Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хүүхдийн киноны эцэг тэнгэрийн орноо заларлаа

Хүүхдийн киноны эцэг тэнгэрийн орноо заларлаа

Монголын кино урлагийн нэгэн гэрэлт од,Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,нэрт кино найруулагч,кино зураглаач,дэд профессор Халтарын Дамдин хүнд өвчний улмаас 2015 оны 11-р сарын 16-ны өдөр таалал төгсөж,тэнгэрийн оронд заларлаа.

Найруулагч Дамдин 1939 онд Улаанбаатар хотноо Халтарын дунд хүү болон мэндэлсэн.1947-1957 онд нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургууль,1957-1962 онуудад ЗХУ-ын Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцан төгссөн Монголын анхны мэргэжлийн кино операторуудын нэг байлаа.Ч.Лодойдамбын зохиол  “Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны зураглаачаар дипломын ажлаа хамгаалж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр 1962 оноос Монгол кино үйлдвэрт ажиллаж “Ховдгийн гай” , “Нөмрөг хадны цуурай”, “Төгсгөл”, “Далайд дусал нэмэр” зураг уран сайхны, “Вандуй”, “Сарлаг”, “Дуу нэгтэн”, “Оросууд дайныг хүсээ гэж үү”, “Эх орны манаа”, “Хүчтэний өрсөлдөөн”, “Монголын уянга” зэрэг олон баримтат киноны зураглаачаар ажиллажээ.Улмаар найруулагчийн ажилд эрдэм чадлаа сорьж “Улаан дарцаг”,“Мартагдашгүй намар”, “Газрын үнэр”, “Эргэж бодох бодол”,“Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” зэрэг Монголын үзэгч түмний сэтгэл зүрхэнд шингэсэн олон арван бүтээл туурвисны дотор Дамдин найруулагчийн өөрөө зохиолыг нь бичиж найруулсан “Нэг ангийн хоёр”, “Зуслангийн найзууд”, “Амьдралын нахиа”, “Загийн алим” зэрэг кинонууд онцгой байр суурь эзэлнэ.

Бүтээлийнхээ ихэнхийг хүүхэд залууст зориулдаг байсныхаа хувьд ч тэдний ертөнцийг хамгийн ихээр мэдэрдэг байлаа.”Нэг ангийн хоёр” киногоороо хүүхдийн хүсэл мөрөөдөл ирээдүйг нь хэрхэн залж буй тухай өгүүлсэн бол “Мартагдашгүй намар”-т ажил амьдралын амтыг өгүүлж, “Амьдралын нахиа” кино нийгмийн хурц асуудлыг хөндөн тавьснаараа одоо ч үзэгчдийн дунд эрэлт ихтэй бүтээл байсаар байна.

Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар  Монголын киночдын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж,кино урлагийн “Харцага”,Радио ТВ-ийн дээд сургуулиудад багшлан Монголын мэргэжлийн найруулагч,зураглаачдыг бэлтгэсэн гаргах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,Засгийн газрын хүндэт жуух бичиг,Ардын хувьсгалын түүхт ойн медалиуд,салбарын тэргүүний ажилтан зэрэг цол тэмдэгээр шагнаж байсан юм.

Талийгаачийн цаглашгүй их авьяас, кино урлагаа гэсэн чинхүү их сэтгэл зүтгэл,уйгагүй хөдөлмөр, оюунлаг, гэгээлэг, бүтээлч эрч хүч оргилсон тэмүүлэл нь үр хүүхэд,шавь,уран бүтээлч анд нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Боловсрол,соёл,шинжлэх ухааны яам,

Монголын Үндэсний кино урлагийн академи

Монголын киночдын зөвлөл

СУИС-ийн Радио телевизийн сургууль

"Зохиомж" дээд сургууль

Хань,үр хүүхэд,шавь нар,хамтран зүтгэгсэд нь