Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа: Бүжиг хүнийг тэсвэр хатуу

ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа: Бүжиг хүнийг тэсвэр хатуужилд сургадаг

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны Яргуйн дүрээр олонд танигдсан уран бүтээлч ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин Мягмарын Бямбааг энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урилаа. Магад зарим нь түүнийг өсч яваа чадварлаг жүжигчнийх нь хувьд илүүтэй мэдэж болох. Энэ жил ҮДБЭЧ-ын түүхэн 65 жилийн ой тохиож байгаа төдийгүй чуулгын зүгээс үзэгчдийнхээ мэлмийг баясгаж, оюуныг тэтгэх олон бэлгүүдийг хүргэхээр бэлтгэж буй. Энд нэгэн бэлгээс задлахад, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Гоо марал” шагналт “Монголын их хатад” бүжгэн туульс ойн хүрээнд тайзнаа дахин тавигдах нь ээ. Тус чуулгын гоцлол бүжигчин М.Бямбаа Монголын 9 их хатдын тухай өгүүлэх бүжгэн туульсын Сорхагтани хатны дүрийг бүтээж буй.

TV ZONE: САЙН БАЙНА УУ? САЙХАН НАМАРЖИЖ БАЙНА УУ?

М.БЯМБАА : Сайн, сайн байна уу? Сайхан намаржиж байна. TV ZONE сэтгүүлийн уншигчдын мөн амар мэндийг эрье.

TV ZONE: ЮУНЫ ӨМНӨ, "МОНГОЛ ТУУРГАТАН" ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН НААДМААС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРСЭНД ТАНД БОЛОН ХАМТ ОЛОНД НЬ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

М.БЯМБАА: Маш их баярлалаа. Өнгөрсөн сарын 23-28-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотноо зохион байгуулагдсан “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадамд Төрийн шагналт, Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит ҮДБЭЧ-ын уран бүтээлчид оролцож, эх орондоо ирлээ. Тус наадамд бид Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэлт “Монгол угсаатны уламжлал”, МУГЖ, бүжиг дэглээч А.Даваахүүгийн дэглэлт “Салхит шувуун”, СТА, бүжиг дэглээч Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” гэсэн гурван үндэсний бүжгээрээ оролцож, монгол бүжгийнхээ гайхамшгийг үзүүлээд ирлээ. ӨМӨЗО-ны Хөх хотын “Үндэсний нэгдүгээр чуулга” болон Халимаг, Тува, Буриад зэрэг Монгол туургатан улсуудын бүжгийн хамтлагууд есөн номинациар авьяас чадвараараа уралдаснаас бид зургаан алтан цомын эзэн болж, ганзага дүүрэн эргэн ирээд байна.

TV ZONE: ҮНДЭСТЭН БҮХЭН ӨӨР ӨӨРИЙН ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭСЭН ҮНДЭСНИЙ БҮЖИГТЭЙ. ТЭР ДУНДААС МАНАЙ ҮНДЭСНИЙ БҮЖИГ ЯЛГАРЧ ХАРАГДСАН УЧРААС ЭНЭ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖ ЧАДСАН БАЙХ?

М.БЯМБАА : Манай үндэсний бүжгүүд бүгд хөдөлгөөний арвин их баялагтай. Бий биелгээ бол монголчуудын соёлын биет бус өв бөгөөд нүүдэлчин бидний ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан язгуур бүжиг юм. Таны хэлсэнчлэн үндэстэн бүхэнд өөрийн улсын ёс заншлыг илтгэсэн бүжиг бий. Тэдгээрээс манай бүжгийн онцлог, хөдөлгөөний баялаг, сүр хүчтэйгээр эгшиглэх хөгжмийн зохиол, иж бүрэн хувцас хэрэглэл зэрэг нь бусад үндэстнүүдээс тод ялгарч, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байлаа. Энэ бүхэн бүгд цогцолж чадсанаар бид 9 цомын 6-г нь эх орондоо авчирч чадсан байх гэж бодож байна.

TV ZONE: ҮДБЭЧ-ЫН ТҮҮХТ 65 ЖИЛИЙН ОЙ ИРЭХ XII САРД ТОХИОХ ГЭЖ БАЙНА. ОЙН ХҮРЭЭНД “МОНГОЛЫН ИХ ХАТАД” БҮЖГИЙН ТУУЛЬС АХИН ТАЙЗНАА ТАВИГДАХ ГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.

М.БЯМБАА : Тиймээ, бид ойгоо угтсан олон ажил эхлүүлээд бэлтгэлдээ хэдийн орчихсон явна. Ойгоо угтаж бид “Монголын их хатад” бүжгийн туульс, Төрийн их найрал хөгжмийн тоглолт болон “Оройн дээд” дуулалт жүжиг гэсэн гурвалсан уран бүтээлийг тайзнаа тавихаар бэлдэж байна. “Монголын их хатад” бүжгийн туульсын хувьд анх 2013 онд тайзнаа тавигдсанаас хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн бүжгэн жүжиг болжээ. Энэ бүжгэн туульс нь Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоомарал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн хэлээр илэрхийлсэн уран бүтээл юм. Миний хувьд, Сорхагтани хатны дүрийг бүтээн бүжиглэж байна.

TV ZONE: ҮДБЭЧ ХЭМЭЭХ ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, ШАЛГУУР ӨНДӨР ЭНЭ ТОМ АЙЛД ХЭРХЭН ХӨЛ ТАВЬЖ БАЙСАН ТҮҮХ СОНИН БАЙНА?

М.БЯМБАА : Бүжигчин мэргэжил бол миний багын мөрөөдөл. Би мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно. Жаахан охин байхын л бүжиглэх чин зүрхнээсээ дуртай, бүжиггүйгээр өөрийгөө төсөөлөхөд ч бэрх мэт бүжгэнд дурласан байсан учраас ХБК-д орох зам руу хөтөлсөн юм. ҮДБЭЧ бол бүжигчин хэн бүхний хүслэн болсон шалгуур, босго өндөртэй газар. Миний хувьд ч ялгаагүй. ХБК-ийг төгсөх жил чуулгад 2, 3 мэргэжлийн бүжигчин элсүүлэхээр чуулгын удирдлагууд ирж, шалгалт авснаар би тэнцэж, энэ том айлын босгыг давах аз тохиож байлаа. Мөн сурагч байхдаа чуулгадаа дадлагаар ажиллаж, өөрийнхөө чадварыг харуулсан байсан минь ч үүнд нөлөөлсөн байх. Чуулгынхаа нэгэн эд эс болоод өдөр бүр шинийг сурч мэдэн, өөрийгөө боловсруулсаар л явна даа.

TV ZONE: МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН. БҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН НЬ БОЛООД ЯВЖ БУЙ ЧИНИЙ ХУВЬД ЭНЭ МЭРГЭЖЛИЙН САЙХНЫГ ЮУНААС ИЛҮҮ ИХ МЭДЭРДЭГ ВЭ?

М.БЯМБАА : Амьдрал баялаг шүү дээ. Уйлах өдөр байхад инээх өдөр бас бий. Жаргал, зовлон ээлжлэн ирдэг өдрүүдийг би энэ мэргэжилдээ дурласан сэтгэлээр даван туулдаг. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ ирээд бүжгийнхээ зааланд хөлсөө гартал  бэлтгэлээ хийхэд сэтгэл санаа өөрийн эрхгүй тайван амгалан болж, стресс үгүй болж, улам их эрч хүчээр цэнэглэгддэг. Сэтгэл зовоож байсан асуудал бүхэн ажил дээр ирээд замхардаг. Бүжигчин хүн бүр үүнийг мэдэрдэг байх. Тиймээс бүжгээ бүжиглээд ирэхээр сэтгэл санаа амар амгалан болдог учраас энд бүжигчин мэргэжлийн сайхан оршдог юм болов уу даа. Мөн томоохон хэмжээний тоглолт тайзнаа тавихын тулд олон сар бэлтгэл сургуулилт хийнэ. Энэ их хөдөлмөрийн дараа тайзнаа уран бүтээлээ хүссэн хэмжээндээ хүргэн тоглоод үзэгчдийн алга ташилтыг сонсох тэр мөчид үнэхээр их огшиж, бүр нулимс унагаадаг. Энэ бол уран бүтээлч бүрийн жаргал байх. Үзэгчдийн алга ташилтыг сонсоод зогсож байхдаа би энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж баярладаг.

TV ZONE: ХҮССЭН ХҮН БҮХЭН БҮЖИГЧИН БОЛЧИХДОГГҮЙ. АВЬЯАСААС ГАДНА УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙХ.

М.БЯМБАА : Тэгэлгүй яахав. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Ямар ч сунгалтгүй байсан биеийг сунгалт сайтай болгохын тулд маш их өвдөлтийг даан давах хэрэгтэй болдог. Үүнээс эхлээд л тэсвэр тэвчээр шаардсан зүйл олонтаа. Тиймдээ ч манай бүжигчид энэ бүхнийг тэвчиж даван гарсан байдаг учраас сэтгэлийн их хаттай, аливаад амархан нугарахгүй хатуужилтай, тэвчээртэй болж төлөвшдөг нь олон зүйлээс харагддаг.

TV ZONE: TV ZONE: “ХУВЬСАЛ” ПРОДАКШНЫ БҮТЭЭЛ “ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ” УРАН САЙХНЫ КИНОНЫ ЯРГУЙН ДҮРИЙГ АНХНЫ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ ГЭХЭД ТУН АМЖИЛТТАЙ БҮТЭЭСЭН ШҮҮ ДЭЭ. ҮҮНЭЭС ХОЙШ КИНОНЫ САНАЛУУД ХЭР ИРЭВ?

М.БЯМБАА : Энэ ховорхон боломжийг олгосон “Хувьсал” продакшны хамт олонд үргэлж талархаж явдаг. Тэднээсээ маш их зүйлийг сурч мэдсэн. Энэхүү уран бүтээлээс хойш цөөнгүй киноны саналууд ирсэн шүү. Эдгээрээс сонгон, одоо “GO” студийн бүтээл “Шуугиан таригч” инээдмийн уран сайхны кинонд нэгэн гол дүрийг бүтээж байна. Нууц задлахад, энэ кинонд би сэтгүүлч эмэгтэйн дүрд тоглож байгаа. Өөрийгөө арай өөр талаас нь эвдэж харуулсан уран бүтээл болох болов уу. Киноны явц одоогоор зураг авалтын шатандаа явж байна. Энд зургаа авхуулж, ярилцлагаа өгчихөөд зураг авалт руугаа гүйнэ дээ.

TV ZONE: ТЭГВЭЛ УДАХГҮЙ НЭГЭН ӨӨР БЯМБААГ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛЭЭС ХАРАХ НЬ ЭЭ. БҮЖИГЧИН ХҮН ЖҮЖИГЧИН БОЛОХОД ХЭР ИХ ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙНА?

М.БЯМБАА : “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг манай хамт олон 2013 онд тайзнаа тавьсан байдаг. Энэхүү уран бүтээлд би Цуутын цагаагч гүүний дүрд тоглосон бөгөөд энэ үед театрын жүжигчид шиг л хэлэх үгтэй, нэг ёсондоо тайзан дээр жинхэнэ утгаараа жүжиглэсэн гэхэд болно. Хэлэх үгийг бүжгийн хөдөлгөөнөөрөө илэрхийлдэг миний хувьд үг хэлэх тексттэй уран бүтээл эхэндээ хэцүү санагдаж байсан ч, шантралгүй өөрийгөө дайчилж, бусад мэргэжлийн уран бүтээлчдийн тус дэмжлэгээр олон зүйлийг сурч байгаа учраас хүндрэл гарах нь бага байна. Ер нь, идэр залуу насандаа ганцхан бүжиглээд зогсохгүй өөрийгөө олон талаар сорьж, үүгээр өөрийгөө хөгжүүлэх юмсан гэж хүсдэг. Бүжигчин бол залуу насны мэргэжил. Нас ахихын хэрээр хүссэн, хүсээгүй тайз бид нарыг голоод л ирнэ шүү дээ.

TV ZONE: БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, СОНИРХОЛТОЙ ЯРИА ӨРНҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА. ЦААШДЫНХ НЬ УРАН БҮТЭЭЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

М.БЯМБАА : Маш их баярлалаа. ҮДБЭЧ-ын маань ойн хүрээнд тайзнаа тавьж буй уран бүтээлүүдийг уншигч та бүхэн ирж үзэхийг урьж байна.

Ярилцсан: Б.Баяржаргал

Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш