Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гэр бүлийн үнэ цэнэ: Монголын Үндэсний циркийн “Есөн өрлөг”

Гэр бүлийн үнэ цэнэ: Монголын Үндэсний циркийн “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч Б.Золбаяр

“Хамт байхдаа гэр бүлийн үнэ цэнийг илүү мэдэрдэг”

Монголын циркийн мандан бадарч байсан ид оргил үе 1980-аад онд цэнхэр дээвэрт дугуй цирк маань өдөр бүр тоглолттой, үзүүлэх олон сонирхолтой үзүүлбэрүүдтэй ёстой л хүүхэд, багачуудын инээд цалгисан их хөлийн газар байсан гэдэг. Циркийн урлаг энэ үед л жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж, монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж явсан түүхтэй. Өнөөдрийн циркийн урлагийн хөгжил хаана яваа бол гэвэл ихэнх маань тааруухан яваа даа хэмээн хуучин үеэ санагалзан санаа алдан хариулах биз ээ. Тэгвэл энэ удаагийн “Гэр бүлийн үнэ цэнэ” буландаа хүүхэд ахуй наснаасаа циркт дурлаж, хүчин зүтгэсээр ирсэн төдийгүй амьдралаа зориулсан, эндээс заяаны ханьтайгаа учирсан нэгэн сайхан гэр бүлийг урилаа. Энэ бол Монголын Үндэсний Циркийн дэргэдэх “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч Б.Золбаярын халуун ам бүл юм. Зах зээл гарснаас хойш циркийн тоглолтууд тэр бүр тоглохгүй байгаа энэ цаг үед манай циркийн уран бүтээлчид монгол циркийнхээ гайхамшгийг тив дэлхийд сурталчлан эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна.

Зочин гэр бүлийн өрхийн тэргүүн Б.Золбаярын байгуулсан “Есөн өрлөг” хамтлаг хилийн чанадад “TROUPE ZOLA” нэрээрээ алдар цуутай. Ингээд монголын циркийн урлагийг дэлхийд таниулсаар яваа бахархам их үйлсийн эзэн Б.Золбаярын халуун ам бүлийг танилцуулъя.

1992 онд Монголын циркийн сургуулийн түүхэнд туршилтын 8 жилийн сургалтыг анх удаа эхлүүлжээ. Б.Золбаяр багадаа гэрийнхээ хашаан дээгүүр л гүйж явдаг хөнгөн шингэн хүүхэд байсныг нагац эгч нь анзаарч, 10 настайд нь энэхүү шалгаруулалтад хөтөлж очин, шалгуулжээ. Тухайн үед 1500 гаруй хүүхэд шалгуулахаар ирснээс 25 хүүхэд тэнцсэний нэг нь Б.Золбаяр. “Тухайн үед хөшингө, чанга хатуу биетэй байсан намайг тэнцүүлснийг бодвол ирээдүйтэй л хүүхэд байна гэж харсан юм байлгүй” хэмээн ярих зочин маань ХБК-ийн дэргэдэх Циркийн сургуулийг 2000 онд Циркийн жүжигчин мэргэжлээр төгсчээ. Энэ үед багш нар нь түүний биеийн онцлог, арга барилыг нь ажиглаж, 1995 онд агаарын гимнастикийн төрөлд хуваарилсанаар, түүний мэргэшил тодорхой болжээ.

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР ДУРЛАЛ, ГЭР БҮЛ

“Хөгжим бүжгийнхэнд хүүхэд нас гэж байдаггүй” гэж ярихыг олонтаа сонссон. Циркийнхэн ч мөн адил.  Учир нь тоглож наадах цагаа циркийн манежнаа бэлтгэл сургуулилт хийж өнгөрөөдөг. Харин эндээс биенээ хайрласан, ханилсан хосууд байдаг. Б.Золбаяр, Ц.Солонго нар ч багаасаа нэгнийгээ мэддэг, нэг дор бэлтгэлээ хийдэг байсан нь гэр бүлийн хоёр ижилдэн дасах үндэс болжээ. Хүүхэд насны нөхөрлөл нь 2005 оноос хайр дурлал болон хувирч, үүнээс хойш хамтын амьдралаа зохион, өдгөө өөрсдийгөө өвч дуурайсан хоёр хөөрхөн үрийн аав, ээж болжээ.

Бэлтгэл сургуулилт гээд хаа ч явсан цугтаа хосууд монгол циркийн гайхамшгийг олон улсад таниулан сурталчилахаар мөн л хамтдаа хилийн чанадыг зорино. Уран бүтээл гэж явсаар охиноо 4 настай, хүүгээ хэвлийдээ бойжиж байх үед 2013 онд гал голомтоо бадраах хуримаа хийжээ.

Бидний бас нэгэн зочин гэргий Ц.Солонго анх 12 настайгаас эхлэн уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Монголын уран нугаралт бусдаас онцлог давуу тал олон төдийгүй үүнийг олон улсад таниулан яваа чадварлаг уран нугараачдын нэг. Тэрээр өдгөө “Есөн өрлөг” хамтлагийн гишүүн бөгөөд ханьтайгаа хамт хилийн дээс алхаж, олон улсад Монголын циркийн гайхамшгийг сурталчилсаар буй. Ингэхдээ Б.Золбаяр акробат, шидэх банзны төрлөөр, Ц.Солонго агаарын алчуурны номер буюу уран нугаралтын үзүүлбэрээ толилуулж байгаа ажээ.

Энэ гэр бүлийн хамгийн үнэт эрдэнүүд бол З.Амин-Эрдэнэ, З.Очир-Эрдэнэ хэмээх охин, хүү хоёр. Аав ээж нь хаана явна тэд бас хамтдаа дэлхийг тойрон аялна. Цаг үргэлж аав, ээжийнхээ бэлтгэл сургуулилтыг харж, циркийн урлагийн сайхныг дэргэдээс харж байгаа охин нь “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр нугарч эхэлсэн гэнэ.

“Монголын циркийн урлаг дэлхийд үргэлж тавдугаарт бичигддэг...”

Монголын циркийн урлагийг дэлхийд харуулж байгаа “Есөн өрлөг” хамтлагийн үзүүлсэн амжилт арвин. Амжилт ололтоос нь дурдвал 2010 онд БНХАУ-ын Үхань мужид зохион байгуулагддаг дэлхийн А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом, 2012 онд Испанид болсон дэлхийн циркчдийн тэмцээнээс Монголын циркийн түүхэн дэх акробатын төрлөөр анхны алтан цом болон энэ онд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотод зохион байгуулагдсан “ВУЧИАО” дэлхийн А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом авч, Монголын циркийн түүхнээ анхны хошой мөнгөн цомтой хамтлаг болжээ. Энэ бол амжилтын нэгээхэн хэсэг... “Есөн өрлөг” хамтлаг циркийн урлагийн Монголын болоод дэлхийн олон дээд амжилтыг эвджээ. Шидэх банзны төрөлд тус хамтлагийн гишүүн Б.Үржиндулам зургаан давхар хүн дээр анх удаа дан эргэлт хийж гарсан бөгөөд анх удаа агаарт гурван удаа эргэлт хийсэн нь дэлхийн циркийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн хамтлагийн гишүүн Л.Тэлмэн монголын циркийнхээ рекордуудыг олон удаа шинэчилж тогтоожээ.

“Вучиао”-гийн тэмцээний дараа үзэгчид, шүүгчид ийм гайхалтай үзүүлбэрийг яаж гүйцэтгэж чадаж байнаа гэж магтаж байсан. Өдөр болгон 2-3 телевиз ирж ярилцлага авч байлаа. Бүр бэлтгэл хийж байхад хүртэл монголын циркчид ингэж бэлтгэл хийдэг гэж харуулсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэж байгаа. Ер нь, Хятадын сонин, сайтууд нэг хэсэгтээ л манай уран бүтээлчдээр амьсгалж байлаа шүү дээ. Алтан цом хүртсэн Оросын багаас ердөө хоёрхон онооны зөрүүтэй байсан. Тиймээс үзүүлбэр үзүүлж буй циркийн жүжигчдээс илүү тухайн үзүүлбэрийг найруулан тавьж буй найруулагч хамгийн чухал. Сүүлийн А зэрэглэлийн тэмцээнд бидний номерын ая болон тавилтыг нь найруулсан хүн бол “X Rose” продакшны багш, найруулагч н.Буд, ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч, МУГЖ А.Даваахүү, мөн циркийн арын албаныхан зэрэг маш олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бид өдий зэрэгтээ яваа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.”

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ

Өрхийн тэргүүн Б.ЗОЛБАЯР : Гэр бүлийн үнэ цэнэд нандин цагаан итгэлцэл хамгийн чухал байр суурийг эзэлнэ гэж боддог. Циркийн урлаг уран бүтээлчид биднээс маш их тэсвэр хатуужлыг шаарддаг, басхүү багийн ахлагчийн хувьд уран бүтээлчдээ удирдан чиглүүлэхийн тулд чанга хатуу байх шаардлагатай. Харин хүүхэд гэдэг хатууг зөөлрүүлж, хүнийг илүү уян болгож өгдөг юм шиг. Өмнө нь бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа барагтаа л хардаггүй байсан бол хүүхдүүдээ төрсний дараа гэр рүүгээ л яарч тэмүүлдэг болдог юм байна. Тиймээс үр хүүхэд бол гэр бүлийн хамгийн нандин үнэ цэнэ юм. Эхнэр минь үргэлж намайг зоригжуулж, урам хайрладагт би баярладаг. Тиймээс эхнэртэйгээ үргэлж хамтдаа байх энэ мэргэжлийг сонгосондоо баярладаг.

Гэргий Ц.СОЛОНГО : Миний хувьд бие биендээ итгэх итгэлээс гадна хүндлэл гэр бүлийн үнэ цэнэ хийгээд урт удаан оршин тогтнох гол үндэс гэж боддог. Мэдээж бидний үргэлжлэл болсон үр хүүхэд гэр бүлийн минь чухал нэгэн үнэ цэнэ юм шүү дээ.

Бидний урилгыг хүлээн авч, гэр бүлийнхээ халуун дулаан орчинд элэгсгээр угтан авч, дурсамжтай сайхан яриа дэлгэсэн Б.Золбаярын халуун ам бүлд талархсанаа илэрхийлье. Мөн гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгүүлч Б.Баяржаргал

Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш