Ахмадын орон сууцны эхний ээлжийн оршин суугчид түлхүүрээ гардан авлаа
Нийслэлийн хэмжээнд 1995-2012 онд албан ёсоор орон сууцны өргөдөл гаргасан 8200 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээрийг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь Ахмадын орон сууц хөтөлбөр гэж үзэж нийслэлийн удирдлагууд баталсан юм. Ахмадын орон сууц хөтөлбөрийн журамд тусгасан шалгуурын дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас томилогдсон мэргэжилтнүүд эхний 5000 орчим өргөдөлтэй танилцаж, шалгуур хангасан 128 өндөр настны жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр орон сууц хүссэн олон өргөдөл байгаа ч дийлэнх иргэд өмнө нь улсаас байр авч байсан, өөрийн нэр дээр байр, хашаа байшинтай, хэдхэн сарын өмнө өмчлөлийн байраа хүүхэддээ шилжүүлсэн гээд журмыг хангах тохиолдол нэлээдгүй байжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Гэрэлчулуун Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комииссыг ахалж байгаа юм. Энэ сарын 2ны өдрийн хурлаар Улаанбаатар хотын ЗАА-наас журмын шаардлага хангасан гэж үзсэн 128 өндөр настны материалтай танилцаж эхний ээлжийн 300 айлын орон сууцанд оруулах 01 тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дээрхи 128 өндөр настнаас гадна нийслэлийн ЗД-д цагдаагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу зайлшгүй шаардлагатай 10 албан хаагчийг Ахмадын орон сууцанд оруулахаар болж өнөөдөр түлхүүрийг нь гардуулж өглөө. Түрээсийн орон сууцанд амьдрахаар болсон өндөр настнууд олон жилийн өмнөөс нийслэлийн үе үеийн удирдлагууд, холбогдох сайд, дарга нар гээд эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа өргөдөл өгч, найдлага тавин хүлээсээр өнөөдөр ийнхүү тэдний хүсэлт биелэлээ олж байна. Ахмадуудын ихэнх нь өөрийн гэсэн байр, хашаа байшин, өмчлөлгүй, айлын хашаанд гэр түрээслэдэг олон жилийн өмнө гэр нь шатаж подвальд байдаг гээд хүндхэн нөхцөлд амьдарч байсан байна.