Хип хопчдын анхдугаар уралдаан болно
Хип хоп бол залуусын хөгжмийн урсгал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Тэгвэл хэмнэлт аянд хэлхэж холбосон шүлгийг үглэн дуулах энэхүү урсгалд үнэнч залуусыг “BACKSTAGE” уралдаанд урин дуудаж байна. Энэ бол “UBS MUSIC” хөгжмийн суваг, “BACKYARD” LABEL студийн хамтын санаачилгаар хип хоп урсгалын дуу хөгжмийг сонсогч, сонирхогч залуусын дунд дөрвөн үе шаттай зохиогдох анхдугаар уралдаан юм. Тэмцээнд хип хоп урсгалаар дуулах дуртай, өөрийгөө сорих хүсэлтэй 16-аас дээш насны хүн бүр оролцох эрхтэй. Оролцогчид эхний шатандаа зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн DJ BEAT аянд RHYMEBOOK дэвтрээсээ өөрийн зохиосон шүлгээр реп хийх бол 2-р шатанд мэргэжлийн дуу бичлэгийн студид үглэж, ур чадвараа харуулах нь ээ.
Уралдааны III шатанд нийт 20 оролцогчийг шалгаруулж, хоёр хоёроор нь чөлөөт стилийн BATTLE тэмцээн зохион байгуулах гэнэ. Харин сүүлийн шатанд шалгарсан 10 оролцогчоос шилдэг нэгийг шалгаруулах тоглолт зохион байгуулах бөгөөд оролцогчид тоглолтонд өөрийн зохиосон дуугаараа шилдгийн төлөө өрсөлдөх нь ээ. Улмаар шүүгчдийн нэгдсэн дүнгээр тэмцээний цорын ганц ялагчийг тодруулж, “BACKSTAGE” цом болон “BACKYARD” LABEL студийн шинэ уран бүтээлч болох гэрээ буюу цомгийн бичлэг, видео клип бүтээлгэх эрх, мөнгөн шагналыг тус тус гардуулахаар болжээ. “BACK STAGE” анхдугаар уралдааны шүүгчдээр, “BACKYARD” LABEL студийн продюсер, “click click boom” бүлгэмийн гишүүн, рэппер Десант болон реппер Ратабаз, Жакүүл нар ажиллах юм байна.
Тэмцээний бүртгэл “UBS” телевизийн байранд хэдийнээ эхэлчихсэн тул оролцохыг хүсвэл 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбараа бэлтгэн өөрийн биеэр ирж бүртгүүлээрэй, залуус аа.
