Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гоо танил: Мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг

Гоо танил: Мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг

Олон нийтэд олон талаараа үлгэр дууриал үзүүлж яваа авьяастай, хөдөлмөрч, зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч сайхан бүсгүйчүүд манайд цөөнгүй. Царайлаг хүүхнүүд хоосон толгойтой гэх яриа хэдийнээ улиг болж, энэ цагт уг яриа харин ч эсрэгээрээ болсон нь олон чадварлаг эмэгтэйчүүдээс тодхон харагдана. Тэдний нэгэн төлөөлөл болсон Монголын нэгэн сайхан бүсгүй бол мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг. “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан тэрээр ирэх сарын 18-нд Австри улсын нийслэл Вена хотод болох “Miss Earth” тэмцээнд оролцохоор бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.

Маркетингийн чиглэлээр төгссөн бүсгүй маань хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн загварын салбарт орж, өдгөө “Торго” салоны загвар өмсөгчөөр ажилладаг тэрээр мөн л хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр кино урлагт хөл тавьжээ. Тэрээр одоо АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло”-д туслах дүр бүтээн, Малайз улсад зураг авалттай яваа. Тэгвэл энэ удаагийн “Гоо танил” буландаа олон авьяасын эзэн А.Баярцэцэгийн гоо сайхны ертөнцийг танилцуулж байна.

ХООЛЛОЛТ ЭРҮҮЛ БАЙХ ҮНДЭС

Орой хүнд хоол, мөн ядарсан үедээ их идэхээс эхлээд илүүдэл жин үүсэх олон шалтгаан бий. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан загвар өмсөгчдийн хувьд байнгын жингээ барих шаардлагатай байдаг. Тэгвэл А.Баярцэцэгийн хувьд жин нэмэх гээд ирвэл эхлээд идэж буй хоол хүнсэндээ анхаарч, үүний дараа илүү хөдөлгөөнтэй байхыг чухалчилдаг гэлээ. Хоол хүнсэндээ анхаарах гэдэг нь аль болох шарсан, хуурсан хоолноос татгалзаж, ногоо ихтэй жигнэж болгосон хоол идэхийг хэлж буй.

“Бидний идэж буй хоол хүнс эрүүл мэндтэй маань шууд холбоотой. Тиймээс эрүүл байхын тулд идэж буй хоол хүнсэндээ анхаарч, аль болох эрүүл хооллож хөнгөн шингэн байж чадна.”

А.Баярцэцэг цаг агаарын эрс тэс ялгаатай олон орнуудаар кино зураг авалттай явдаг учраас дулаан чийгшил ихтэй газар аль болох далайн гаралтай бүтээгдэхүүн, харин Монголдоо ирээд шингэц сайтай гэдэг үүднээс шөлтэй хоолоо түлхүү иддэг байна. Ус бол бие эрүүл байх эх үндэс учраас өдөрт багадаа л 2 литр ус уудаг бөгөөд элдэв гаазтай, хийжүүлсэн ундаанаас бүр татгалзжээ.

ӨГЛӨӨ : Өглөө сайн идэхийг чухалчилдаг түүний өглөөний цай жүржийн шүүс, ногоон цай уухаас эхэлдэг. Мөн хүйтэн сүүтэй овъёос, жимсний чанамалтай талх өглөөдөө иддэг. Өглөө сайн идчихээр орой нэг их хоол хүсээд байдаггүй.

ӨДӨР : Өдрийн хоолондоо махан хоол иддэг. Мах нь уургаар баялаг учир эрч хүчээ сайн сэлбэхийн тулд шөл болон ногооны салат иддэг. Аль болох тахиа болон загасны шөл уухыг илүүд үздэг тэрээр хооллосны дараа заавал кофе уудаг заншилтай.

ОРОЙ: Жимс, тараг, ногооны зууш зэрэг хөнгөн хооллодог. Орой хийж идэх дуртай нэгэн ногооны салатныхаа жорыг энд санал болгож байна.

ЯНШУЙ, ХУШГАНЫ САЛАТ

Орц : Яншуй, хушга, туна, вандуй, салатны байцаа, сонгино, цагаан цуу, оливын тос.

Хийх арга : Орцуудаа бүгдийг нь угааж цэвэрлэсний дараа яншуй, салатны байцаа, сонгино зэргээ хэрчиж бэлтгэнэ. Үүн дээрээ жижиглэсэн хушга, цагаан загас болон вандуй зэргээ хийгээд бага зэрэг давс, хар перец, цагаан цуу, оливын тос хийн хооронд нь холино. Үүнийгээ 3-5 минут амраасны дараа иднэ.

ВОЛЕЙБОЛООР 4 ЖИЛ ХИЧЭЭЛЛЭСЭН

Арван жилдээ байхдаа тэрээр волейболын спортоор 4 жил тасралтгүй хичээллэсэн нь А.Баярцэцэгийн бие бялдарт маш их эерэг өөрчлөлтийг авчирчээ. Энэхүү спортоор хичээллэх нь биеийг өв тэгш хөгжүүлэхээс гадна өндөр болгодог гэдгийг тэрээр өөрийн биеэр мэдэрсэн гэлээ. Одоо ажлын ачааллаас болоод волейболоор төдийлөн хичээллэж амжихгүй байгаа ч долоо хоногтоо хоёр удаа жимээр тогтмол хичээллэж, идэхтэй хөдөлгөөнтэй амьдрахыг эрхэмлэдэг байна.

Үүнээс гадна, А.Баярцэцэг “ Marco Polo ” кинонд бэлэвсэн монгол эмэгтэйн туслах дүрд тоглож байгаа бөгөөд энэхүү кинонд орлон тоглогчдын баг гэж бий гэнэ. Энэхүү баг нь тулааны хүнд хэсгүүдийг хийж гүйцэтгэдэг бөгөөд уг багт орж тулааны бэлтгэлийг сонирхлоороо хийж байгаа нь түүнд дасгал хөдөлгөөн болдог ажээ. Мөн тэрээр балет, бясалгалаар хичээллэж байсан төдийгүй бясалгал нь оюун санааг амрааж, биед амар амгаланг авчирдаг учраас илүү их таалагдаж, өдгөө бясалгалыг өөрийнхөө амьдралын нэгэн хэсэг болгожээ.

БИ ХОЛИМОГ АРЬСТАЙ

Тайзны будагнаас илүүтэй киноны нүүр хувиргалт, биеийн будагнууд нь маш их алкогольны агууламж өндөртэй байдаг аж. Энэ нь арьсыг маш их хатаадаг, чийгшилгүй болгож, батга үүсгэж, цочрол өгдөг учраас энгийн үедээ тэрээр аль болох арьсаа амраахыг, өөрөөр нь амьсгалуулахыг эрхэмлэдэг гэлээ. Арьс цэвэрхэн байхад элдэв будагнаас татгалзаж, уруулаа өнгөлж, сормуусаа л буддаг А.Баярцэцэг долоо хоногтоо нэг удаа чийгшүүлэгч маск тавьдаг. Түүний арьс хуурайшаад ирвэл чийгшүүлэгч тос, эссэнз, тоник зэргээ дарааллынх нь дагуу тавьж, арьсандаа маш их чийгшил өгдөг. Хэрвээ арьсан дээр нь батга гарвал нимбэгийн шүүсээр арчдаг ба энэ нь амархан хатааж өгдөг хэмээн нууц жороосоо хуваалцлаа.