Архиваас · Нийгэм

Манай улсад хүүхдийн эрх ил, далд хэлбэрээр байнга зөрчигддөг

· UBS.mn

Манай улсад хүүхдийн эрх ил, далд хэлбэрээр байнга зөрчигддөг

20131121_hu

Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг НҮБ-ын ерөнхий ассемблей 1989 оны 11-р сарын 20 өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байгаа юм байна. Нийгмийн зүгээс хамгийн ихээр анхаарал халамж шаарддаг, хөгжил нь өөрөөс нь бус хүрээлэн байгаа орчин, асран хамгаалагчдын нөлөөллөөс шалтгаалдаг хүүхдүүд гэх хэсгийн эрхийг баталгаажуулах, хамгаалах зорилгоор уг конвенцийг баталсан юм. Хүүхдийн эрхийн конвенц нь эрүүл мэнд, боловсролоос эхлээд хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ, стандартуудыг тогтоож өгсөн юм. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Монгол улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсноосоо хойш 4 удаа тус конвенцийн хэрэгжилтийн талаар үндэсний тайлан илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд явуулжээ. Манай улсад 0-18 насны 976 мянган хүүхэд байдаг байна. Тэдний хөгжил, хамгааллын асуудал нь нийт хүн амын хөгжлийн талаарх баримтлах бодлогын төвд байх ёстой хамгийн чухал асуудал юм.

Дэлхий даяар хүүхдийн эрхийг хангах, тэднийг хамгаалах, хөгжүүлэх зорилготойгоор нэгдсэн Хүүхдийн эрхийн конвенц өнөөдөр манай улсын хөрсөнд буухдаа хангалттай бус байна. Үүнийг үндэсний уламжлалт баяр наадмын үеэр хурдан хүлгийн нуруун дээрээс унаж бэртдэг, эрүүл мэнд хийгээд амь насаараа хохирч байгаа унаач хүүхдүүдийн тоо харуулна, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дүр төрх харуулах болно. Мөн олон улсын хэмжээний гэмт хэрэгт гаралтаараа дээгүүрт бичигдсээр байгаа хүний наймааны золиос болсон баримтуудаас харж болох юм.

Хүний эрхээс салгаж ойлгож болохгүй улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрхийг хангах талаар өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэлээ. Хэдийгээр цаасан дээр гарсан тооны үзүүлэлтээр бол манай улсын хүүхдүүд эрхээ эдлэх чадвар жилээс жилд нэмэгдэж байгаа юм байна. Гэтэл уул уурхай, худалдааны зах, гадаа гудамжинд гуйлга гуйдаг хүүхдүүд мөн тэдний хажуугаар нийгмийн сөрөг муу үйлдэл болгоныг гаргагч, санаачлагчдын нэг хэсэг нь хүүхдүүд болсонд энэ конвенц үйлчилж чадахгүй байна.