Архиваас · Олон улс

Барак Обама БНСУ, Японы удирдагчидтай гурвалсан уулзалт хийв.

· UBS.mn

Барак Обама БНСУ, Японы удирдагчидтай гурвалсан уулзалт хийв.

8

Уламжлалын дагуу БНСУ болон Япон улсын удирдагчид нь төрийн эрхэнд очсоноосоо хойших эхний нэг жилдээ багтаад нүүр тулан уулзчихсан байдаг. Гэвч газар нутгийн маргаантай асуудал, Ясүкүни сүм дэх айлчлал зэргээс үүдэн БНСУ, Япон улсуудын харилцаа ихээхэн хүйтэн байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы ерөнхий сайд Шинзо Абе нь дэлхийн 2 дугаар дайны үед амь үрэгдсэн цэрэг дайчид, тэр дотроо дайны гэмт хэрэгтнүүд гэдэг хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилготой Ясүкүни сүм бунханд зочилсон нь БНХАУ, БНСУ зэрэг улсуудын дургүйцлийг маш ихээр хүргэсэн билээ.

Ази тив дэх АНУ-ын хамгийн гол холбоотнууд гэдэг утгаараа АНУ нь энэ 2 холбоотноо хооронд нь эвлэрүүлэхийг эрмэлзэж байна. Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нь Нидерланд улсын Гааг хотноо Япон болон БНСУ-ын удирдагчдыг урьж, гурвалсан уулзалтыг хийж чадлаа. Энэ нь сүүлийн үед гарч буй томоохон эерэг дипломат алхам, амжилт гэж олон улсын ажиглагчид тодорхойлж байна.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе болон БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гин Хе нар нь АНУ-ын төрийн тэргүүнтэй хэлэлцээрийн ширээнд сууж, гурвалсан уулзалт хийхдээ БНАСАУ-ын зүгээс өдүүлж буй цөмийн аюул, заналхийллийн талаар ярилцжээ. Энэ тал дээр БНСУ, Япон улсууд ихээхэн санаа нийлдэг гэж болно.

Дашрамд хэлэхэд Нидерланд улсад АНУ-ын ерөнхийлөгч Барак ОБамагийн санаачилсан цөмийн аюулгүй байдлын талаар дээд хэмжээний уулзалт чуулган болох юм. Энэ удаагийн чуулган нь гурав дахь удаагийх ажээ.