Венесуэлийн сөрөг хүчний удирдагч бууж өглөө.
Венесуэл улсын аюулгүй албаныхан эрэн сурвалжилж байсан сөрөг хүчний удирдагч Леопольдо Лопез анх удаа олон нийтийн өмнө ил гарлаа. Тэрээр энэ удаад сөрөг хүчний олон мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнө гарч, сэтгэл хөдөлгөсөн үг хэлж, захиасаа үлдээсний дараа хүчний байгууллагад бууж өгч, баривчлагдсан байна.
Сөрөг хүчний удирдагч хэлсэн үгэндээ Венесуэл улс дарангуйллын замд эргэлт буцалтгүй орж, тус улсын одоогийн эрх баригчид нь ард иргэд, сөрөг хүчнийхний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхийг нь ноцтойгоор зөрчиж байгааг хурцаар шүүмжилжээ.
Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро нь сөрөг хүчний удирдагч Лопезыг фашист хэмээн нэрлэж, түүнийг төрийн эрх мэдлийг булаах гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа юм.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийг дэмжигч олон мянган иргэн гудамжинд гарч жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх үед аюулгүй албаныхан тэднийг тараах гэж оролдсон юм.
Жагсагчид нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засаглалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, тус улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах тал дээр хангалтгүй ажиллаж байна хэмээн үзэж байгаа юм.
Мөн сөрөг хүчний нөгөө удирдагчдын нэг, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Энрике Каприлес нь ард иргэдээ тайван байхыг уриалж, хүчирхийллээс татгалзах хэрэгтэй гэжээ.