Иракт ганц өдрийн дотор 44 хүн амь насаа алдлаа
Багдад хотын Каррада нэртэй дүүрэгт болсон халдлагын улмаас 2 хүн амь насаа алдаж, 10 хүн гэмтэж шархадсан байна. Ер нь Ирак улсын хэмжээнд хамгийн багаар л бодоход нийт 44 хүн халдлага дайралтын улмаас нас баржээ.
Карада дүүрэгт орон нутгийн цагаар лхагва гарагт хоёр ч удаа дэлбэрэлт болжээ. Эхний дэлбэрэлт нь Карада дүүргийн рестараны ойролцоо болж, тэр хавь бүхэлдээ эвдэрч сүйджээ. Дараагийн дэлбэрэлт нь Карада дүүргийн төв хэсэгт болж, 4 хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж шархадсан байна.
Эндээс харахад АНУ болон түүний холбоотнуудын хийсэн цэргийн ажиллагааны дараа аюулгүй байдал нь сайжирсан гэгдээд байсан Ирак улсад өдөр бүр террорист халдлага, дайралтууд гарч байгаа нь олон улсын санааг хамгийн ихээр зовоож байна. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаа юм.
Орон нутгийн цагаар лхагва гарагт болсон хамгийн их хохиролтой халдлага нь Иракийн Бухриз нэртэй хотод болжээ. Нийслэл Багдад хотоос хойш 60 километрийн зайд оршдог Бухрид хотод нэгэн оршуулгын ёслол болохтой зэрэгцэн дэлбэрэлт болж, 16 хүн амиа алдаж, 26 хүн гэмтэж шархадсан байна. Хамгийн харамсалтай нь оршуулга болж, иргэд уй гашуугаа илэрхийлж байсан том асарт дээрхи дэлбэрэлт болжээ.