Жолооны багш нарын 30 хувь нь дүрмийн шалгалтандаа унажээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас жолооны курсын чанар, байр орон сууцны метр квадратын талаар мэдээлэл хийлээ. Жолооны багш нарын 30 хувь нь дүрмийн шалгалтандаа унасан нь цаашид төрийн бодлогоор цэгцлэх шаардлагатай байгааг харуулсан байна. Орон сууцны тухайд 2-20 метр квадрат талбайг илүү үнээр худалдаалсан хэд хэдэн аж ахуйн нэгжийг танилцуулсан юм.
1982 онд батлагдсан журмын дагуу жолооны курсууд ажиллаж, жолооч бэлтгэж байна. Нэг хэсэг төгсөгчдийн 75 хувь нь тэнцэхгүй бол тусгай зөвшөөрөл цуцладаг хатуу үед багш нарын 30 хувь нь шалгалтанд унаж байгаагүй гэнэ. Тиймээс энэ шалгалтын дүнд тулгуурлан хамгийн эхэнд журамд өөрчлөлт оруулж, 75 хувийн чанарыг дахин нэхэж эхлэх шаардлагатай гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас үзжээ. 1160 багшаас шалгалт авахад 360 нь дахин шалгалтаар баталгаажуулахад 150 багш тэнцээгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс ямар жолооч нарыг бэлтгэн гаргаж байгаа нь ойлгомжтой болж байгаа юм. Сүүлийн нэг жилд шинэ орон сууц худалдан авсан иргэдээс байнга гомдол ирэх болжээ. Худалдан авсан орон сууц нь гэрчилгээн дээрх метр квадратад хүрдэггүй, яаж тооцсон нь мэдэгдэхгүй байгаа гэнэ. 2-20 метр квадратыг хиймэлээр зохиож, мөнгийг нь гаргуулсан аж ахуйн нэгжүүд байгаа гэнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд 12-р сарын 9 гэхэд хохирлыг нь барагдуулах үүрэг болгосон байна. Өнөөдөр орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2 сая орчим төгрөг байна. Тэгвэл 2 метр квадрат талбайн мөнгө илүү авахад л хэрэглэгчээс 4 сая төгрөг илүү гарч байгаа юм. Энэ мэт луйвар хийдэг олон барилгын компани байдаг байна.