Малайзын МН-370 дугаар нислэгийг үйлдэж байсан Боинг-777 нисэх онгоц сураггүй хэвээр байна
Сураггүй болсон онгоцыг эрж олохоор Вьетнам, Тайланд, Малайз зэрэг зүүн өмнөд Азийн орнуудын 40 гаруй усан онгоц, 30 гаруй нисэх онгоц хайгуулд гарч, БНХАУ, АНУ, АВстралийн агаарын компаниуд хайгуулын ажилд тусалж байгаа ч сураггүй болсон зорчигчдын ар гэрийнхэн тайван сууж чадахгүй байгаа нь тодорхой. Тэд олон улсын нисэх хүчин хайгуулын ажлыг эрчимтэй явуулж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаа юм.
Вьетнамын хайгуулын багийнхан онгоцны цонхны хагархай олсон нь сураггүй болоод байгаа Боингийнх мөн гэж үзэж байна. Түүнчлэн нислэгийн өмнө нисэх буудал дээр байсан эрэгтэй зорчигчдын гадаад пасспорт алга болсон нь МН-370 дугаар нислэгт хуурамч бичиг баримт ашиглаж гадны хүмүүс нэвтэрсэн гэсэн үг юм.
Тиймээс алан хядагчид онгоцыг хулгайлсан байж болзошгүй тул Малайзын эрх баригчид онгоц бүрэн бүтэн байж магадгүй гэж таамаглаж байна.
Өнгөрсөн бямба гаригийн өглөө сураггүй болсон онгоцонд 239 хүн байгаагийн 227 нь зорчигч, нислэгийн багийн 12 гишүүн байгаа юм. Үүнд БНХАУ-ын 153, Малайзын 38 иргэн болон Индонези, Австрали, Итали, Орос, Канад, Тайвань, Австри, Украйн, Шинэ Зеланд, Нидерланд гээд нийтдээ 12 улсын иргэн зорчиж байжээ.