Иргэд судалгаанд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж байгаа өрхийн амьжирганы түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа эхэллээ. Судалгааны зорилго нь Монгол улсын бүх иргэний амьжиргааны түвшиний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Мөн төр засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Уг судалгааг 3 жил тутамд орон даяар явуулдаг бөгөөд энэ жил нийт 768 өрх айл хамрагдаж байгаа юм.
Энэхүү судалгаа нь зөвхөн дан ганц халамжийн байгууллагаас явуулж байгаа судалгаа биш юм. Энэ жилийн судалгаа нь олон салбар яамдууд орсон салбар дундын шинжтэй явагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой гэж холбогдох албаны хүмүүс хэллээ. Тиймээс иргэд асуулгын дагуу үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай юм.
Мөн иргэд судалгааны асуулгад үнэн зөв тодорхой хариулсан эсэхийг төрийн байгууллагын бусад мэдээлэлтэй тулган нягтлах арга хэмжээг давхар авч мэдээллийн бодит байдлыг ханган ажиллах юм. Энэ ондоо багтаан мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийх бөгөөд ирэх оны эхний улиралд үр дүнгээ засгийн газарт тайлагнах гэнэ. Иргэдийн хувьд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд идэвхтэй оролцох нь иргэнийхээ хувьд улс орныхоо хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.