Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хурц чонон хөрвөс ба квинкийн хаван

Хурц чонон хөрвөс ба квинкийн хаван

АӨСҮТөвийн Клиникийн Нэгдсэн Тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, арьс гоо заслын ахлах зэргийн эмч Г.Цогзол

Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь бүх амьдралынхаа аль нэг үед нь чонон хөрвөс өвчнөөр өвчилдөг гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс, эмэгтэйчүүд ихэвчлэн өвчилдөг.

Янз бүрийн шалтгаант хүчин зүйлсийн үйлчлэлээр арьсны хялгасан судсууд өргөсч, судасны нэвчимтгий чанар ихэссэний дүнд арьсны өнгөн хөрсөнд тархмал улайлт болон хязгаарлагдмал хаван үүсч, бэлцрүүт тууралт гарч хүчтэй загатнах шинжээр илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин.

Энэ өвчин нь гэнэт эхэлж, 24-48 цагийн дотор гарч алга болох ба харшил төрүүлэгч, дулааны нөлөө, дасгал хөдөлгөөн зэргээр сэдээгддэг арьсан дээр нь бэлцрүүт тууралт гарч, маш их загатнадаг.

Шалтгаан. Чонон хөрвөс өвчний шалтгаан, сэдээгч хүчин зүйлүүд олон янз. Үүнд: Эм, химийн бодисууд: үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд (Индометацин, метиндол, салицилат, зэрэг), оношилгооны тодосгогч бодисууд, хар тамхины гаралтай  өвчин намдаагч бэлдмэлүүд, инсулин, пенициллин зэрэг антибиотикууд

Хүнсний зүйл: Газрын болон модны самар, хушга, шар буурцаг, өндөг, сүү, гурил, жимс, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн

Физикийн хүчин зүйл: Туяа, механик даралт, үрэлт, халуун, хүйтэн,

Халдварын хүчин зүйлс: Амьсгалын дээд замын халдварыг үүсгэгч вирус, нян, мөөгөнцөр, шимэгч гэх мэт

Агаарын харшил төрүүлэгчид: Гэрийн тоос, агуулахын хачиг, ургамлын тоос, мөөгөнцөр гэх мэт

Зонхилон тохиолддог өвчнүүд: Дотоод шүүрлийн булчирхай, бамбай булчирхайн өвчин, вирусын шалтгаант элэгний үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл гэх мэт

Шавжинд хатгуулах гэх мэт

Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.

Эмнэл зүй ба илрэх шинж тэмдэг

Эмнэл зүйн үндсэн шинж тэмдэг нь халуу оргиж хүчтэй загатнах, бэлцрүүт тууралт гардаг. Тууралт нь хэдэн миллиметрээс хэдэн арван сантиметр хүртэл хэмжээтэй. Энэ нь маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог. Тууралтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, 24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ. Үрэвсэл уруул, хэл, зөөлөн тагнайн салстыг хамарч болно. Харин амьсгалын зам, залгиур хоолойн салстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган, амьсгал боогдоход хүрнэ.

Бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа  олон удаа давтан гарна. Эдгээр  дахилтууд нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилбэл хурц, түүнээс удаан үргэлжилбэл архаг чонон хөрвөс гэнэ. Толгой өвдөх нойрмоглох, дотор муухайрах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох шинжүүд илэрдэг.

  1. Архаг чонон хөрвөс - тууралт нь 6 долоон хоногоос дээш хугацаанд өдөр бүр эсвэл 7 хоногийн ихэнх өдрүүдэд гарч байвал архаг чонон хөрвөс гэдэг.

Хурц чонон хөрвөсийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хаван юм. Энэ үед цайвар хаван голдуу нүүрэнд, мөчдийн нэг хэсэгт гарч, загатналгүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ. Энэ нь харьцангуйгаар арьсны гүн давхаргыг хамарсан, ихэвчлэн нүд, уруулын эргэн тойронд илэрдэг хавагналт юм. Германы эмч Генрих а Квинке 1882 онд нүүр, үе мөчний хавагналтын талаар бичсэнээс хойш Квинкийн хаван гэж нэрлэх болсон.

Даралтын улмаас (жишээ нь сууснаас өгзөг хавагнах, явган алхсанаас–хөлийн ул хавагнах гэх мэт) мөн эмийн үйлчлэлийн нөлөөгөөр (Жишээ нь: халуун бууруулах - аспирин) үүсч болно.

Шинж тэмдэг нүүр (уруул, хэл), мөч (сарвуу, тавхай, гар г.м) хавагнах ба энэ үе дарьсны өнгө хэвийн байна. Хаван зовхи, хүзүү, гар сарвуу хөлийн шилбэ, хөндийт эрхтнүүдийн салст бүрхэвчийг нэлэнхүйдээ хамардаг. Гол шинж нь хэдхэн хормын дотор эхэлж 2-3 цаг үргэлжлэх бөгөөд хүндэрвэл үхэлд хүргэх аюултай тул эмнэлэгт яаралтай хэвтүүлж эмчилдэг.

Энэ хавагналтаас үүсэх шокийг "Анафилактик буюу гаждалын шок" гэж нэрлэх бөгөөд, залуучууд болон эмэгтэйчүүдэд ихээр тохиолддог.

Харшлын сорилууд тавиулах

• Бэгнүүрэн сорил, хатгах сорил

• Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.

• Хэрэв өвчилсөн бол мэргэжлийн арьс, харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Юунд харшилдгаа мэддэг байх нь чухал.

• Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй эмчлэх гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдээс мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.

• Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны тестүүд,  хүйтэн ба халууны тестүүд  болон бусад аргуудыг өвчний шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэнэ.

• Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, амьдралын буруу хэвшлээс татгалзах, бие махбодын өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

• Хүн өөрийн гэр, ажлын орчныг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчныг бүрдүүлэх, архи, тамхи хэрэглэхгүй байх, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй.