АСЕАН-ы чуулга уулзалт өнөөдөр эхэллээ
АСЕАН-ы чуулга уулзалт өнөөдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо эхэллээ. АСЕАН-ы чуулга уулзалтад тус байгууллагын гишүүн болох Зүүн өмнөд Азийн 10 улс орны төрийн тэргүүн нар болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Кецянь зэрэг 9 орны төрийн тэргүүн, удирдагч, өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцож байна. Чуулга уулзалтийн үеэр бүс нутгийн худалдаа, эдийн засгийн асуудлуудаар хэлэлцэхээс гадна аюулгүй байдлын хүрээнд нилээдгүй олон асуудлыг авч хэлэлцэхээр болоод байна.
АСЕАН-ы гишүүн орнуудын төрийн тэргүүн нар АСЕАН-ыг бүс нутгийн эдийн засгийн интеграци хэвээр байгаа хэдий ч хэт даврах үзэл газар авч байгаа хийгээд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан болон зөрчил зэрэг нь энэ удаагийн уулзалтын голлох сэдэв болно хэмээн мэдэгдсэн байна. Вьетнам улсын Гадаад хэргийн сайдын албыг өмнө нь хашиж байсан, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Мин хэлэхдээ АСЕАН-ы бүлэг нь Парист гарсан халдлагын дараагаар терроризмын эсрэг асуудлуудад нэгдсэн гэжээ. Мөн АСЕАН-ы нийгэмлэг нь хүн төвтэй, хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахын төлөө ажилладаг гэдгийг онцолсон байна. АСЕАН-ы хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засгийн, улс төр аюулгүй байдлын болон нийгэм соёлын гэсэн хамтын ажиллагааны гурван баганыг голчлон, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Өнөөдөр эхлээд байгаа АСЕАН-ы чуулга уулзалт ойрын хэдэн өдрийн турш явагдах бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр оролцогч улс орнуудын хоёр талт хамтын ажиллагааны уулзалтууд болон Япон, БНХАУ, АНУ зэрэг улсуудын хооронд Өмнөд Хятадын тэнгист үүсээд байгаа асуудлуудаар явагдах хажуугийн уулзалт, хуралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа газар нутгаа тэлэх бодлогын хүрээн дэх хиймэл арал барьж босгох, арлуудыг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлах болон зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглох санаачлагаа дахин мэдэгдсэн бөгөөд АСЕАН-ы чуулга уулзалтын үеэр ч ижил утга санаа бүхий мэдэгдлийг хийхээр төлөвлөж байгаа юм. Малайзын цагдаагийн албаны зүгээс АСЕАН-ы уулзалтын үеэр буюу ирэх амралтын өдрүүдээр аюулгүй байдлыг өндөр дээд хэмжээнд сахиж, хараа хяналтаа сайжруулан ажиллахаар болсон талаар мэдэгдсэн. Учир нь баттай бус эх сурвалжийн мэдээгээр Исламын Улс бүлэглэлийн амиа золиослогч гишүүд Куала-Лумпур хотноо байрлаж байгаа гэсэн юм.
