Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлнэ
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Архивын ерөнхий газар хамтран Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд мэргэшүүлэх ээлжит сургалтаа энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтад цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах найдвартай орчин бий болгох, сэргээн засварлалтын орчин үеийн арга технологи нэвтрүүлэх зорилгоор ҮТА-ын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, аймаг, орон нутгийн архив, салбар, төрөлжсөн архив, Үндэсний төв номын сан, Гандантэгчинлэн хийд, Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжинламын сүм музей, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын нийт 40 гаруй мэргэжилтнийг хамруулсан юм.
Уг сургалтыг нээж АЕГ-ын дарга И.Саруул хэлсэн үгэндээ: “Архивт хадгалагдаж буй баримтыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгоор судалж, ашиглах, олон нийтэд шуурхай, ил тод, нээлттэй болгох, баримтын эрэлт хайлтыг хөнгөвчлөх, боловсронгуй болгох, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд архивын баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулж чадваржуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ ажлын хүрээнд баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, мэргэшүүлэх сургалт зохион байгуулахаар 2014 онд ЮНЕСКО-ийн Соёлын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж, төсөл боловсруулсан нь дэмжигдсэн юм. Төслийн гол зорилго нь архивын баримтат өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын найдвартай орчин бий болгох, олон нийтэд чанарын өндөр түвшинд бэлтгэж бүрдүүлсэн баримтаар үйлчлэх, Монгол Улсын архивын хөгжлийг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх урьдчилсан нөхцөл бололцоо бүрдүүлэх явдал юм. Иймээс уг төслийн хүрээнд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна” хэмээгээд сургалтад оролцогсдод амжилт хүслээ.
Түүнчлэн Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Архивын баримтын хадгалалт хамгаалалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм. Тус хурлаар архивын баримт, түүний судлагдсан байдал, хадгалалт, хамгаалалтын асуудлаас гадна эртний монгол цаасны судалгаа, бичгийн эд өлгийн уламжлал, бичиг соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын тухай илтгэл хэлэлцүүлэх ажээ.
