Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Н.Халиун: “Миний шинэ үе, шинэ тойрог эхэлж байна”

Н.Халиун: “Миний шинэ үе, шинэ тойрог эхэлж байна”

Монголын рок поп хөгжмийн урлагийн “Пентатоник” наадмын 7 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны "Халиуны ертөнц” GREATEST HITS LIVE тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд /11.13, 14/ “UB PALACE”-ийн концертын их танхимд амжилттай боллоо. Н.Халиун 23 жилийн турш уран бүтээл туурвисан ч өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ тоглолт түүний анхны тоглолт боллоо.

Тоглолтын онцлох уран бүтээлчдээс нэрлэвэл, тайзнаа гараагүй удсан дуучин Б.Мягмарсүрэн, Л.Байзада, Х.Оюунбилэг, Э.Минжинсор болон “Freezone” нарын үзэгчдийн хүсэн хүлээсэн хамтлаг, дуучид оролцож, сэтгэлд хоногшиж дурсамж хөглөх дуунуудаа үзэгчидтэй хамт дуулсан юм. Н.Халиуны зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдийг Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид 100 хувь амьдаар дуулж, үзэгчдийг Н.Халиуны ертөнцөөр аялуулан, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

Тоглолтын эзэн Н.Халиун, “Олон жил хүсэж тэмүүлж, хөдөлмөрлөж зүтгэсэн тоглолт маань сэтгэлд нийцсэн, эргээд харахад дурсамжтай, үзүүштэй, сонсголонтой, амжилттай болсонд баяртай байна. Энэ тоглолт миний хувьд, онцгой мөч, үнэ цэнэтэй цаг хугацаа байлаа. Миний ертөнцөд эгшиглэсэн дуу, хөгжим амьтай, хөгтэй байж, бүх дуунуудаа 100 хувь  амьдаар тоглож, дууллаа. Уран бүтээлчид маань ур чадвар, сэтгэл хөдлөлөө үзэгчдэд шууд хүргэж, эргээд үзэгчид маань өөрсдөө энэ тоглолтонд оролцож, хамтдаа дуулж, бүжиглэж, баярлаж, сэтгэл зүрхээрээ хамт байж чадсан нь хэзээ ч мартагдамгүй, тоглолтын хамгийн сайхан чанар байлаа. Харин энэ цаг мөчөөс миний шинэ үе, миний шинэ тойрог эхэлж байна. Цоо шинээр өөрийнхөө ертөнцийг нээсэн уран бүтээлүүдээрээ дахин дахин уулзацгаая. Урлаг бол хамтын бүтээл. "Халиуны ертөнц" тоглолтыг хамтран бүтээсэн Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид, яруу найрагчид, "On'n Off" продакшн, "BROS" рекордс, бусад хамтран ажилласан байгууллага, хүн нэг бүрт, миний ертөнцөөр аялсан эрхэм үзэгч олондоо талархсан сэтгэлээ илэрхийлж, мэхийн ёслоё” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.