СТА, Уран нугараач Ш.Азжаргал: Гадныхан үргэлж “Та нарт яс байна уу?” гэж асуудаг
Бид тэр бүр мэдэхгүй ч эх орныхоо нэрийг тив дэлхийд таниулан сурталчилж яваа олон монгол хүн энэ бөмбөрцгийн өнцөг булан бүрт бий. Салбар, салбартаа эх орныхоо нэрийг сайнаар таниулж, монгол хүний авьяас чадвар, ур ухаан, мэдлэг боловсрол ямар өндөр хөгжсөн гэдгийг өөрсдөөрөө тэд үлгэрлэн яваа. Тэгвэл Монгол улсынхаа нэрийг тив дэлхийд сайнаар дуудуулан яваа уран нугаралтын “The Bandebles” хамтлагийн гишүүн СТА, уран нугараач Ш.Азжаргалыг энэ удаагийн “Ярилцъя” буландаа зочноор урилаа. 2009 онд хилийн дээс алхсанаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт Монголын уран нугаралтын гайхамшгийг сурталчилсаар яваа түүний ярилцлага танд бахархал, омогшлыг төрүүлнэ гэдэгт эргэлзэмгүй...
TV ZONE: САЙХАН НАМАРЖИЖ БАЙНА УУ? ХЭДИЙ ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА Ч УРИЛГЫГ МААНЬ ХҮЛЭЭН АВСАНД БАЯРЛАЛАА.
Ш.АЗЖАРГАЛ : Сайхан намаржиж байна. Эх орон, элэг нэгтнүүдээсээ хэдийгээр хол байгаа ч Монголынхоо сэтгүүлд ярилцлага өгөх боломж олдсонд туйлын их баяртай байна.
TV ZONE: 2006 ОНД МОНАКО УЛСЫН МОНТЕ КАРЛО ХОТОД БОЛСОН “ӨСВӨРИЙН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН”-ИЙ “АЛТАН ЦОМ”-ЫГ АНХ УДАА ЭХ ОРОНДОО АВЧИРЧ, 16-ХАН НАСАНДАА “СТА” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЖ БАЙСАН САНАГДАНА...
Ш.АЗЖАРГАЛ : Тиймээ, тэр цаг хугацаа саяхан мэт санагдана. Гурван хүний бүрэлдэхүүнтэй манай хамтлагийг “The Bandebles” гэдэг. Надаас гадна С.Энхжин, Д.Бадамгарав гэсэн хоёр гишүүнтэйгээ анх 7 настайгаасаа эхлэн хамт бэлтгэл хийж, улмаар 2005 онд бид гурав “Зэрэглээ” нэртэй хамтлагаа байгуулж байсан түүхтэй. Бид гурав хар багаасаа л нөхөрлөн дотносож, хамтдаа өдийг хүртэл зүтгэж, энэ жил хамтлаг маань 10 нас хүрч байна. 2006 онд хамтлагаараа таны хэлсэн Монте Карлод зохиогдсон “Өсвөрийн циркчдийн тэмцээн”-ий “Алтан цом”-ын эзэн болсноор бид гурав хүүхэд байхдаа “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнуулж байлаа. Үүнээс хойш хамтлагаараа 2008 онд Францын Домонт хотод, 2009 онд БНХАУ-ын Үхань хотод зохиогдсон “Олон улсын насанд хүрэгчдийн циркчдийн тэмцээн”-ээс мөнгө, хүрэл цомыг тус тус хүч хөдөлмөрөөрөө авч байлаа.
TV ZONE: ТА ГУРАВ ХАА Ч ЦУГ ЯВДАГ БОЛОХООР ЭГЧ, ДҮҮГЭЭС ЯЛГААГҮЙ ДОТНОССОН БИЗ?
Ш.АЗЖАРГАЛ : Тэгэлгүй яахав. Аль ч улсад очсон хамт амьдарч, хамт ажиллана гээд бараг 24 цагийн 24-т нь цуг байдаг гэсэн үг. Тиймээс хамтрагч, найз нөхөд гэхээсээ илүүтэй эгч, дүүс шиг ижилсэн дотноссон.
TV ZONE: УРАН НУГАРНА ГЭДЭГ ХҮНЭЭС МАШ ИХ ТЭСВЭР ТЭВЧЭЭР ШААРДДАГ МЭРГЭЖИЛ. ХЭР БАРГИЙН ХҮН ХАЛЬШРАМ ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ БОЛСОН ШАЛТГААН ТАНЬ ЮУ БАЙВ?
Ш.АЗЖАРГАЛ : Би 4, 5 настай байхаасаа л уран нугараач болно гэж зүтгэж, өөрөө янз бүрийн хөдөлгөөн хийж эхэлснээр гэр бүлийнхэн маань охиныхоо энэ авьяасыг хөгжүүлье гэж шийдсэнээр уран нугараач болох эхлэл тавигдсан түүхтэй. Ингэж 6 настайдаа Улсын Циркийн “Уран нугаралтын дугуйлан”-д элсэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Мажигсүрэн агсан багшдаа шавь орж, өдгөө 19 дэх жилдээ уран нугарч байна. Энэ хугацаанд уран нугаралтандаа илүү их хайртай, мөн бахархдаг, талархдаг болсон. Тиймээс ч өдийг хүртэл энэ мэргэжлээ орхилгүй хүч хөдөлмөрөө зориулсаар явна. Уран нугаралт бол үнэхээр хүнээс маш их тэсвэр тэвчээр, хөлс хүч шаардсан урлаг. Уран нугаралтыг анх гаднаас нь хараад амархнаар төсөөлж байсан би бэлтгэлдээ орж эхэлсэн эхний хэдэн сар тасралтгүй уйлдаг байснаа санадаг юм. Сунгалт, хөл, гар, нуруугаа шахуулахаас эхлээд тухайн үед уйлах шалтгаан жаахан охин надад мундахгүй их л байсан байх. Эхний хэдэн сар гэлтгүй мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд багадаа л 5-10 жил шаардагддаг. Энэ хугацаанд нуруугаа нугалахаас эхлээд тэнцвэр, гарын хүчээ хэрхэн хувиарлах, тайзан дээр хэрхэн биеэ авч явах, хэрхэн яаж алхах, инээх гээд ярьвал нугараач болохоор зүтгэж байгаа хэн бүхэнд сурах зүйл маш их. Тиймээс миний хүүхэд нас завгүй өнгөрсөн гэхэд болно. “Миний охин ингэж байхаар болох уу?” хэмээн эхэндээ аав, ээж хоёр маань санаа нь зовонгуй хэлдэг байсан бол яваандаа намайг илүү хурцлагч, чиглүүлэгч минь болсон доо.
TV ZONE: ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Д.МАЖИГСҮРЭН АГСАН БОЛ ЦИРКИЙН БАГАНА БОЛСОН ХҮН. ОЛОН МУНДАГ УРАН НУГАРААЧИЙГ БЭЛДЭЖ ГАРГАСАН ТҮҮНИЙ ГАВЪЯА ИХ. ТА БҮХНИЙ ӨНӨӨДРИЙН ЭНЭ АМЖИЛТТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ БАЙХ...
Ш.АЗЖАРГАЛ : Тэгэлгүй яахав, бидний өдий зэрэгтээ яваа нь багштай минь салшгүй холбоотой. Багш маань маш ухаантайн дээр чадвартай, аугаа гэж хэлмээр тийм сайн хүн байсан. Бид гурав ямар азаар энэ сайхан хүнд шавь орж, энэ сайхан мэргэжлийг эзэмшив хэмээн үргэлж багшийгаа дурсан, баярлаж талархаж явдаг. Мөн багшаас минь гадна биднийг өдий зэрэгт хүргэсэн хүмүүс бол яахын аргагүй гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс минь. Тэднийгээ маш их санаж үгүйлж байна. Та бүхэндээ үргэлж баярлаж явдаг шүү хэмээн энэ дашрамд онцлон хэлмээр санагдлаа. Бид гурав эх орныхоо нэрийг илүү өндөр өргөж, сайн сайхнаар дуурсгахын төлөө бүх чадлаа дайчлан хичээх болно оо.
TV ZONE: ХИЛИЙН ДЭЭС АЛХААД 7, 8 ЖИЛ МОНГОЛЫН УРАН НУГАРАЛТЫН ГАЙХАМШГИЙГ ГАДНЫ ОРНУУДАД ТАНИУЛАН СУРТАЛЧИЛЖЭЭ. ЭНЭХҮҮ УРТ ХУГАЦААНЫ АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙХ БОЛСОН УЧИР ШАЛТГААН БИЙ БАЙХ? ХЭЧНЭЭН ОРНУУДААР АЯЛСАН БАЙНА ВЭ?
Ш.АЗЖАРГАЛ : “Мундаг уран нугараач болоод олон орноор аялж, Монголынхоо нэрийг гаргана” гэсэн мөрөөдөл анх нугараач болж эхэлсэн тэр үеэс сэтгэлээс минь гараагүй. Ингээд нугарч эхлээд анх 11 настайгаасаа гадны орнуудаар аялж эхэлсэн. Харин 2009 онд бидэнд маш том боломж гарч ирсэн нь АНУ-ын “Ringling Brothers and Barnum and Bailey” хэмээх дэлхийд эрэмбэ чансаагаар хоёрт ордог циркт ажиллах явдал байсан юм. Уг циркт ажиллана гэдэг улс харгалзахгүй циркийн урлагийнхны хувьд нэр төрийн хэрэг. Ер нь, Монголын циркийн урлагийнхан, тэр дундаа уран нугараачид багаасаа хилийн дээс алхан, аялан тоглож эхэлдэг жамтай. Монголын уран нугаралт дэлхийн өөр хаана ч байхгүй өвөрмөц язгуур урлаг учраас гадныхан маш их сонирхож, гайхан алмайрч хүлээн авдаг, тэр хэрээр үнэлдэг. Ингэж дэлхийн тэр том циркт ажиллаж эхэлснээр бидний олон жилийн аялан тоглолт эхэлсэн дээ. Азиас гэвэл Хятад, Япон, Солонгос, Тайван, Европоос Монако, Бельги, Макао, Франц гэх зэрэг орнуудаар аялан тогложээ. 2012 оноос саяхныг хүртэл “MSC Cruise” хэмээх Италийн аяллын усан онгоц дээр Бразил, Карибийн тэнгисийн орнуудаар аялан тоглож, хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Лос Анжелес хотноо ирээд байна.
TV ZONE: УРАН НУГАРАЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЖ ДҮГНЭДЭГ ТЭР ОРЧИНД АЖИЛЛАХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ БАЙДАГ БАЙХ. ХААНА Ч АЯЛАН ТОГЛОСОН ҮРГЭЛЖ САЙХНААР ХҮЛЭЭН АВААД Л...
Ш.АЗЖАРГАЛ : Тийм шүү. Бидний хөдөлмөрийг үнэлж дүгнэдэг тэр орчинд ажиллах үнэхээр сайхан. Гадныхан уран нугаралтыг, тэр дундаа Монголын уран нугаралтыг маш өндрөөр хүлээж авдаг. Манай уран нугаралтыг найруулгаас эхлээд хөдөлгөөн, трюк гээд ер нь Монголоос үүсэл гаралтай гэсэн утгаараа онцлог. Тиймээс гадныхан үргэлж бид нараас “Та нарт яс байна уу?” гэж гайхшран асуудаг.
TV ZONE: АЛХАМ ТУТАМДАА МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ГАРГАЖ ЯВАА ТА НАРЫН ХУВЬД ХАРИУЦЛАГА МАШ ӨНДӨРТ ТАВИГДДАГ БАЙХ?
Ш.АЗЖАРГАЛ : Ер нь, циркийн урлаг өөрөө маш том хариуцлага. Өөрийн болон хамтрагчдын эрүүл мэндээс эхлээд хүний нутагт олон мянган хүний өмнө ажиллаж, амьдардаг бидний хувьд хариуцлага өндөр байх нь хамгийн чухал. Бид нэг л буруу алхвал бид гурвын биш, Монголын минь нэр буруудна. Тиймээс тайзан дээр сайхан үзүүлбэр үзүүлээд үзэгчдэд үнэлэгдэхээс гадна хувь хүн талаасаа биеэ зөв авч явах, хүнтэй зөв боловсон харьцах энэ бүх үйлдал шууд эх орны минь нэртэй шууд хамаатай учраас хариуцлагаа үргэлж ухамсарлаж, нэрээ бүтэн авч явахын төлөө хүний нутагт бүхнээ дайчилж явна даа, бид.
TV ZONE: ХЭДИЙ ХҮНИЙ НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч ЗАЛУУ ХҮМҮҮС БОЛСОН ХОЙНО ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨӨРСДИЙГӨӨ ӨӨР ЗҮЙЛ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ ЗАВ ГАРДАГ БАЙХ?
Ш.АЗЖАРГАЛ : Бид чөлөөт цаг гарвал гурвуулаа ном унших дуртай. Тэр дундаа цаасан ном. Аялж явах хугацаанд тэр бүр хүссэн номоо олж авах, олсон ч байнга ийш тийш нь авч явна гэдэг жаахан бэрхшээлтэй. Сүүлийн үед Монголд гарч байгаа номнуудыг олж авах нь бүр асуудалтай. Гэхдээ бид гурав яаж ийж байгаад олоод уншчихдаг номын хорхойтонгууд. Мөн С.Энхжин бид хоёр шүлэг бичих хоббитой. Ирээдүйд зохиосон шүлгүүдээ багтаасан ном гаргана гэсэн бодолтой. Мөн би хааяа онгод орсон үедээ зурдаг. Бид гурав Лос Анжелес хотноо ирсэн нь учиртай. Энд эх орноо таниулан сурталчлах зорилгынхоо хажуугаар сонирхол сонирхлынхоо дагуу сурах зорилготой байна.
TV ZONE: БИДНИЙ ЯРИЛЦЛАГА ЭНД ХҮРЭЭД ӨНДӨРЛӨЖ БАЙНА. ХЭДИЙ ХОЁР ТИВЭЭР ЗААГЛАГДАН ХОЛ БАЙГАА Ч ЦАГ ЗАВ ГАРГАН СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ТАНД БАЯРЛАЛАА. ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ УЛАМ ИЛҮҮ ӨНДӨРТ ГАРГААРАЙ.
Ш.АЗЖАРГАЛ : Маш их баярлалаа.
Ярилцсан: Б.Баяржаргал
