ДОХ-ын халдвартай хэмээн жүжигчин Чарли Шинийг сүрдүүлж байжээ
Америкийн Эн-Би-Си телевизийн TODAY ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч Мэтт Лаурер жүжигчин Чарли Шинтэй ярилцсан байна. Ярилцлагын үеэр Чарли Шин 4 жилийн өмнө ДОХ-ын халдвар авсан бөгөөд өвчний эсрэг эм бэлдмэлийн хатуу чанга дэглэмийг сахиж байгаа талаараа хэлсэн байна. Хөтлөгч түүнээс хэн нэгэнд өвчнөө халдаасан эсэх талаар асуухад тэрээр халдаагаагүй гэдгээ батлаж, бэлгийн харьцаатай байсан хамтрагч бүртээ өөрийн өвчний талаар анхааруулан хэлж байсан гэжээ. Тэрээр ДОХ-ын халдвар авсан талаараа олон нийтэд хандан албан ёсны мэдэгдэл хийх болсон шалтгаанаа мөн тайлбарласан байна. Түүнийг ДОХ-ын халдвартай гэдгийг нь мэдсэн биеэ үнэлэгчид болон бусад хүмүүс энэхүү мэдээллийг олон нийтэд цацна гэж сүрдүүлэн, их хэмжээний мөнгө нэхэж байсан үйлдлүүдийг зогсоох үүднээс өөрөө албан ёсоор зарлах шийдвэрт хүрсэн талаараа хэлсэн байна. Тэрээр түүнийг сүрдүүлсэн этгээдүүдэд аль хэдийн 10 орчим сая ам.долларыг зарлагадсан гэдгээ хэлж, энэхүү зохисгүй, шударга бус байдлыг зогсоохыг хүссэн талаараа ярьжээ. Өдгөө 50 настай жүжигчин Чарли Шин ярилцлагын үеэр яг хэзээ, хэнээс ДОХ-ын халдвар авсан гэдгээ дурьдаагүй байна.
