“Киви” хамтлаг найман жилийн ойн тоглолт хийнэ
Найман жилийн өмнө “Киви” нэртэй гурван өөр төрхийг агуулсан хамтлаг урлагийн ертөнцөд хөл тавьж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Хамтлагийнханд даль жигүүр хайрласан продюсер Б.Ангирмаагийн заавраар тэд богино хугацаанд өөрсдийн орон зайг рок попын тавцанд бүрдүүлж чадсан билээ. Тэгвэл “Киви” хамтлагийнхан найман насны төрсөн өдрөө тэмдэглэхээр зэхэж байна.
Хамтлагийнхаа 10 жилийн ойг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн учраас энэ удаагийн тоглолтоо багахан хүрээнд зохион байгуулахаар болжээ. Ойн баярын тоглолт ирэх сарын 1, 2-нд “I Loft Function House”-т болно.
Хэзээд тоглолтоо өвөрмөцөөр сэтгэж жинхэнэ шоуг фэнүүддээ үзүүлж чаддаг бүсгүйчүүд энэ удаад ч сонин содон гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолтыг бэлтгэж байгаа нь дамжигггүй.
Тоглолтыг “G mobile” корпораци ивээн тэтгэж байна. Төрсөн өдрийн баярын тоглолтонд тэдний тун удахгүй мэндлэх шинэ цомог болон хуучны хит дуунууд нь эгшиглэх ажээ. Түүнчлэн “Киви” хамтлагийн дуучин Ука өөрийнхөө “I”m in love” цомогтоо багтсан дуунаас дуулна. Мөн дуучин Б.Мишээлт энэ тоглолтод оролцож уран бүтээлээ толилуулна гээд сонин содон, гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолт үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байна.
Харин цомгийн хувьд ирэх оны нэгдүгээр сард хэвлэлтэд явуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд одоогоор цомогтоо нэр өгч амжаагүй бөгөөд энэ цомогт үзэгч, фэнүүдийнхээ сонсох дуртай дууг оруулж, санал хүсэлтийг харгалзан цомгоо бүтээсэн байна. Түүнчлэн цомгийн дуунуудын дуугаралт өндөр түвшинд болсон гэдгийг “Киви” хамтлагийнхан онцолж байгаа. Учир нь цомгийнхоо хөгжмийн сүүлийн тохиргоог дэлхийн стандартын түвшинд АНУ-д хийлгэсэн учраас хөгжим бүрийн дуугаралт цэвэр сонсогдохоороо онцлог болж байгаа гэнэ.
Ийнхүү Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, стиль, имижээрээ ялгардаг “Киви” хамтлаг найман жилийн хугацаанд юу хийж бүтээснээ тайлагнах гэж байна. Тэрхүү баярын тоглолтын тасалбарыг “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс 20 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдан авах боломжтой.
UBS MUSIC NEWS мэдээллийн хөтөлбөр