Автомашины зогсоол асуудал болсоор л байна
Нийслэл хотод хүн амын нягтаршил төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээвэр, замын түгжрэл, авто машины зогсоолын хомсдол нилээдгүй ихэссэн. Тэр дундаа авто машины зогсоолын асуудал үйлчилгээ авах гэж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Тиймээс зам тээврийн системийн нэн чухал хэсэг болох автомашины зогсоолыг өргөтгөх, шинээр бий болгох шаардлагатай байна.
Автомашины хэрэглээ ихэссэн өнөө үед иргэдийг нилээдгүй бухимдуулж буй асуудлуудын нэг бол авто зогсоол юм. Нийслэлийн хэмжээнд авто машин хөлөглөгчдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Тэр чинээгээрээ автомашины зогсоолын эрэлт хэрэгцээ ихсэж байгаа юм. Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байдаг. Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүрч хүндрэлтэй байдаг нь нууц бишээ. Тэгвэл өнгөрсөн онд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон.
Энэ талаар холбогдох хүнээс асуухад “тус захирамжид төр захиргааны байгууллага аж ахуй нэгжүүдийг ажилчдын нэгдсэн автобустай болгох талаар үүрэг чиглэл тусгагдсан. Гэсэн хэдий ч энэхүү захирамжийн хэрэгжилтэд төсөв хөрөнгө олгогдоогүй, нөөцөнд ашиглах автобус байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгжихгүй байна” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжийн холбогдох албадын дарга нартай уулзаж, энэ талын захирамжийг суртчилах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа онцлон хэлж байсан юм. Угтаа тухайн албан байгууллагаар үйлчлүүлж, ажил төрлөө хөөцөлдөж яваа иргэдэд авто зогсоол шинээр барихгүй юмаа гэхэд чөлөөлж өгөх шаардлагатай байгаа юм. Гэтэл иргэд үйлчлүүлэгчид машинаа тавих зогсоолгүйгээс гадна, хэрвээ тухайн байгууллагын гадна машинаа түр тавьсан тохиолдолд цагаар тооцож 500-2000 хүртлэх төгрөгийн хураамж төлдөг.
Хотын даргын гаргасан энэхүү захирамж нь хэдийгээр цаг үеэ олсон шийдвэр ч цаашдаа хотын төлөвлөлт болоод барилга байгууламж барихдаа авто зогсоолын асуудлыг дорвитой шийдэхгүй бол иргэдийн зүгээс ирж буй бухимдал ч багасахгүй юм.