Өвсөн дунд зүү эрэхтэй адил G хороолол
Их хотын иргэд бидний өдөр тутмын амьдрал Сонгинохайрхан, Баянзүрх, Богдхан, Чингэлтэй гэсэн дөрвөн хайрхан уулсын хооронд, 4,704.4 м.кв зай талбайн дунд хөл хөдөлгөөнтэйхэн өнгөрнө. Бидний өдөр бүр ажил албаа зохицуулж, жинхэнэ амьдрал буцалдаг улсын нийслэл Улаанбаатар хот Монгол орны нийт нутаг дэвсгэрийн ердөө 0,3-хан хувийг эзэлдгийг та мэдэх үү? Тэгсэн хэр нь нийт нутаг дэвсгэрийн бүхэл бүтэн нэг хувьд ч хүрэхгүй ийм бага зайд 3 орчим сая монголчуудын 1 сая 200 мянга гаруй хүн буюу 45 гаруй хувь нь аж төрөн, амьдран сууж байна. Ийм хүн амын нягтрал ихтэй орчинд бид багталцаж ядан шахцалдаж, үүнээс үүсэх асуудлуудтай алхам тутамдаа нүүр тулсаар буй. Энэ удаа хотын хүн амын хэт бөөгнөрлөөс улбаатай бидний G хороолол хэмээн нэрлэдэг гэр хорооллын хаягжилт тойрсон асуудлыг хөндлөө. Өдрөөс өдөрт хүрээ хязгаараа тэлсээр буй зах замбараагүй гэр хорооллыг эмх цэгц, зохион байгуулалтад хэрхэн оруулах вэ? Үүнд гарц хайцгаая...
УЛААНБААТАР – Хүн амын нягтралаараа дэлхийд цойлж байна
Хүн амын хот газар руу тасралтгүй нүүдэллэх нүүдлийн цуваа багасах биш, өдрөөс өдөрт л нэмэгдсээр байгаа нь энд амьдрахад олон хүндрэлийг хойноосоо дагуулна. Жилд гэхэд л дунджаар 15-30 мянган хүн их хөлийн газрыг зорин ирж, нийслэлийн хаа нэгтээ шингэн суурьшаар буй. Нэгэнт л хотын иргэн болох, хотод амьдрах зөвшөөрөл гэж юм байхгүйгээс хойш хот рүү шилжин ирэгсдийн дийлэнх хувь нь гэр хорооллын хүрээ хязгаарыг тэлэн, уулын орой гэлтгүй олдсон газартаа хашаа хатгаад суучихдаг нь жирийн л нэг үзэгдэл болжээ. Зарим нь бүр хашаа ч үгүй ганцхан гэрээ барьчихаад суух нь ч бий. Ерөөсөө л буух газар олдож л байвал газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэх нь тэдэнд ямар ч хамаа байхгүй мэт. Мэдээж байрны үнэ тэнгэрт хадсан энэ үед шууд байранд орох нь өдрийн од мэт цөөхөн. Ингэж шилжин ирэгсэд гэр хорооллын хаа нэгтээ суурьшин Улаанбаатар хотын хүн амын 80 орчим хувь нь буюу 200 мянга орчим айл өрх энд амьдарч, ажил албаа зохицуулах болжээ. Үүгээр ч зогсохгүй их хотыг зорин ирэгсэд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй нь хүн амын нягтралаараа дэлхийд толгой цохиход хүргээд буй.
Нэг км кв нутаг дэвсгэрт ногдох хүний тоогоор дэлхийд хамгийн өндөрт тооцогддог улс, суурин газруудтай хотын бус, бүр Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүргийн хүн амын нягтрал харьцуулагдах түвшинд хүрчихсэн явна. Бүр тодруулбал, нэг кв км нутаг дэвсгэрт ногдох хүн амын тоо жил ирэх тутамд өсөн нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар гэхэд уг талбайд ногдох хүний тоо 300-д дөхжээ.
ТӨӨРДӨГ БАЙШИН
Эцэс, төгсгөл нь үл мэдэгдэх гэр хорооллын гудамж талбайгаар яваа хэн бүхнээс та яг ямар нэр хаягтай гудманд явж буйг нь асуувал хэлээд өгөх хүн бараг л үгүй байх. Яагаад ийм итгэлтэй, мөн яагаад энэ сэдвийг барьж авч бичих болсон бэ гэдэг нь өөрийн биеэр энэ асуудалтай нүүр тулгарсан гэсэн нэг л шалтгаанаас үүдэлтэй. Нэг найз маань Зүүн Салааны 3 дугаар буудалд өрх тусгаарлан гарч, үүнд нь би зочилж очих гэж нэлээн будилсанаас “төөрдөг байшин” мэт гэр хорооллын хаягжилтын асуудлыг хөндөж бичихээр шийдсэн юм. Эндээ нүүж ирээд удаагүй болохоор гудамж талбайнхаа нэрийг сайн мэдэхгүй учраас өрхийн эмнэлэг гэх нэг цагаан байшингаар баримжаалан гэрээ зааж өгсөн ч толгой эргэм олон салаа гудамж дунд нь төөрч будилан олсонгүй. Аль нэг хашааны булан тохойд гудамжны нэр хаяг ч гэх юм харагдаагүй тул аргаа барсан би эргэж буудал дээрээ ирээд хүнээр тосуулж байж сая хайсан айлаа олсон юм. Угаас би олох ч үгүй байсан юм билээ. Учир нь, буудлаасаа нэлээн зайтай, дээшээ өгсүүр замтай, тийшээ нь урт салаа гудамжуудаар эргэж тойрж явсны эцэст очдог ийм газар байсан юм билээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Рашаан”-ы 18 дугаар гудамж гэх газарт ирээд ойр орчимд явж буй хэдэн хүнээс “Энэ ямар нэр хаягтай гудамж вэ?” гэж асууж үзлээ. Зарим нь эндэхийн оршин суугч байсан бол зарим нь энүүгээр өнгөрч яваа хүмүүс байх аж. Хажуугаар нь өнгөрч яваа хүмүүс мэдэхгүй байлаа гэхэд энд амьдардаг байж дүүрэг, хороо, хашааныхаа дугаар зэргээс цаашхийг мэдэхгүй, зарим нь бүр хашааныхаа дугаарыг ч хэлж мэдэхгүй хүн хүртэл энэ дунд байсан нь үнэхээр гайхмаар. Ямар гудамжны хэддүгээр тоот гэдэг нь бичиг баримт дээр нь бичээстэй байдаг ч онцолж цээжлээд байдаггүй, харин хүмүүст “Манайх 5 буудалд”, бүр нарийн заахаар бол гэрийнхээ ойролцоох аль нэг нүдэнд тусах дэлгүүр, хашаа зэргээр баримжаалан заачихдаг байна. “Ер нь, гудамж талбайнхаа нэр хаягийг мэддэг хүн ховорхон доо” хэмээн хуучлах нэгэн нь ч энд байсан юм.
Яагаад хүмүүс оршин суугаа хашаа байшныхаа гудамж талбайн
нэрийг мэдэхгүй байна вэ?
Нэгд. Жил бүр л хаягжилтын ажлууд хийгдсээр байдаг. Гэтэл хүмүүсийн сэтгэхүйд хаягжилтын тухай ойлголт хараахан сууж эхлээгүй байгаагаас амьдарч буй гудамж талбай нь нүдэнд харагдахуйц хаягтай байсан ч тэд үүнийгээ амьдрал дээр хэрэглэдэггүй, ашиглаж заншаагүй. Өнөөх л сурсан зангаараа аль нэг онцлох таних тэмдгээр баримжаалан гэрээ заачихдаг.
Хоёрт. Хот өдрөөс өдөрт, биднийг ажлаа хийгээд сууж байх хооронд хөдөөнөөс шилжин ирэгсэд хэдэн арваараа гэр хорооллыг өргөжүүлсээр байна. Зарим нь ном журмынх нь дагуу хаягаа авч байхад зарим нь хаана л хашаа хатгачихаар, бүр хаана л гэрээ барьчихаар газар байна тэнд нь хаягтай, хаяггүй очоод эзэн суучихна. Хаяггүй ийм газруудыг “задгай” хэмээн нэрлэнэ. Эдгээр хаяггүй айлууд нь зарим хаягтай айлуудынхаа хашааг таглаж, бүр эмх замбараагүй байдал үүсгэж, дахин л хаягжуулахгүй бол толгой эргэм төөрдөг байшин үүсгэсээр буй.
Гуравт. Өнгөрсөн оны хувьд албан бус тоогоор гудамжны нэрийн 700 орчим хадмал хаягийг хадаж байрлуулсан байна. Гэтэл эдгээр ажлууд нь ихэнхдээ л хотын төв орчмын гэр хорооллуудад ажил хэрэг болсон байдаг. Харин өнөөх л хотын захын айлууд аливаа хэрэгжүүлж буй ажлаас хоцрогдсон хэвээр. Мөн өмнө нь ч, дараа нь ч хадаж байрлуулсан зарим гудамж талбайн нэр хаяг салхи шуурганд идэгдэж өнгө нь холцорч идэгдэн харагдахын эцэсгүй болсон байдаг. Энэ нь хаягтай мөртлөө хаяггүй мэт байдлыг үүсгэсээр байна.
Уг нь, “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам”-д “Гэр хорооллын хашааг тухайн нутаг дэвсгэрийг харьяалах хорооны Засаг дарга, тухайн дүүргийн Газрын албаны саналыг авсны үндсэн дээр дугаарлана” хэмээн заасан байдаг. Гэтэл жил бүр гэр хорооллын хаягжилтын ажлыг их хөрөнгө хүч зарж явуулдаг ч эцэсдээ шилжин ирэгсдийн асуудлыг нэг тийш нь цэгцлэхгүй л бол хаягтайчуудыг нь хаяггүйчүүд нь дийлсээр дахин эмх цэгцгүй төөрдөг байшинг бий болгосоор л байх болно. Их хотын нийт хүн амын 80 орчим хувь буюу 184 мянга гаруй өрх айл гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ тоо өдөр ирэх тусам л нэмэгдсээр буй.
Үүсэх үр дагаврууд...
Нийгэмд тулгамдаад буй олон асуудлын гогцоо гэр хорооллын хаягжилттай холбогддог. Эрж хайсан айлаа олохгүй байх нь энүүхэнд. Харин иргэд нь оршин суугаа хашаа байшныхаа хаягийг хэлж мэдэхгүй, мэдсэн ч уг хэлсэн газрыг нь олох гэж төөрч будилдаг зэрэг шалтгаанаас гол команд, цагдаа, түргэн тусламжийнхан маш их бухимддаг. Хүний амь нас, эрүүл мэндийн манаанд зогсдог тэдэнд тулгардаг хамгийн хэцүү асуудал бол энэ. Дуудлага өгсөн айлаа мухар гудамж, эмх замбараагүй хатгасан хашаа, хайс, гуу, жалга тойрч эрж хайж явсаар байгаад цаг алдаж, хүний алтан амь эрсдэж байсан удаа цөөнгүй бий хэмээн түргэн тусламжийнхан удаа дараа хэлж л байсан. Саяхан гэхэд л мөн л дуудлага өгсөн айлаа хайж явсаар цаг алдан, нэг айлын гэр юу ч үгүй шатаж дууссан гашуун үнэн бий.
Ямар ч асуудалд ГАРЦ бий
Хаягийн мэдээллийн системийг Улаанбаатар хотод байгуулах зорилгоор 2013-2015 онд 3 тэрбум төгрөг төлөвлөж, үүнээс энэ онд 500 сая төгрөгийг хаягжилтын асуудалд зарцуулах юм гэсэн. Энэ ажил хэрхэн нүдээ олж, байгаа онох эсэх нь ирэх жил мэдрэгдэх биз ээ. Жил бүр хаягжилтын ажлууд олноор хийгддэг ч энэ бүхнийг үр дүнтэй болгох нэгэн гарц бол нэр хаягийн талаарх иргэдийн сэтгэхүйг өөрчлөх юм. Хаягийн талаарх ойлголт, хэрэглээ сайжирснаар нийгмийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой нээгдэнэ. Түргэн тусламж, гал команд, цагдаагийн байгууллагынхан очих газраа хайж цаг хугацаа алдахгүй. Хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж, хохирол учрах явдал буурахаас гадна шатахуун тосны зардал буурч техникийн элэгдэл хорогдол багасах болно. Хамгийн гол нь иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болж шилжилт хөдөлгөөнийг нарийвчлан бүртгэдэг болох юм. Өөрөөр хэлбэл хаягийн давхардал үүсэхгүй байх боломжой болно.
Нөгөө талаар, хот руу шилжин ирэгсдийг хаягжуулах ажлыг илүү боловсронгуй болгох нь энэ тэнд эмх замбараагүй хашаа хайс хатгах, хаяггүй айлууд гэр хорооллыг тэлэх зэрэг олон асуудлыг шийдэж өгөх гарц нь болох юм.
Сэтгүүлч Б.БАЯРЖАРГАЛ
