Гоо танил: Фитнесс мисс Г.Солонго
Илүүдэл жинтэйгээ тэмцэж, булчинлаг өв тэгш биетэй болсон туршлагаасаа олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр дамжуулан охид, эмэгтэйчүүдтэй хуваалцдаг цөөнгүй эмэгтэйчүүд манайд бий. Зөвлөгөө бүрийг нь амьдралдаа хэрэгжүүлж, видео дасгалуудыг нь алдалгүй дагаж хийсээр хүссэн үр дүндээ хүрсэн эмэгтэйчүүд ч олон. Тэгвэл охид, бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй алхахад нь өөрийн туршлагаасаа зөвлөсөөр ирсэн тэдгээр эмэгтэйчүүдийн нэг болох фитнесс мисс Г.Солонгыг энэ удаагийн “Гоо танил” буландаа зочноор урилаа.
15 жилийн өмнө анх бодибилдинг фитнессээр хичээллэж эхлэхдээ тэрээр жаахан махлаг байсан гэдэг. Бага байхаасаа бүжиглэдэг, пионерийн ордны бүжигчин байсан ч том болоод бүжгээ орхисноор жин нэмж эхэлжээ. Ингээд илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд эл спортод хөл тавьж, хүссэн үр дүндээ хүрээд зогсохгүй 2011 онд Монгол Улсын бодибилдинг фитнессийн аваргын Алтан медаль, 2012 оны бодибилдингийн Ази тивийн аваргаас Хүрэл медаль гээд олон шагналын эзэн болжээ. Ингээд Г.Солонгын гоо сайхны ертөнцтэй танилцъя.
Фитнесс маш олон өөрчлөлтийг авчирсан...
Тэрээр бодибилдинг фитнессээр хичээллэж, эхэлсэн даруйдаа эрүүл хооллолтыг эрхэмлэж, тамхи зэрэг амьдралын буруу зуршлуудаа таягдан хаяснаар төгс гоо биеийн эзэн болж чаджээ.
Мөн уг спортоор хичээллэх явцдаа стресс хэмээх гоо сайхны гол дайсныг мартсан төдийгүй эрч хүч, баяр хөөрийг өөрийн болгож чадсан нь түүний том амжилт юм. Түүний хобби бүх төрлийн экстрем спорт. Бодибилдинг фитнесс бол Г.Солонгын өдөр тутмын салшгүй нэг хэсэг гэнэ. Үүнээс гадна, тулааны урлагаар хичээллэж, мөн гимнастик болон дугуйн спортыг сонирхон суралцаж, амьдралынхаа нэгээхэн хэсэг болгожээ.
Сул махаа чангалахын тулд мэдээж булчин чангалах дасгалуудыг системтэйгээр хийж байж үр дүнд хүрдэг гэдгийг өөрийн туршлагаасаа зөвлөлөө. Фитнессээ хийж дуусаад заавал сунгалтын дасгал хийх хэрэгтэй төдийгүй энэ нь хүнийг илүү залуу байлгаж, мөн ажилласан булчинг амраан суллаж өгдөг гэдгийг онцоллоо.
“Хэрвээ би энэ спортоор хичээллээгүй байсан бол амьдралын
буруу хэмнэлээрээ амьдраад л явах байсан. Юм бүхэнд залхуу хойрго хандаж,
өөрийгөө ялан дийлж чадахгүй байх байсан. Энэ спорт намайг тэсвэр хатуужилд,өөрийгөө ялан дийлж, аливаад тууштай хандах хандлагад,
мөн сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг сургасан.”
БИ ЮУ ДУРТАЙГАА ИДДЭГ. ГЭХДЭЭ...
Юу дуртайгаа иддэг ч яагаад ийм гоолиг байдаг юм бол хэмээн та гайхаж байна уу? Нууц нь өдөр бүр 30 минутаас нэг цаг дасгал хийдэгт л оршино. Хүссэнээ идээд идсэнээ дасгалаар шатаачихдаг учраас идэхээс огтхон ч айдаггүй гэнэ. Өдөрт 5-6 удаа буюу 2-3 цаг тутамд хооллодог Г.Солонго амттанд дэндүү хорхойтой нэгэн. Гэхдээ байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг учраас амттан идэж, таргалахаас эмээлгүйгээр хүссэн бүхнээ иддэг байна. Гэхдээ түргэн хоолыг таашаадаггүй.
ӨГЛӨӨ. Өглөө босоод оливын тосонд хоёр ширхэг өндөг шараад, хар талхтай хачирлан, хар кофе уудаг байна.
ӨДӨР. 11 цагийн үед гадил, алим, сүүтэй шейк бэлтгэн, жижиг бялуу юм уу, эсвэл шоколадтай хамт иддэг гэлээ.
13 цагийн үед махан төрлийн ямар ч хамаагүй хоол иднэ.
16 цагийн үед тараг, жимстэй хамт иддэг байна.
ОРОЙ. 19 цагийн үед оройн хоолоо идэхдээ аль болох хүнд махан хоолноос татгалздаг гэнэ. Ногооны салатыг тахиан махтай хамт, эсвэл шарсан загасны махыг будаатай хачирлах гэх мэт шингэц сайтай хооллодог байна.
“Жингээ хасах гэж байгаа бол аль болох орой хүнд махан хоолноос татгалзахыг зөвлөе. Өдөр нь хүссэн махан хоолоо идчихэд хангалттай. Ингэж чадвал жингээ хурдан хаяна. Мөн амттан болон гурилан бүтээгдэхүүнд дурладаг бол 16 цагаас өмнө хүссэнээрээ идэхэд гэмгүй. Хурдан туръя гэж бодож байвал давс бие дэх өөхийг барьчихдаг болохоор 1-2 сар хоолондоо давсны хэрэглээгээ бүр хязгаарла.
Мөн чихэрлэг болон хийжүүлсэн ундаа зэргээс татгалз.
Аль болох шөлтэй, жигнэж болгосон хоол хүнс хэрэглэ.”
МИНИЙ ИДЭХ ДУРТАЙ ХӨНГӨН ХООЛНЫ ЖОР:
Өргөст хэмх, улаан лооль, яншуй гурвыг жижиглэн хэрчээд салатны навчинд орооно. Үүнийгээ хар талхтай хачирлан иддэг. Эл зууш нь хөнгөн хэрнээ өл дардаг, хийхэд ч цаг орохгүй амар.
ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛААР Л МАСК ТАВЬЧИХДАГ
Маск №1: Тараг, кофе хоёрыг зуураад маск болгон хэрэглэдэг.
Маск №2. Өндөгний шарыг оливын тостой хольж хутгаад нүүрэндээ маск тавьдаг.
Маск №3. Нимбэгийг бага зэргийн гурилтай зуураад маск болгон хэрэглэдэг.
Эдгээр маскуудаа орой бүр унтахын өмнө нүүрэндээ тавьж, арьсандаа чийгшил өгч, арьсаа амраадаг. Ер нь, хөргөгчөө онгойлгож хараад л аль байгаа хүнсээ ашиглан гарын доорх материалаар өөрийгөө арчилж тордчихдог гэлээ. Орой унтахын өмнө арьсаа маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ арьсаа чангалах үүднээс хааяа нимбэгний шүүстэй мөсөөр шанаа хэсгээ арчдаг байна. Коллагентэй маск тавьж, мөн коллаген уудаг гэнэ.
