Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гэр бүлийн үнэ цэнэ: МУБИС-ийн докторант, яруу найрагч Б.Ура

Гэр бүлийн үнэ цэнэ: МУБИС-ийн докторант, яруу найрагч Б.Урангоо

Өрхийн тэргүүн: Жамцын ДАМДИНСҮРЭН /Хувиараа бизнес эрхлэгч/

Гэргий:   СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн уран зохиолын багш, МУБИС-ийн докторант, яруу найрагч Батсүрэнгийн УРАНГОО

Гэр бүл амар амгалан байна гэдэг чухал...

ААВДАА ХЭЛЭХ ҮГ

Харуусал дагуулж зовлон тээх орчлонгоос

Хамгаалж чадах ганцхан түшиг та байтлаа

Хундагахан дарсанд хувь заяагаа хөтлүүлэн

Хөөрхий ээжийн минь нулимсыг барж суухад

Амь болсон сэтгэл минь дотуураа хэчнээн нурсан ч

Алга дарамхан зүрхэнд минь бурхан болж шүтэгддэг

Алдаа онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол

Араас чинь бэдрэх хүү нь бүдэрчих вий дээ, аав минь

Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг

Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчрахгүй юм бол

Жаахан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд

Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа, аав минь

Цонхны цаанаас зүрхээ урсган хүлээдэг

Цомбон сэтгэлээ нулимсаар зүсэж зогсдог

Марал нүдэн хүү чинь мөргөн, мөргөн гуйж байна

Маргааш орой эрүүл ирээрэй, ааваа

Уран уншигч О.Ананд хүүгийн уншиж, олонд хүргэсэн энэ шүлгийг та санаж буй биз. Олон хүний зүрх сэтгэлд хүрч, одоо ч сонсон уярч, нэгийг бодож суух энэ мөртүүд яруу найрагч Б.Урангоогийн сэтгэлээс ундарсан билээ. Энэ мэт олон сайхан бүтээлийн эзэн авьяаслаг найрагч, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн уран зохиолын багш, яруу найрагч Батсүрэнгийн УРАНГОО, түүний хань Жамцын ДАМДИНСҮРЭН-гийн гэр бүлийг эрхэм зочдоороо урьсан юм. Инээд баясал, дуу шуутай халуун дулаан энэ гэр бүлд түр саатна уу.

Өндгөө нуусан шувууд эргэж дандаа хоргоддог шиг

Өнөө болтол хоёулаа хэн хэнээсээ уйдсангүй ээ, хань минь

Өөр өөрийн ертөнцийг нэгэн саванд багтаах гэж

Өдөр өдрийн нарыг аргадаад сурчихжээ хоёулаа... /Б.Урангоо/

Уул ус, ургамал ногоо нь тэгширсэн арын сайхан хангайн Эрдэнэмандал сум гэр бүлийн хоёрын унасан газар, угаасан ус нь. Нас чацуу ч, нэг сургуулийн дээд, доод ангид суралцах үедээ зүс танил явсаар 1992 онд дотно танилцаж, 3 жил үерхэн зан зангаа мэдэлцээд гал голомтоо асаав.

Голомт залгах Д.Алтангадас хүү “Сэтгэмж” цогцолборын 6 дугаар ангийн сурагч. “Аав, надад А үсгээр эхэлсэн нэр өг л дөө. Ангийн багш А үсгийг түрүүлж дуудаж байна” гэж дуудуулах нэрээ захиалсан адтай нөхөр. Стиль имиж гэж догь. 2 жилийн өмнөөс ургуулсан үсэндээ их хайртай. Ижий шигээ монгол хэл, уран зохиолд дурладаг ч нэг гэр бүлд нэг мэргэжлийн хоёр хүн байснаас өөр зүйл сонирхохыг зөвлөсөн аавынхаа зөвлөмжөөр өдгөө тоонд илүүтэй шимтэх болсон гэнэ.

1999 онд анхны үр нь мэндэлж, харамсалтай нь амьдрал тэгш бишийн үрээр 8-хан сар хүрч явсан бяцхан охин нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсныг нь сонсоход сэтгэл эмтрэм. Харин 2013 онд энэ гэр бүлд аз жаргал авчирсан бяцхан охин Д.Мишээл нь мэндэлжээ. Хүүтэй, охинтой... одоо хоёр ихэртэй болчихвол ч... хэмээн мөрөөддөг гэнэ. Хүсэл нь биелэн, улам өнөр өтгөн гэр бүл болохын ерөөлийг өргөе.

Жамцын Дамдинсүрэн. Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн ч Архангай нутагт суурьшжээ. Хувиараа бизнес эрхэлдэг, гарын ур дүйтэй, сэтгэлийн тэнхээ ихтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн өрхийн тэргүүн, халамжит хань, сайн аав. Үүний нэг илрэл нь эмэгтэй хүн мөнгө олох гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Мөнгө олох нь эрчүүдийн үүрэг. Эмэгтэй хүн дуртай зүйлээ л хийж бай, гэсэн зарчимтай нэгэн. Тиймдээ ч гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг өөрийн хүч хөдөлмөрөөр зохицуулдаг.

Б.Урангоо малчин гэр бүлийн дунд охин. Бусдын адил хонь, хурга хариулж хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тэр дунд утга зохиолын сайхан номуудаар мэдлэгээ тэлж, тэмүүлсэн бага нас. Номд дурлах хүсэл нь үү, эсвэл байгалиас өгөгдсөн авьяас, амьдралын хувь төөрөг нь үү, юутай ч энэ бүхэн хоршин, сүлжилдэж, утга зохиол, яруу найргийн энэ салбарт хэдийн уусгасан гэдэг.

Ижийнх нь аав, өвөө нь аливааг утга төгөлдөр, толгой сүүл холбон, найраг шүлэг шиг ярьдаг хүн байжээ. Харин аавынх нь аав Зая Бандида гэгээнтний дуганы хаалгач төдийгүй бурхны номыг цээжээр мэддэг Цээж Дашзэвэг хэмээх хүн байжээ. Тиймдээ ч түүний авьяас билэг өвөг дээдсээс нь улбаатай. Арын сайхан хангай угийн яруу найрагчдаараа алдартай. Халхын Зая Бандида Лувсанпэрэнлээгээс эхлээд “Таван эрдэнэ”-ийн Л.Лувсандорж, “Халуун бороо”-гийн Ц.Базаррагчаа, Сүхбаатарын Батмөнх зэрэг их зохиолч, яруу найрагчид төрөн гарсан.

Онгод гэдэг мэдрэмж... Б.УРАНГОО: “Гадаа салхи сэвэлзэхэд хүн бүхэн л яасан муухай хуйсгануур өдөр вэ гэж харж байхад та тэрхүү салхины үзүүрт сонин уйт бодол буйг барьж авч байгаа л бол тэр мэдрэмж.” Тиймээс хэн хүнд энгийн мэт зүйлээс илүүг харж чадаж байна гэдэг өнөө онгод, өдгөө мэдрэмж юмсанж.

III курсийн оюутан байхаасаа л зарим багш нарынхаа даалгавраар оюутнуудад хичээл заадаг байв. Тиймдээ ч төгсөх жилээ сургуульдаа багшлах саналыг хүлээн авч “Их Монгол”, “Идэр”, Монгол Улсын Боловсролын их сургууль, Соёл Урлагийн их сургууль зэрэг утга, зохиол, сэтгүүл зүйн салбарт цойлох хувь, хувьсгалын томоохон сургуулиудад 11 дэх жилдээ багшилж байна. Хатуухан багш ч эргээд шавь нар нь юм сурч мэдсэнийг ярьж, сонсоход бахдалтай.

Яруу найраг, түүх дурсамж, өгүүллэг, тууж, дууны шүлгийн түүвэр гээд 10 гаруй ном бичжээ. Анхны бүтээл “Бурхны шувуу” /2004/ нэртэй яруу найргийн номоо гаргаж урамшин, “Хааяахан...” /2007/, дурсамжийн “Эгэл амьдрал эгэлээрээ агуу”, 2011 онд өгүүллэгийн “Охиноо хайсан намар”, яруу найргийн “Тэнгэр урвах цаг”, “Сэтгэлийн өргөс”, 2014 онд дууны шүлгийн “Даанч хол байна даа” зэрэг номоо гаргажээ. Харин энэ өдрүүдэд хэвлэлтэнд орж, тун удахгүй уншигчдын гарт хүрэх гурван ном бий. Энэ нь “Миний дүү хөлд, хэлд, сургуульд орлоо” хүүхдийн шүлгийн ном, “Хулгана хатагтайн цай” үлгэр өгүүллэгийн ном, “Даанч хол байна даа” дууны шүлгийн номууд яг одоо бэлэн болж байна.

Түүний зохиосон олон сайхан шүлэг дуу болон амилжээ. Жишээ дурдахад, түүний “Бурхны шувуу” шүлгээр бүтсэн дууг СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар дуулсан бол МУГЖ Ж.Уранчимэг, дуучин П.Хатанбаатар хамтран “Гэгээн хурим” дууг нь олонд хүргэжээ. “Морины” хэмээх тодотголтой СТА, дуучин Л.Нарантуяа  “Хоёр хээр” дууг нь дуулжээ.

Зочин маань докторын зэрэг горилон “Монгол ардын аман зохиол дахь ерөөлийн туурвил зүйн онцлог” сэдвээр судалгааны ажил хийж байна. Энэ сэдэв их өргөн агуулгатай. Ерөөл гэдэг яруу найргийн эх үүсэл учир эргээд яруу найрагтай хэрхэн холбогдсон хийгээд ерөөлийн мөн чанар, шинж, эрт эдүгээ, энэ цагийн ерөөлийн онцлогийг хөндөн, дүгнэх том зорилготой бүтээл ажээ.

Шүрэн толгойтой, тогос оюутай, алтан нуухтай, арслан соёон халбагатай тархи манан хөөрөг. Хэр баргийн хөөрөгт Гэрчилгээ олгодоггүй дээ. Харин энэ хөөрөг өөрийн эзний нэртэй, гэрчилгээтэй чамин эд. Мөн зааны соёон нуухтай шүрэн хөөрөг бий. Монгол эр хүний нэгэн гангараа хөөргийг Ж.Дамдинсүрэн ихэд сонирхох болсон гэнэ.

Харин Б.Урангоо үнэртэн цуглуулах хоббитой. Гэхдээ өөрөө түрхдэггүй. Ихэнхдээ найз нөхөд, шавь нараас нь дурсгасан үнэртнүүд шинээрээ өрөөстэй.

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тайзны зураачийн III курсийн оюутан Э.Амарсайхан өөрийн курсийн ажлын хөрөг ажилбараар багшийгаа сонгожээ. Онц дүн авсан зургаа багшдаа дурсгасан нь энэ. Монгол гоо бүсгүйн ялдамхан аалийг мэдрүүлэх энэ зураг цаанаа үнэн. Энэ дунд ташаа шүргэм урт гэзэг эрхгүй анхаарал татаж буй биз ээ. Ээж, эгч нар нь ч ийм урт, хар гэзэгтэй байж. Хань нь ч энэ гэзэгт нь дуртай болохоор хаа нэг тайруулахдаа зөвшөөрлийг нь авах хэрэг гардаг гэнэ.

Телевизийн өндөр дэнжид сүндэрлэх тэдний байшин, хэмжээ багатай давчуухан орон сууцнаас хавь илүү. Гал түлэхгүй, ус зөөхгүй, даарч хөрч бие засахгүй тохитой тухтай энэ байшин 7 жилийн өмнө сүндэрлэжээ. Гадаах хаалга, түүний хээ хуараас эхлээд ханийнхаа номын өрөөний тавиур, гал тогоо гээд бүхнийг өрхийн тэргүүн өөрийн гараар урласан гэнэ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ...

Ж.ДАМДИНСҮРЭН: Хань, үр хүүхдүүд минь энэ гэр бүлийн үнэ цэнэ, утга учир нь юм шүү дээ. Гэр бүл гэдэг элэг бүтэн, эрүүл энх, мөр бүтэн явах нь хамгийн дээд жаргал.

Б.УРАНГОО: Гэр бүл амар амгалан байна гэдэг хамгийн чухал. Амар амгаланг хос хоёр л бүрдүүлэх учиртай. Бие биедээ итгэдэг, хүндэтгэдэг, талархсанаа илэрхийлдэг, бурууг нь уучилдаг, уучлалт гуйдаг энэ зарчмыг бид гэр бүлдээ баримталдаг. Тиймдээ ч манай гэр бүл амар амгалан байж чаддаг. Хүнээс сэтгэл, хайр, халамж гурвыг бүү гуй. Энэ бүхэн гуйж ирдэг зүйл биш гэдэг үг бий шүү дээ. Тиймээс энэ бүхнийг хүсч л байгаа бол өөрөө ч гэсэн өгч сурах хэрэгтэй юм. Сэтгэл зориулахад сэтгэл мэдрэгддэг.

Намтар сөхөөд хуучлахад сайхан муухайтайгаа байг

Наддаа ганцхан чи минь

Насаараа давсгүй цай шиг байсан ч яах вэ

Нулимстай хоцорсон он жилүүддээ би хайртай

“Дутуу амьдарсангүй хоёулаа” шүлгийн хэсгээс...

Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зурагчин В.ЦЭНД-АЮУШ