Манай улсад Орос хэлийг эрчимжүүлэн заадаг ерөнхий боловсролын 9 сургууль байдаг
Монгол Oросын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэг сарын хугацаанд олон үйл ажиллагааг зохион явуулсаны нэг ЕБС-ийн сурагчдын дунд Oрос хэлний олимпиад байсан юм. Орос хэлийг эрчимжүүлэн суралцдаг сургуулиудын 200 орчим сурагчид уг олимпиадад хамрагджээ. Тухайлбал ОХУ-ын элчингийн дэргэдэх 14-р сургууль, гадаад хэлний гүнгийрүүлсэн сургалттай 23-р сургууль болон Oрос 3-р сургууль, Белханов 1-р сургуулийн сурагчид тус тус хамрагдсан юм. Мөн нийт сурагчдын дунд зохион бичлэг, уран уншлага болон дууны тэмцээнийг амжилттай зохион явуулжээ.
Өнөөдрийн арга хэмжээнд орос хэлний олимпиадад амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад ОХУ-с Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов шагнал гардууллаа. Мөн тэрээр цааш цаашдаа Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан олон ажлуудыг хийх болно гэж онцлон хэлсэн юм. Олимпиадад тэргүүн байрын эзнээр тодорсон ОХУ-ын элчингийн дэргэдэх 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Онон болон манай улсад Орос хэлийг эзэмшиж байгаа БНСУ-ын иргэн Белханов сургуулийн сурагч СУ-Хён нарын сэтгэгдэлээс мөн хуваалцсан юм.
Мөн энэ жил анх удаа Москвагийн 6 их дээд сургуулиудад 20 орчим сурагчдыг сонгон шалгаруулж суралцуулахаар болжээ. Эдгээр сурагчид ирэх оны 9-р сард ОХУ-ын үндэсний эрдэм шинжилгээний их сургууль болон Москвагийн эрчим хүчний дээд сургуулиудад тус тус суралцах юм.
Манай улсад нийт 1500 орчим Орос иргэд ажиллаж амьдардаг бөгөөд улсын хэмжээнд Орос хэлийг эрчимжүүлэн заадаг ерөнхий боловсролын 9 сургууль байдаг юм. Үүнээс 4-н сургууль нь Оросын боловсролын системээр сургалтаа явуулдаг бөгөөд төгсөгчид нь ОХУ-ын их дээд сургуулиудад албан ёсны эрхтэйгээр элсэн суралцдаг юм.