Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Эх орныхоо аль сайхныг л бишрэн амьдарья даа

Эх орныхоо аль сайхныг л бишрэн амьдарья даа

Юухныг ч болов сайхан хэмээн бодож амьдарч чадвал муу зүйл нэгээхэн ч үзэгдэхгүй болно хэмээх энэрэл нигүүлсэхүйн сургаал үг бий. Аливаад сэтгэл дүүрэн хандаж, уур бухимдал үгүй амьдарна гэдэг нэг ёсны жаргал. Гэтэл нөгөө талаас бодоод үзхүл тэнэгийн дотор уужуугийн үлгэр давтагдах мэт. Үнэхээр гачлантай.

Бага балчир ахуйд дуртай улирал минь өвөл байлаа. Цэвэр цэнгэг агаар цээж дүүрээд л. Нүд гялбам цагаахан цасаар тоглох үнэхээр жаргалтай байж. Гэтэл одоо өвлийн улирлыг хүлээх нь бүү хэл бараг үзэн ядах мэт. Алхмын цаадах үл харагдам утаа тортог хамар дүүрч, цэвэр агаарын “хэлтэрхий ч” үгүй энэ улирал нялхсыг элдэв өвчнөөр ээрнэ. Өвөл хэдий ийм ч нэгэн горьдлогыг тээн өвлийг битүүхэн хүлээсэн. Зун, намаржин хамар сэтлэх шахсан аймшигт үнэр. Салхи сэвэлзэх бүрт таатай аргагүй зүг бүрт тэнүүчлэх,  “цэвэр” хэмээх гуншин бүхий хотын биднээс гарсан үнэр. Хувцас, үсэнд шингэж, аманд амтагдах шахсан үнэрийг өвөл л дарж чадна хэмээн горьдсон ч үгүй аж.

Тэртээ нэгэн цагт хэмээх үлгэр шиг хамгаалалт хаалт нь хаашаа ч юм алга болсон ус зайлуулах хоолой, алдарт траншейны тухай яриа өдгөө ч үргэлжилсээр. Үнэхээр ч хэний бие эрхтнийг гэмтээж, хэнбугайн машины дугуйг залгих вэ гэсэн шиг онгойж харласан нүхнүүд энд тэнд үзэгдсээр л, жаахан хүүхдүүд унаж гэмтсэн мэдээ сонсогдсоор л.  Монголчууд хэзээний л  юмыг эвдэлж сүйтгэж хулгайлж байдгаараа “алдартай”.  Хэрэг болох зүйлсийг хулгайлна, хэрэггүй бол зүгээр л эвдчихнэ. Хаанаас үүсэлтэй ямархан сэтгэлгээ юм бүү мэд. Тэр алгын чинээхэн хаалт төмрүүд хэрэг болдог л юм байлгүй, хэн мэдэх вэ.  Хүйтний улирал ирэхээр тэнэмэл нэр зүүгсэд траншей хэмээх “гэртээ” бүгцгээж,  “тооно” хэмээх тагаа байнга хаалттай байлгадаг  нь бас нэг ачтай явдал аж.  Харин эзэнгүй траншейнуудын тагийг аль эрт эзэд нь “таниад” хулуулаад авчихдаг түүнд нь согтуу эсвэл хараа муутай нэгэн унах нь энгийн зүйл болсон.

За тэгээд жаахан цасны бараа хараад л зам нь мөсөн гулгуур болчихдог хотдоо талархах уу, эсвэл бухимдах уу? Угаас хямрал хэмээх эртнээс байсан нэр томьёог өдгөө утгаар нь мэдэрч буй халаасандаа сохор зоос үгүй иргэд, хэрэндээ “хөөрхөн” төлбөртэй мөсөн талбайд чөлөөт цагаа өнгөрөөх нь юу л бол. Харин халаас нимгэн иргэдээ байгалиас ивээж цас мөсийг нь бэлдээд өгч байгаад нь талархах нь зөв байх, аливааг сайнаар л бодож байх хэрэгтэй. Тэгэхгүй орсон жаахан цасыг нь хуу хамж цэвэрлээд байвал хөөрхий бид чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх билээ, бодолцоорой та минь.

Шил толь мэт ганган гоёмсог, оройг нь хараад малгай унам өндөр сүрлэг барилгууд эвлүүлдэг тоглоом өрж буй мэт л өдөрт хэдээрээ босдог болжээ. Сайхан даа, нийтээрээ орон сууцанд амьдарвал өнөөх утаа гуай манийг хаяж одох нь цаг ойрхон байна гэсэн үг. Гэхдээ өнөөх хямрал хэмээх үгнийхээ утгыг дөнгөж ойлгож байгаа бид чинь тийм амар орон сууцтай нөхөрлөж чадах болов уу даа. Монголчууд бид аливаа зүйлийг утгаар нь ухаж ойлгоход их цаг зарцуулж, түүнээ ойлгочихсон бол бат нөхөрлөдөг ард түмэн дээ. Яахав өөрсдийг нь тоох болтол барилгууд олноор баригдаж л байг. Тэр болтол өнөөх хямралаасаа уйдаж, цалин гэдэг нүдний гэм зүйл халаас, хэтэвчинд үргэлж байж байдаг болох байлгүй дээ.

Санаж явбал бүтнээ гэж.  Бүхнийг сайхнаар бодъё.  Ер нь нийслэл хот маань хэчнээн сонирхолтой гээч. Өмнөх замаа сайтар харж явахгүй бол аль нэг нүхэнд хөл гараа хийж хугалчих гээд байдаг болохоор ийш тийш хараачилж, сортолзож явсаар хүний анхаарал боломж дээд зэргээр хөгжиж байгаа юм. Мөн шинэхэн гоёмсог өндөр барилгуудын ёроолоос зайдуу, эсвэл заавал доогуур нь гарахдаа хурдан гүйх шаардлагатай. Дээрээс унаж ирэх магадлалтай элдэв төмөр арматур зэргээс урьтаж гүйх нь хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх шилдэг арга.

Салхитай өдөр  хийсэн ирэх бохир цаас, гялгар уутнаас толгойгоо бултуулж явах нь хүзүү, нурууны шохойжилтоос сэргийлнэ. Харин хог новш шатаасан болон өнөөх элдэв муухай үнэр таныг энэ төрлийн хорт агаарт эсрэг дархлаатай болгож байгаа байгалийн дархлаа юм даа.

Миний Монголын сайхан ирээдүй надаас эхлэх учраас болох бүтэх нь бүрхэг зүйлсийг тоочин гомдоллоод байлгүй өөрт оноогдсон ажлаа л сайн хийвэл болох нь тэр. Тэгээд ч эх орныхоо аль сайн сайхныг л харж бишрэн амьдрахаас өөр яах ч билээ.

Сэтгүүлч У.Дашбат