Элэгний В вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно
Өнөөдөр АНУ-ын эм үйлдвэрлэгч Милан компани, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас оношилгооны төв хамтран элэгний В вирүсийн эсрэг “Амьжиргааны төсөл”-ийг эхлүүлснээ зарлалаа. Үүнд амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийг хамруулах аж.Төслийн хүрээнд элэгний В вирүсийн эсрэг “Тенофовир” эмийг нийт 5000 хүнд хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, элэгний В вирүстэй иргэд нэг сарын эмэн эмчилгээг 30 мянган төгрөгөөр худалдан авах юм. Судалгаанаас үзэхэд Монголын арван хүн тутмын нэг нь энэ төрлийн вирүсийн халдвар тээдэг бөгөөд элэгний хатуурлын 39 хувь нь үүнээс гаралтай гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
-ХЭРХЭН ХӨНГӨЛӨЛТӨНД ХАМРАГДАХ ВЭ-
Алхам 1. Иргэн таны өрхийн амжиргааны түвшин 1-6-д багтдаг бол харъяа дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт хандана уу.
Алхам 2. Нийгмийн халамж үйлчилгээний газар танд заавал хамрагдах ёстой 11 төрлийн шинжилгээг танилцуулна. Энэхүү шинжилгээнүүдээс дүүргийн эмнэлэгтээ даатгалаар өгч болохыг нь хасвал, бусад шинжилгээг хувийн лабораторид 300 орчим мянган төгрөгөөр хийлгэнэ.
Алхам 3. Ингээд шинжилгээ өгч баталгаажсаны дараа, эмчийн бичигтэйгээр албан ёсны борлуулагч “Омбол” эм ханган нийлүүлэх төвөөс худалдан авна.
ЭМИЙГ 28 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОНО
Тенофовир эмийг манай улсад сарын хэрэглээг нь 58 мянган төгрөгөөр зарж буй бөгөөд төслийн хүрээнд 30 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Энэ эм нь вирүсийг устгах чадвар 93 хувь, үрэвслийн эсрэг чанар 77 хувь, хатуурлын эсрэг чанар 74 хувь, вирүсийг бүрэн устгах чанар 3 хувь бөгөөд эмэнд дасал үүсгэхгүй байдлаараа дэлхийн анагаах ухаанд хэрэглэж байгаа В вирүсийн эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй нь аж.
