээ далайн өнөөх бишрэн байсан моддоо өрөвдөх сэтгэлгүйгээр тайрч устгаж байгаа нь юутай аймшигтай.

Эдүгээ модны хулгайн тухай бичиж, нийслэл хотын маань эргэн тойронд орших ой сүйдэж байгаа талаар ярих нь хэнд ч сонин биш болсон биз. Өдгөө энэ асуудалд төр засгаас авахуулаад түмэн олон нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ хэдийнэ дөжирч гүйцсэн мэт. Гэтэл эх орны маань нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 орчим хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна. Ингээд өнөөгийн байдлаар Монгол улс цөлжилтийн зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг бүхий орны тоонд эргэлт буцалтгүй оржээ.

Анх ногоон бүсээ хядаж эхэлсэн түүх эндээс эхлэлтэй. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа мод огтолж, түүгээрээ амьдардаг байсан олон газар зэрэг зэрэг дампуурч тэр хэрээр олонхүн хоолоо олж идэхэд бэрх болсон юм. Ингээд ямар бүрэн бүтэн гар хөлтэй байж, зүгээр сууж байгаадтураад үхэлтэй нь биш дээ. Угийн хийж сурсан ажлаа үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүйд хүрч,модчид уулынхаа мод руу гартаа сүх атган уралдан дайрцгаасан билээ.

Төр засаг нь ч үүнийг харсан ч хараагүй дүр үзүүлсээр ирсэн нь модны хулгай бүхэл бүтэн мафийн сүлжээ маягийн зохион байгуулалтад орж, ой модоо огтолдог, зөөдөг, ачдаг, хот руу оруулдаг, борлуулдаг, хамгийн ноцтой нь энэ бүгдийг зохицуулдаг, зохих зөвшөөрлийг нь өгдөг, хардаг, хамгаалдаг тус тусдаа үүрэг бүхий хүмүүсийн маш том сүлжээ бий болжээ.

Мөн ой мод руугаа өстэй мэт дайрч бөөн бөөнөөр нь сүхдэн унагах болсон нь бас нэгэн учир шалтгаантай.

2004 онд Засгийн газрын тогтоол гарч, тусгай хамгаалалттай газар иргэд бус мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулна гэсэн журам гаргасан байдаг. Үүнээс хойш модны хулгай гаарч, ойн зүг нүд улайсан хүмүүс ханцуй шамлан хошуурцгаах болсон нэгэн шалтгаан бий.

Өвлийн улиралд модны хулгай ширүүсдэг

Өвлийн улиралд тэр тусмаа сүүлийн үед цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор модны хулгай нэлээд ихэссэн аж.Өвлийн жавар ид тачигнах үест ойн моддыг жинхэнэ гай гамшиг дайрч, хүйтэн дайны үеэс илүүтэй аймшигт дүр зураглал харагдаж эхэлнэ. Учир юу вэ гэвээс өвлийн хүйтнийг өнтэй давахын тулд айл гэр бүхэн түлшээ базаахаар уулынхаа моддын зүг л харайцгаана.

Сэтгүүлч миний бие Тэрэлжийн наахна нь байх хамаатныдаа очихоор зорьж явахад замд шуудайлсан мод зарах хүмүүстэй олон дайралдсан юм. Хамаатны ахын маань найз мөн модны наймаа эрхэлдэг аж. Түүнээс борлуулж буй түлшний модоо хаанаас авдаг талаар лавлахад “Манай энэ хавийнхан түлшнийхээ модыг энэ хавиасаа л бэлдчихдэг юм. Шөнө уулын мод руу гарахад л хажу хамрын айлын хүмүүстэйгээ бүгдтэй нь шахуу дайралдана шүү дээ” хэмээн тоосон шинжгүй мар мар инээнэ.

Нэг машин мод ойролцоогоор 900 гаруй шуудай болдог. Тэгээд ч модыг 100 километрээс цааш холоос зөөвөл сохор зоосны ч ашиг гардаггүй гэнэ. Модны наймаачдын ярьж буйгаар бол машин модыг 100 километр алсаас бэлтгүүллээ гэхэд бензин болон бусад зардалд 600 гаруй мянган төгрөг өлхөн зарцуулчихдаг байна. Дээр нь лиценз, гоожин, бичиг цаасны, авлигын гээд мөнгийг нэмэх юм бол дааж давахын аргагүй зардал гарна. Тиймээс хулгай хийж байж л хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байна гэх.

Үүнээс гадна Мөнгөнморьт, Хэнтийн Батширээтээс мод ачсан хулгайн машинууд шөнө дөлөөр нийслэлд орж ирдэг байна. Харинуншигч та бүхэн холоос мод тээгээд ашиг олдоггүй биз дээ хэмээн гайхаж байна уу? Тэгвэл тэр хол газарт гурил будаа тээсэн, том сайхан тэвштэй машинууд буцахдаа ямар шороо тээлтэй биш. Хулгайч модчидын нууцаар мод тээвэрлэх мөнгөөр зодсон хүсэлтийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Иймэрхүү байдлаар аль аль талдаа ашиг хонжоо харагсдын гайгаар ногоон бүс минь хядлагад өртсөөр л…

Нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр

Уншигч та бүхэн Улиастайн амны ойр орчимд байх уулын моддыг хараарай. Гэхдээ наанаас нь харвал үнэхээр сайхан өтгөн ой мододтой сүрлэг сайхан уул л харагдах байх. Эндээс л өнөөх нүглийн нүдийг гурилдах үлгэр эхэлж байгаа юм. Учир нь хулгайчид уулын мододыг хүний нүдэнд харагдах өнгөн хэсгийг нь хөшиг хэлбэрээр үлдээгээд ойн гүнээс нь эхлэн хядддаг аж.Мөн хулгайчид тасалсан модоо хот руу зөөх арга ч нарийссан байна. Хойд талын суудлыг нь чөлөөлсөн бага оврын автобусууд жижиг жижгээр тасалсан модыг хот руу оруулдаггэнэ. Эдгээр томоохон хулгайчдаас гадна түлшний түлээ хэлбэрийн ойр хавийнхаа жижиг хэрэглээг хангах мод бэлтгэх морин тэрэгний цуваа Улиастайн голыг өгсөн хоёр гурваараа хөлхөлдөцгөөнө.

Ирээдүйд биднийг угтах гамшиг

Өнөөдөр амьдрал ядуу байна,амьдрах арга алга хэмээн гомдоллож төр засаг руугаа буруугаа чихэхчид олон.Гэхдээ ард түмнээ даарч өлсгөхгүй амьдруулж чадаагүйн бурууд хонзогносон өсөө төр засгаас бус байгаль дэлхийгээсээ авах нь хэр зөв онол вэ? Мөн Монгол орны хөгжлийн тэргүүлэх чиглэл бол байгаль орчин болж байна. Ашигт малтмал, уул уурхай, байгалийн баялгаа түшиж манай орон хөгжинө гэдэг нь бүхний нүдэнд ил боллоо. Гэсэн нь биднийг уух ус, амьсгалах цэвэр агаарыг бүрдүүлэгч гол хүчин зүйл ой модоо тартагтаа тултал нь хядчихмааргүй л санагдах юм.

Тунгалаг Туулын маань ус өдрөөс өдөрт татарсаар, булингартсаар байна. Амьсгалах агаар маань хором хормоор бохирдсоор л. Сүүдэрт нь хөөрөлдөн суудаг саглагар сайхан мододоос зөвхөн хожуул л үлдэж, ширдэг мэт зөөлөн өвс ургамлаас хуурай сайртай хоцрох аймшигтай хором хаяанд хэдийнэ иржээ.

Судалгаанаас харахад сүүлийн 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-иар ихэсч цөл¬жилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэр¬сэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Үүнд цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн талбайхүний буруутай үйл ажиллагааны улмаас доройтож түүний 11.6% нь доройтсон, 2.0% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон аж. Өөрөөр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ бол цөлжилт хэдийнэ үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм.

Гарц бий юу?

Тиймээ. Энэ аюулаас гарах гарц бий болов уу? Хүмүүн та бүхэн өөрсдөө асуугаад үзээрэй. Өнөө маргаашаа харсан өчүүхэн амин хувийн ашиг хонжооноос болж бид өөрсдийгөө сүйтгэсээр байна. Голын ай сав дахь модыг хулгайлснаас гол ус урсахгүй болж, дахин сэргэхгүйгээр ой мод сүйрч байна.

Төрөөс модны хулгайчдын эсрэг авах арга хэмжээг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч байгаа ч дорвитой гарц болж амжихгүй л явна. Хуульдаа хөдөлмөрийн хөлснөөс их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эрvv vvсгэдэг заалт ч бий гэх. Харин тvvнээс доош байвал мөнгөн торгууль хvлээлгэдэг ч гэх. Модны захуудыг түр болон бүр хаах, хууль бусаар оруулж ирсэн шургааг, палкийг хураах зэрэг арга хэмжээг авдаг л гэх. Ойн тухай хууль зөрчиж мод тайрсан баривчилж хорьдог л гэх. Гэхдээ энэ бүхэн эцсийн эцэст аюулаас гарах эцсийн гарц хэзээ ч болж чадахгүй. Харин иргэн бүр эх орноо хайрлаж өөрийн ашиг тусыг нэн түрүүнд тавихаа жаахан ч болов багасгачихвал хонгилын үзүүрт гэрэл үзэгдэж магадгүй л юм. Бодоод үзээрэй!

Сэтгүүлч У.ДАШБАТ