Сэтгүүлч Н.Нандинцэцэг: “Нандин” ном хүн хүндээ л нандин
“Сэтгүүлч Н.Нандинцэцэг “Нандин” хэмээх ном бичжээ. Сургуулиа төгсөж сэтгүүлчийн гараагаа МҮОНТ-ээс эхлэн нэвтрүүлэгт хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байгаад NTV телевизэд орж “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан тэрээр эргэн МҮОНТ-д орж продюсер, сэтгүүлчээр ажиллаж байгаа билээ. Өөрийн нэртэй нэвтрүүлгээ бэлтгэн гаргасан таван жилийн хугацаанд улс төр, урлаг соёл, тамирчид, эрдэмтэд болоод эгэл жирийн 800 гаруй хүнтэй ярилцаж, 200 гаруй дугаарыг үзэгчдэд хүргэсэн аж.
Түүний эл номонд “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцож байсан зочидтой хийсэн ярилцлагын түүвэр 19 ярилцлага байгаагаас гадна сэтгүүл зүй хэмээх ертөнцөд хөл тавьсан 15 жилийнхээ түүхийг өгүүлэх ажээ. Хүн хүндээ нандин “Нандин” ном телевизийн ярилцлагыг зурагт ном хэлбэрт буулгасан анхны бүтээл хэмээх тодотголоороо онцлог болсон гэнэ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа " Өглөөний мэнд. Гэр дүүрэн цэцэг, бэлэг. Өчигдөр номын хуримд минь 100 гаруй хүн ирлээ. Намайг хайрладаг, намайг хүндэлдэг ийм олон найз нөхөд, ах дүүстэй би азтай хүн. Баярлалаа " хэмээн нийтэлжээ.
