Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Батхишиг: Зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлт хүнд явагддаг
“Зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүдийн жирэмсний хяналт” сэдвийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн Үржихүйн Зөвлөх Поликлиникийн их эмч Б.Батхишигтэй ярилцлаа. Улсын хэмжээнд зүрхний эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хяналтандаа авдаг тус эмнэлгийн ажил үйлстэй танилцахын хажуугаар зүрхний эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүд юуг анхаарах хэрэгтэй талаар ярилцсан юм.
TV ZONE: Зүрхний эмгэгтэй эхчүүдийг нэг л удаа төрөх боломжтой, түүнээс олон удаа төрөх боломжгүй гэдэг. Гэхдээ амьдрал дээр дахин жирэмсэлсэн тохиолдолд яах ёстой вэ?
Б.Батхишиг: Энэ нь хүний эрхийн асуудал юм л даа. Нэг л удаа төрж байгаа ээжүүд гэдэг бол ихэвчлэн хүүхэд тээх боломжгүй гэж хориглож байх тэр явцад хүүхэд нь томорчихсан байдаг. Тэгээд жирэмслэлтийг таслан зогсоох хугацаа өнгөрчихсөн, “Би тээнэ” гээд гарын үсэг зурдаг. Зүрхний эмгэгтэй жирэмсэн эхчүүд энэ маягаар нэг л удаа хүүхэд төрүүлэх боломжтой байдаг. Гэвч ихэвчлэн хүүхдээ гүйцэд тээж чаддаггүй. Эхийн амь насанд аюултай учраас жирэмсний 35-36 долоо хоногтойд нь кесар хагалгаагаар төрүүлж, хагалгааны явцад ихэвчлэн үрийн хоолойг боодог. Хөдөө орон нутагт оношлогдоогүй явж байгаад хоёр, гурван удаа төрчихсөн ээжүүд ч байдаг. Хугацаа хэтрэх тохиолдолд ихэвчлэн өөрт нь зөвлөгөө өгнө. Эсвэл хяналтын эмч нарт нь “Энэ ээжийг цаашид жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гээд хүлээлгэж өгдөг. Мөн эмтэй спирал тавих ч юм уу, хамгаалалтын аргуудыг удаан хугацаагаар хэрэглүүүлдэг.
TV ZONE: Зүрхний эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөрөө төрж чаддаггүй гэлээ. Энэ нь биед нь ямар нөлөөтэй вэ?
Б.Батхишиг: Энэ нь эмгэгээсээ хамаардаг. Зүрхний хүнд эмгэгтэй ээжүүд уушгиндаа илүү ачаалал өгч байдаг. Уушгины даралт ихсэнэ гэсэн үг. Уушги нь хавагнасан нөхцөлд эмнэлгийн байгууллага, эмчийн зүгээс тусламж үзүүлэхэд хүндрэлтэй учраас уушги хавагнахаас сэргийлж бэлтгэл эмчилгээ хийсний дараа ачааллыг нь хүндрэхээс өмнө кесар хагалгааг хийдэг. Ерөнхийдөө бол зүрхний эмгэгтэй ээжүүдийн жирэмслэлт, төрөлт аль аль нь хүнд явагддаг.
TV ZONE: Салбарынхан сүүлийн жилүүдэд зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа талаар мэдээлдэг.
Б.Батхишиг: Ерөнхийдөө 4-5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад өссөн хандлагатай байна. Энэ нь оношлогоо сайн болохоос гадна зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүдийн тоо ихсэж багаатай холбоотой байх гэж болов уу.
TV ZONE: Зүрхний эмгэгийн үед ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?
Б.Батхишиг: Жирэмсэн биш эмэгтэйчүүд хэвийн нөхцөлд амьсгаадна, аахилна, огцом уурлаж бухимдана, зүрх нь дэлсэж өвдөх зовиуртай. Шөнө унтаж байхдаа дэрээ өндөрлөх зэрэг тохиолдолд эмнэлэгт хандан оношлуулж байх шаардлагатай. Гэр бүлийнхэн нь ч гэсэн зүрхний өвчтэй байж магадгүй гэж таамаглаж байгаа тохиолдолд заавал зүрхний эмчид хандах нь зүйтэй. Ер нь бол эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдгийг хүн бүр мэддэг учраас жирэмслэхээсээ өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Жирэмсэн болсныхоо дараа мэдэх биш, жирэмслэхээсээ өмнө эмчилж болох олон өвчлөн бий. Ямар нэгэн гажиг, зүрхний эмгэг байгаа тохиолдолд эрт хяналтанд орвол эхэд ч тэр, урагт ч тэр, хяналт тавьж байгаа бидэнд ч амар байдаг.
TV ZONE: Зүрхний эмгэгтэй жирэмсэн эхчүүдэд хоолны дэглэм шаардлагатай юу?
Б.Батхишиг: Мэдээж шаардлагатай. Яагаад гэвэл зүрхний эмгэгтэй ээжүүд, ер нь зүрхний эмгэгтэй гэлтгүй бүх жирэмсэн эхчүүдэд тодорхой хугацаанд цусны эргэлтийн хямралууд үүсдэг. Энэ нь ачаалал ихсэж байна гэсэн үг. Цусны эргэлтийн гүнзгий хямрал жирэмсэн эхэд жирэмсний 3, 4, 5, 20, 24, 28, 32, 34 дэх долоо хоногуудад их ажиглагддаг. Ялангуяа зүрхний эмгэгтэй ээжүүдэд өндөр хэмжээгээр явагдаж, зүрхэнд нь эмгэгшил үүсгэж байдаг учраас жирэмсний хугацаанд хоолны дэглэм барих шаардлагатай. Хэрэв хоолны дэглэм барихгүйгээр ачааллаа ихэсгэх юм бол өтгөн хаталт үүсэх юм уу, цус алдах, ямар нэгэн давхар эмгэг үүсэж, хүндрэх магадлалтай. Тийм учраас зүрхний эмгэгтэй эхчүүд аль болох өтгөн хатаахгүй арвайн гурил, гурвалжин будаа, хөц будааг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас зүрхний ачааллыг багасгаж өгдөг. Жирийн ээж нар маань өдөрт 2-3 удаа хооллодог бол, зүрхний эмгэгтэй ээжүүд маань 7-8 удаа бүтэн аягаар биш тал аягаар, хөнгөн маягаар хооллож байх ёстой.
TV ZONE: Хяналтын хугацаанд зүрхний эм хэрэглэвэл урагт хэрхэн нөлөөлөх вэ?
Б.Батхишиг: Зүрхний хүчтэй эмнүүд байдаг. Тиймээс нэгэнт зүрхний эмгэгтэй бол эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд хяналтандаа орох хэрэгтэй. Эхний гурван сард хяналтандаа орвол бүх төрлийн нарийн мэргэжлийн эмч нар үзэж, бүх шинжилгээг бүрдүүлнэ. Ихэвчлэн шинжилгээгээр зүрхний эмгэгүүд нь тодроод гараад ирдэг. Тэгээд зүрхний эмч нар энэ жирэмслэлтийг цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийддэг учраас эмэгтэйн эрүүл мэнд, амь насанд аюул багатай. Зүрхний эмгэгтэй нь оношлогоогоор батлагдсан тохиолдолд хөнгөн хэлбэрийн үед хорин найман долоо хоног хүртэл харъяа хяналтандаа үзүүлж байгаад, түүнээс хойш манай эмнэлэгт ирдэг. Өөрөөр хэлбэл долоон сар хүртлээ харъяа эмчийнхээ хяналтанд давхар зүрх судасны эмчийн хяналтанд явна гэсэн үг. Манай эмнэлэгт ирснээр зүрх судасны эмчид давхар үзүүлж эмчилгээнүүдийг нь зааж өгдөг. Зүрхний өвчтэй жирэмсэн ээжүүдэд эмч нарын зүгээс нэг их эмчилгээ бичдэггүй. Тодорхой хэмжээний уух ёстой эмнүүдийг л дэс дарааллынх нь дагуу ууж байх ёстой.
TV ZONE: Зүрхний эмгэгтэй ч хүүхэд төрүүлэхээр зүрхний эмгэг нь эдгэрнэ гэсэн дам яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
Б.Батхишиг: Зүрхний эмгэг даамжирна уу гэхээс хүүхэд төрүүлээд эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийдөө төрөлхийн болон олдмол гажгийн аль алинд нь ийм нөхцөлд хүүхдээ цаашдаа тээж болно, болохгүй гэх тодорхой заалтууд байдаг. Энэ шийдвэрийг Улсын 3-р төв эмнэлгийн зүрх судасны кабинетын эмч нар үзэж, шийддэг. Ер нь сүүлийн үед олдмол гажиг ихсэж байна. Энэ нь багадаа хоолой нь их өвддөг байсан ч тухайн үедээ эмчлүүлэхгүй явсаар ангина нь үе мөчиндөө ороод, зүрхний хавхлагуудыг гэмтээснээс зүрхний олдмол эмгэгүүд ихсэж байгаа гэж үзэж байна.
TV ZONE: Зүрхний эмгэгт орчин нөлөөлөх үү?
Б.Батхишиг: Тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Төрөлхийнх бол нөлөөлөхгүй. Төрөхдөө л зүрхний цоорхойтой юм уу, ямар нэгэн зүрхний эмгэгтэй төрсөн байдаг. Тэгээд тухайн үед нь, бага насандаа оношлуулаад, шаардлагатай гэвэл оёдол хийлгэдэг. Ингээд зүрх нь эрүүл болсон учраас эрүүл эмэгтэйд тооцогдоно. Зарим нэг хүнд хэлбэрийн эмгэгүүд бий. Оёдол хийх боломжгүй эсвэл хавсарсан гажгууд илэрсэн үед хүүхэд тээх боломжгүй гэж үздэг.
TV ZONE: Зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа хэрхэн яаж хийх вэ?
Б.Батхишиг: Зүрхний эмгэгтэй ээжүүдэд байнга хажууд нь хяналттай байх ёстой. Дасгал хөдөлгөөн хийлгэж байх хэрэгтэй, ачааллыг нь ихэсгэж болохгүй. Ихэнх ээжүүд төрөхөөсөө өмнө энийг ч амжуулъя, тэрийг ч хийе гээд ачааллаа ихэсгэдэг. Ингэж ерөөсөө болохгүй. Дөнгөж өөрийгөө авч явж байгаа зүрхэнд хүүхэд тээж давхар ачаалал өгсөн байгаа. Гэтэл давхар биеийн хүчний ажил хийх юм бол дээр хэлсэн уушги нь амархан хавагнаж, зүрхний дутагдалд ордог. Эмч бидний зүгээс гэр бүлийнхэнтэй нь хамтад нь зөвлөгөө өгдөг. Оройд эртхэн унтуулж, өдрийн цагаар унтуулж амрааж, унтаж байхдаа дэрээ өндөрлөөд эхлэх вий, амьсгаадаад эхлэх вий, ханиалгаад эхлэх вий, хүнд ажил битгий хийлгээрэй гэх мэтчилэн ар гэрт нь зөвлөгөө өгч, анхаарах ёстой зүйлүүдийг нь хэлж өгдөг.
TV ZONE: Жирэмсэн эхчүүд маань өлсөөд байна гээд их идэх гээд байдаг. Энэ тал дээр юуг анхаарах вэ?
Б.Батхишиг: Энэ тал дээр бол зүрхний эмгэгтэй эхчүүд маань хоолны дэглэм сайн барьдаг. Ерөнхийдөө цагаан идээ их хэрэглэх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн коктейль ууж байх ёстой. Өвлийн цагт агаар салхинд гарч байх нь зохимжтой. Манай эмнэлэг тогтмол сургалт явуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын кабинеттай, долоо хоногт 3-4 өдрөөр зөвхөн зүрхний эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүд гэлтгүй бүх ээжүүддээ, мөн эх баригч нарт, шаардлагатай гэвэл эмч нартаа ч гэсэн ажлынх нь зав чөлөөгөөр сургалт явуулдаг.
TV ZONE: Манай сэтгүүлийн уншигчдад хандаж анхаарвал зохих хэрэгтэй зөвлөгөө хэлж өгөхгүй юу?
Б.Батхишиг: Жирэмсэн эхчүүд маань хоолныхоо дэглэмд анхаарал тавиагүйгээс болж ургийн жин хэтэрхий томрох хандлага сүүлийн үед их ажиглагдах болсон. Мөн жирэмсний витаминуудыг сайн гээд ямар ч хяналтгүйгээр ихээр хэрэглэж байгаагаас хэтэрхий том ураг тээж, төрж чадахгүйд хүрдэг. Тийм учраас хоолны дэглэмдээ маш сайн анхаараач ээ гэж хэлмээр байна. Жирэмсний хугааанд 10-12кг нэмэх ёстой байдаг ч 30 кг, 40 кг жин нэмж, хүүхэд нь 4, 5кг жинтэй төрж байгаа нь төрөх үеийн хүндрэлээс гадна хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр нөлөөтэй байх магадлалтайг анхаарах хэрэгтэй. Тиймээс долоо хоногийн нэг өдрийг цагаан хоолны өдөр болгох, орой 18 цагаас хойш махан хоол идэхгүй байх, хоол идмээр байвал хөнгөн хэлбэрийн жимс, тараг тааруулж идэж болно.
TV ZONE: Цаг зав гарган зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Б.Батхишиг: Баярлалаа.Монголын үрс маш олон болтугай!
