Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хардалт - Хар Далд Санаа

Хардалт - Хар Далд Санаа

Хардалт - Хар Далд Санаа

… Нам гүн орчныг эвдэн шугамын радиогоор төрийн дуулал намуухан эгшиглэх нь босох цаг болсныг илтгэнэ. Шөнийн жавар хургасан хүйтэн гэрт чичрэн хувцаслаж, галаа асаахаар зуухныхаа дэргэд өвдөглөн суулаа. Аль болох чимээ гаргахгүйг хичээн ажилдаа явах хүүхдүүддээ цэцэрлэгт нь хүргэх бэлтгэлээ базаан суух тэрээр нөхрөө сэрчих вий хэмээн байн байн хяламхийн харах нь өрөвдмөөр…

Бүсгүйг Сараа гэдэг. /Нэрийг өөрчлөв/ Тэрээр нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Түүний амьдрал хоёр идэхгүй хоосон хонохгүй ч өөрсдийн хэмжээнд болоод л байдаг. Харин түүний нөхөр Болд ажил хийдэггүй бөгөөд хааяа архи балгачихна. Архи уусан үедээ эхнэрийгээ орой ирэхэд хардаж, хэрүүл өднө. Хэдий цохиж зодоод байхгүй ч ургуулан бодсон элдэв дэмий зүйлээ ярин, хэлэх хэлэхгүй үгсээр доромжлох нь зодохоос ч илүү бэрх бас шаналалтай. Мөн эхнэрээ ажилд нь явуулахгүй хэмээн тэмцэлдэх нь энэ амьдралын ачааг үүрч яваа бүсгүйд даанч хэцүү. Тиймдээ ч бүсгүй өглөө бүр нөхрөө сэрэхээс нь өмнө гэрээсээ гарч хүүхдээ цэцэрлэгт нь өгөн өөрөө ажил руугаа гүйхийг илүүд үзнэ.  Нараагийн хувьд 9 жилийн хугацаанд хамт амьдрахдаа нөхрийнхөө сэтгэлд сэв хийсэн нь үгүй. Хамт амьдарсан жилүүдийнхээ дийлэнхийг хардлага сэрдлэг, доромжлол дарамт дор өнгөрөөсөн бүсгүй одоо сэтгэлийн дарамт, гутралд оржээ.

Хардалтын талаар өгүүлэх нь

Хардалт гэж юу вэ?, Сэтгэцийн өвчин үү?, Өөртөө итгэлгүй хүмүүсийн авир уу?, Өөрөө өөтэй хүний илэрч буй булхай юу?, Итгэлээ хөсөрдүүлсээр туйлдаа хүрсэн хүний гаргадаг үйлдэл үү?

Эдгээр асуултуудад хариулах хариулт, тайлбар зөндөө бий. Хайртай бол хартай байх ёстой хэмээх гэр бүлийн бичигдээгүй хууль ч гэмээр хандлага байна. Мөн сэтгэл зүйчид хардалтын Олдмол болон хэвшмэл хэмээн  хоёр төрөлд хуваан үзжээ. Тайлбарлавал олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог бол хэвшмэл хардалтын хувьд тухайн хүний зан байдлаас хамаардаг байна.

Миний хувьд нөхрөө огт харддаггүй байсан ч нөхөр маань намайг байнга харддаг. Тэр найз нөхөдтэйгээ хүссэн үедээ амралтанд хоногоор явж, үе үе хонуутаар шоуддаг байсан. Би энэ талаар нь огт сонирхож асууж байсангүй. Энэ нь нөхрийн юу хийж явах нь надад хамаагүй гэсэн үг биш ч, зүгээр л түүнд итгэдэг байсан юм. Харин би урт хугацаагаар маш муухайгаар хууртагдаж байснаа нэг л өдөр олж мэдсэн. Тэрнээс хойш бүх сайхан харилцаа нурсан даа. Уучлаад эвлэрсэн ч хэзээ ч мартахгүй юм байна лээ. Одоо жаахан маргаан гарахад л дээрх сэдэв сөхөгддөг бөгөөд миний хувьд түүнийг үүгээр нь дарамтлахыг хүсдэг. Хар гэж бараг мэддэггүй шахам байсан би түүнийг одоо маш их харддаг болсон. Учир нь тэр цаг үргэлж л намайг хуурч байгаа мэт санагддаг юм. Нөхрөө хардах хар маань намайг ухаанаа гээтэл бухимдуулдаг” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн бүсгүй ярьж байна.

Хар хэмээх энэ “өвчин” хүн төрөлхтөн үүссэн цагаас л хамт бий болсон бололтой. Чулуун зэвсгийн үед бүхэл бүлэг эрчүүд, эмэгтэйчүүд бүлгээрээ гэр бүл бололцон амьдарч байсан тухайн үед хардалт түүнээс үүдэлтэй хүчирхийлэл оршин тогтнож байжээ. Үүний нэг жишээ бол Монгол орны нутгаас олдсон хадны сүг зураг юм. Зургаас харахад эр нөхрөө анд явсан хойгуур эхнэр нь өөр эртэй учирсан бөгөөд үүнийг нь мэдсэн нөхөр нь тэр хоёрыг харваж алах гэж байгаа дүрс юм.

Харин соёлт нийгэмд хардалт хэмээх өчүүхэн сэтгэл зүйн үйлдлээс шалтгаалж хайртай дотны хүнийхээ сэтгэл санаа цаашлаад бие махбодид гэмтэл учруулж, амь насыг хохирооно гэдэг байж болшгүй явдал юм. Хардалт өнгөц харахад гэр бүлд байх ёстой хэм хэмжээ мэт харагдавч цаанаа маш их уршгийг дагуулж байдаг. Нэг ёсондоо хардах өвчин даамжирсаар сэтгэцийн эмгэг байдалд шилжиж галзуу хардагч болж хувирдаг. Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна. Ийм эмгэгтэй хүмүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг. Ийм эмгэг гол төлөв эрчүүдэд ажиглагддаг бөгөөд тэд өөрөө гэмт хэрэгтэн болохоос гадна бусдыг гэмт хэрэгтэн болоход түлхдэг.

Эмэгтэйчүүдийн хориход нөхөр болон хамтран амьдрагчаа алсан хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь хохирогчийн буруутай үйлдэл тэр тусмаа эр нөхрийн хүчирхийлэл дарамт, зодуурын дор сэтгэл санааны стресст  байсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг тоо баримт байна.

Дээрх мэдээллийг бэлтгэх явцдаа сурвалжлагч миний бие “Хүчирхийллийн эсрэг төв”-өөс зарим нэг мэдээлэл авсан юм. Энэ төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ирж, хамгаалах байраар үйлчлүүлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл авдаг байна. 2014 оны байдлаар уг төвд 437 хүн хандсанаас 200 гаран нь хамгаалах байраар үйлчлүүлжээ. Хамгаалах байр нь аюулын эрсдлийн түвшин өндөр амь нас нь эрсдэлтэй байгаа хүмүүсийг 7 хоногоос 3 сарын хугацаанд байрлуулж, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь архидалтаас үүдэлтэй гэр бүлийн маргаан хардалт, үл илтгэлцлээс үүдсэн хүчирхийлэлд өртөгсөд байдаг бөгөөд насны хувь харьцангуй залуу буюу 20-25 насны бүсгүйчүүд байгаа нь харамсалтай.

Энэ төрлийн тэвчишгүй дарамт үзүүлж байгаа эр нөхрийг нь сэтгэцийн өвчтэй эсэхийг нь оношлуулахаар бүгд эрүүл гардаг ч тэдний үйлдэл нь үнэхээр эрүүл хүнээс гарамгүй авир байдаг аж.

Жишээ нь Ж бүсгүйг нөхөр нь шөнө унтаж байхад нь биеийнх нь аль нэг хэсэгт чимхэж, базаж хөхрүүлчихнэ. Улмаар дараа нь тэр хөхөрсөн улайсан биеийг нь “Хэнтэй яаж заваарч яваад биеэ ийм болгосон юм”  хэмээн загнаж, улмаар өөрийнхөө ярианд хэт автан хайр найргүй зодож цохидог нь үнэхээр гаж гэмээр.

Хүчирхийллийн эсрэг төвд хандан ирж байгаа бүсгүйчүүд бүгд л эр нөхөр, хамтран амьдрагчийнхаа элдэв хүчирхийлэлд өртсөн даруйдаа ханддаггүй аж. Тэд бие махбодь сэтгэл санааны дарамтанд орж, сэтгэлийн гүн  хямрал мэдрэлийн эмгэгтэй болохоос гадна тэсвэр тэвчээр нь эцсийн шатандаа орсон үедээ л ханддаг талаар тус төвийн үйлчилгээний менежер ярьж байна. Уг нь хүчирхийлэлийг мэдэрсэн даруйдаа л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандчихдаг бол  ядаж өөрийгөө хамгаалах, аливаа аюулаас сэргийлэх чадвартай болох нь таны эрүүл мэнд цаашлаад үр хүүхдийн тань ирээдүйд үнэлж баршгүй хувь нэмэртэйг “Хүчирхийллийн эсрэг төв”-ийнхэн анхааруулсан юм.

Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч "Хайртай бол хартай" гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

Эр нөхөр эхнэр нь хардамтгай хүмүүс аливаа юмнаас дөлөмтгий болж нэг л хэвийн баригдмал болчихдог. Улмаар үүнээсээ зугтаах гэж худлаа ярьж эхэлнэ. Тэдэнд хэдий үнэн явдал тохиолдож хийж гүйцэтгэх ажилтай явж байгаад ирсэн ч ойлгохгүй хардах вий хэмээн эмээх эсвэл залхсандаа худал түүх зохиож эхэлдэг. Улмаар үүнээс л шалтгаалж тухайн гэр бүлд үнэн зүйл гэж үгүй болж, цаашид хамтран амьдрах итгэлийг устгадаг.  Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл та түүнийг хардаж харамласанаар өөртөө татах бус бүүр өөрөөсөө түлхэх нэг үндэс болдог юм.

Хардалтын эргэн тойрон дахь сонирхолтой судалгаа

Хүмүүсийг цагаас нь эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр байр эзэлж байна хэмээн анагаахын мэргэжилтнүүд түгшүүр зарлажээ. Учир нь хардалт бол хүний сэтгэл санааг самууруулах айхтар өвчнүүдийг эхлэл болдог. Хартай хүмүүс 10 – 15 жилээр насаа богиносгодог гэдэг нь батлагдсан зүйл юм. Хартай хүмүүс энэ үйлдлээсээ болж байнга бухимдаж байдаг бөгөөд зүрхнийх нь цохилт  огцом түргэсч судсаар нь гүйх цусны хурд нэмэгддэг учраас судаснууд нь амархан элэгдэнэ, ингэснээр зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихсэх зэрэг аюулд нэрвэгдэмхий болдог. Мөн үүн дээр архаг стресс, депресс, толгойн өвчин, нойргүйдэл, архаг ядаргаа зэргийг нэмэгдэнэ. Мөн гэр бүлийн амьдралд маш хортойгоор нөлөөлдөг нь энэ шалтгаанаар гэр бүлүүдийн 25% нь салж сарниж байгаа статистикийн тоо баримтаас харж болох юм. Сонирхолтой нь хавар намрын улиралд хамгийн олон гэр бүл хардалтаас болж хоёр тийш болдог гэнэ. Энэ улиралд хүмүүс “гормоны тоглолтондоо” хөтлөгдөн эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэх хүсэлд автдаг,  харин өвөл болон зуны халуунд хүмүүс тайван, налгар болж хардуулах зүйл бараг хийдэггүй аж. Хардалтын солиоролд ( энэ бол анагаах ухааны нэр томъёо) 40 гарсан эрчүүд их автдаг гэсэн бас нэгэн ажиглалт байдаг. Энэ насны эрчүүдийн  бэлгийн идэвхи, чадавхи зэрэг нь сэтгэл зүйн шалтгаанаар буурах нь элбэг байдагтай холбоотой аж.

Дээрх мэдээллүүдээс үзэхэд хардалт нь ямар ч үр дүнгүй нэмэргүй үйлдэл болох нь харагдаж байна. Хэрэв эхнэр /нөхөр/  тань таныг үнэхээр л хуурахаар шийдсэн бол ямар ч хар байгаад танд нэмэр болохгүй нь. Эцэст нь хардагч Та эрүүл мэндээрээ хохирч, бүүр гэмт хэрэгтэн болж ч болох юм.

Энд нэг зүйлийг уншигчиддаа дуулгамаар байна. Гэр бүлээ хардаж доромжлогсод өөрсдөө гэмт хэрэгтэн болохоос гадна бусдыг гэмт хэрэгт түлхэж байдаг талаар дээр дурдсан. Харин хардалт буюу гэр бүлийн шалтгаанаас үүдэлтэй гэмт хэргийн талаарх мэдээллийг авахаар цагдаагийн байгууллагуудаар явсан боловч яг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргүүдийг ангилж ялгасан тоо баримт байдаггүй нь гайхалтай санагдсан юм. Жишээ нь эхнэрийнхээ гар хөлийг нь гэмтээсэн буюу гар хүрсэн бол танхай, амийг хороосон бол хүн амины хэрэг хэмээн зүйлчлэгдээд явчихдаг аж.

Уг нь гэр бүл гэдэг тухайн улсын үнэт капитал. Тийм ч учраас Монгол Улсын Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийг бусдаас нь ялгаж салгаж ангилж байвал зүгээр болов уу.

Мөн бүсгүй та адилхан бусадтай л адилхан эрхтэй. Та бусдын дарамтыг тэсэж тэвчин байж амьдрах шаардлагагүй гэдгийг санаарай.

Бэлтгэсэн: У.Дашбат