Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › ХУУРАМЧ

ХУУРАМЧ

ХУУРАМЧ, ХУУРАМЧ, ХУУРАМЧ... Энэ үг юутай ихээр танил дотно болоо вэ? Үнэн юм үгүй болсон өнөө цагийн жинхэнэ өнгө төрх, дэндүү ойр найз нөхөд мэт ижилдэн дассан үг. Дасаж ижилдсэн юм шиг хэрнээ энэ үгнээс дэндүү их жийрхэх. Өөрт огт хамаатуулахгүйгээр бусад руу түлхэн зайлуулах гэх. Гаргалгаа, мөн чанар, утга учир, учрах нөлөөг мэддэг хүмүүс энэ үгнээс дэндүү их айдаг ч, эргэн хурган хэрэглэчихдэг. Тэр мөртлөө элдэвт өөрийгөө хамаатуулах дургүй. Хуурамч үг, үйлдэл газар авах тусам үнэн гэж үнэхээр байдаг эсэхэд эргэлзээ төрөх. Осолтгүй л энэ хорвоогийн үхэх төрөх жам нэг болохоор ижий аав, үр хүүхэд үнэн, өөрөө хорвоогийн тоос хөдөлгөн амьд яваа нь бас үнэн байдаг биз.  ХАРИН БУСАД НЬ...

Эхийнхээ ариун хэвлийд цувран багтаж, ээлж дарааллан энэ орчлонд мэндэлж, аавынхаа халамж хайр дүүрэн өвөрт тэврүүлэн өссөн ахан дүүс. Тэнтэр тунтар алхах жаахан дүүгээ өлмийд торох жижигхэн чулуунаас ч хамгаалж, тэвэрч үүрэн өсгөлцсөн тэнүүн сэтгэлтэй ах, эгч нараа биширч хүндэлсэн хайр хэзээ нэгэн цагт хуурамч болох. Өөр өөрийн гэр бүл хэмээх өехий жаахан амьдрал нь болж байвал ах дүүсийн амин шүтэлцээ арилж баллуурдагдан үгүй болно.

Ах дүүсээсээ ч илүүрхэн байж энэ насны амьдралаа хамт туулна хэмээн итгэж найдан хайрласан хань нь хуурамч хайрыг гол зуртал мэдрүүлэх.Болохгүйг болгох гэж, эс хүндлэлийг хүндлэлээр солих гэж эцэг эх ах дүүстэйгээ зөрөн байж, сөрөн байж хайрласан хайр нь эцэстээ түүнийг ах дүү нараас нь нүүр буруулуулан холтгоно.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэгтэй энд л санал нэгдэнэ. Амь шигээ хайрладаг гэр бүл нь итгэл эвдэхэд, арыг минь хэзээд даана даа хэмээн найдсан ахан дүүс нь үгүй болоход сэтгэл дэх бул хар чулуугаа итгэлт анддаа л ярьж уужрах гэж тэмүүлнэ. Зовлонг нь хуваалцан дундруулах гэж  аяга гашуун шингэн хуваан ууж, дуулим хорвоод түүнээс үнэнч нь үгүй мэт аягласан анд нь дур гуттал худал үнэнийг цууран явах.

Худал үнэн хачин тодоор ялгагдан харагддаг амьдралын чухал гурван үнэн нь энэ. Харин цаадах худлуудыг тоочиход цаас, тоолоход тоо дутна. Сайн сайхан явахад садан төрлөөс илүү дулдуйдах хуурамч бялдуучид олон. Саар гутруу явахад сайд дарга мэт дээрэлхэх хуурамч сэтэртэн олон.

Болохгүйг болж байгаа мэт сайшааж, муухайг сайхан болгож, зохиогүйг зохисон, хийгээгүйг хийсэн мэт болгон ам уралдуулан ярих бялдууч нарын занг хуурамч гэдгийг мэдсээр байж итгэх дургүй хүмүүс олон байдагт гайхмаар. Хатуу, гашуун мэт боловч үнэнг сонсох дургүй, үнэн үгс хэлсэн хүнд өс санаж, хатуурхдаг тэнэгүүдийн өөрсдийнх нь хуурамч сэтгэлийг өрөвдмөөр.

Өнөөдөр за гэчихээд дараа өдөр нь мартчихдаг, өглөөхөн энд инээчихээд орой нь тэнд муулж явдаг хуурамчуудаар дүүрсэн энэ “сав” хуурамч хэмээх голд живчихгүй хөвж явах нь гайхал төрмөөр.

Арчаагүй дорой залхуугаас болж зэргэлдээ улсын хуурамч бүтээгдэхүүнээр энэ биеэ бүрхэж, эрээн ходоодоо цатгасаар атгын чинээ уураг тархи нь, алд бие нь амин сүнс нь тэр чигээрээ хуурамч болж. Бас л бурууг бусад руу чихэж байгаа миний энэ бичиглэл ч магадгүй хуурамч биз. “Алдаагүй хүн гэж байдаггүй” хэмээн бид өөрсдийгөө өмгөөлдөг. Гэхдээ огт алддаггүй юм гэхэд ядаж худлаа хэлэхгүй амьдарч болох боломж бидэнд бий. Худал ярьсаар, хуурамч үйлдэл гаргасаар хүн төрөлхтөн эцэстээ хуурамч бараа шигээ хэврэг арчаагүй нэгэн биет болон хувирах вий. Сэтгэлгүй бие, чадамжгүй тархи, хайр үгүй зүрхтэй бол хүн байгаад хэрэг юун.

Сэтгүүлч У.Дашбат